Ирэх намраас бүх ЕБС Pearson англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Pearson Еnglish англи хэлний сургалтын цогц хөтөлбөртэй танилцжээ. Манай улс энэ хөтөлбөрийг 2018 оноос хувийн дунд сургуулиудад нэвтрүүлж эхэлсэн. Энэ оноос нийслэл, 21 аймгийн ерөнхий боловсролын 38 сургууль дээр туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид:
- 2023 – 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 5-6 дугаар анги
- 2024 – 2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын бүх сургуулийн 3-4 дүгээр анги
- 2025 – 2026 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Тус хөтөлбөр нь дижитал платформ болон танхимын сургалтын хосолсон хэлбэрийг сургалтын арга барилд ашигладаг. Сургалтын агуулга нь олон улсын жишгийн дагуу боловсруулагдсан, багшийн хөгжил, заах аргазүйг хөгжүүлэх, нэмэгдүүлэхэд онцгой анхаарсан, сурагчийн сурлагын ахицыг үнэлэх боловсронгуй аргачлалтай гэдгээрээ онцлогтой юм байна.
Pearson Еnglish англи хэлний цогц сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнд манай улсын англи хэлний боловсрол олон улсын жишигт ойртох боломжтой. Олон улсын стандартад нийцсэн үндэсний агуулгатай сурах бичигтэй болох юм.
PEARSON нь 150 гаруй жилийн түүхтэй, дэлхий даяар 6500 гаруй сургуультай хамтран ажиллаж, мэргэшүүлэх хөтөлбөр, олон улсын дунд сургуулийн хөтөлбөр, англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг олон улсад амжилттай хэрэгжүүлж, жил бүр 3.4 сая суралцагсад төгсгөдөг Английн боловсролын тэргүүлэгч байгууллага юм.
Pearson нь Английн боловсролын хамгийн том байгууллага бөгөөд боловсролын салбарын бүхий л үйлчилгээ, бүтээгдэхүүнийг дэлхийн олон улсад санал болгодог. Тодруулбал,
- Олон улсын хөтөлбөр, үнэлгээний системийг 19.4 сая суралцагч,
- Мэргэжлийн боловсрол, ажиллах хүчний ур чадвараар жилдээ 1 сая суралцагч,
- Англи хэлний цогц хөтөлбөрт жилдээ 1.4 тэрбум суралцагч,
- Дээд боловсролын үйлчилгээг 18 сая оюутан,
- Виртуал сургалт болон дижитал платформыг 160 сая суралцагч тус, тус ашиглаж байгаа гэсэн статистик судалгаа гарчээ.
Тус хөтөлбөрийг энэ оны нэгдүгээр сараас тавдугаар сарыг дуустал 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлж, 29,300 хүүхэд хамрагдаж байна.
Pearson бол зөвхөн англи хэлний цогц сургалт биш. Энэ хөтөлбөрөөр дамжуулж суралцагч шүүмжит сэтгэлгээ, харилцаа хандлага, багаар ажиллах, хувь хүний зохион байгуулалт, манлайлал, нийгмийн хариуцлага гэх мэт хувь хүний хөгжлийн ур чадварт суралцаж, дэлхийн иргэн болж хөгжих бололцоотой.
Энэхүү хөтөлбөр нь багшийн болон сурагчийн хэрэглэгдэхүүн гэсэн хоёр хэсэгтэй. Өөрөөр хэлбэл, багш болон сурагчдад бүрэн интерактив ном, дасгал ажлын ном, гарын авлага, үнэлгээний систем, даалгаврын систем, сурах бичгийг санал болгодог юм байна.