Г.Түвдэндорж: Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг 100 мянган долларын босгыг байхгүй болгоно
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.
-Эдийн засаг, хөгжлийн яам байгуулагдаад хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Танай яамны голчлон анхаарч байгаа ажлын талаар ярилцлагаа эхэлье?
-Эдийн засгийн хөгжлийн яамны чиг үүрэг бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг тэлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж байна. Монгол Улсын урт, дунд болон богино хугацааны төлөвлөлтийг хийж, Хөгжлийн бодлогыг боловсруулан УИХ-аар батлуулж, түүний хэрэгжилтэд анхаарч ажиллана. Мөн гадаад худалдаа, бүс орон нутгийн хөгжил, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн бодлогын уялдааг хангаж ажиллахад чиглэж байна.
Манай улс байгалийн баялаг ихтэй, дэлхийн хамгийн том зах зээлтэй ойрхон гэдэг давуу далуу тал бий. Энэ давуу талаа бүрэн дүүрэн ашиглах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, худалдааны зөв систем нэвтрүүлэх шаардлага үүсч байна. Дэлхийн эдийн засаг уламжлалтаас шинэ эдийн засагт шилжиж байгаа. Шинэ гэдэг нь ногоон, дижитал эдийн засаг руу шилжиж, маш хурдтай хөгжиж байна. Монгол Улс ч энэ худалдааны том сүлжээнд нэгдэх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн биет зах зээлээс илүүтэйгээр цахимаар Монголынхоо өнцөг булан бүрээс дэхийн зах зээлийн систем рүү нэвтрэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Дижитал эдийн засаг хөгжиж байгаатай холбоотойгоор худалдаа наймааг зөвхөн дэлгүүрт хийхээ болилоо, гэрээсээ, гар утаснаасаа захиалдаг болсон. Төлбөр тооцооны хэрэгслүүд ч дижитал байдал руу шилжиж байна. Улсын худалдааны бодлого ч энэ чиглэлд, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах ёстой.
-Танай яам эдийн засаг сэргэж байгаа ч иргэдийн орлого буурч байна гэж мэдээлсэн. Тэгэхээр эдийн засгийн сэргэлтийг иргэдийн амьдралд хэрхэн ойртуулах вэ?
-2023 оны тавдугаар сарын 5-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хорио цээрийн ямар нэгэн арга хэмжээ авахгүй, энгийн хэвийн амьдралдаа шилжиж байгааг онцолсон. Үүнтэй холбоотойгоор дэлхийн худалдаа, харилцаа сэргэж байна. Нийлүүлэлтийн сүлжээнээс хамаарсан инфляцын нөлөө дэлхий дахинд буурч байна. Манай улсад инфляцын дарамт илүү их мэдрэгдсэн. Бид өмсөж зүүх, идэж уух хэрэглээнийхээ дийлэнхийг гаднаас авдаг. Үүнээс болж дэлхийн үнийн өсөлтийн савлагаа манай улсад хүчтэй мэдрэгдлээ. Өнгөрсөн онд манай улсын инфляц 16 хувьд, хамгийн оргил түвшинд хүрсэн. Харин энэ оны гуравдугаар сард 12, дөрөвдүгээр сард 11.3 хувь болж аажмаар буурч байна. Валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжиж байна. Үүнийг дагаж эдийн засаг сэргэж, бизнесийн үйл ажиллагаа сайжирч байна. Гэхдээ эдийн засаг сэргэсэн ч иргэдийн бодит орлого буурсан. Иргэдийн хадгаламж буурч, нөгөө талд цалин тэтгэвэр барьцаалсан хэрэглээний зээл өсч байна. Өөрөөр хэлбэл, иргэд хэрэглээгээ зээл, хадгаламжаараа нөхөж явж байгаа дүр зураг харагдаж байна. Өнгөрсөн хоёр жилд төгрөгийн ханш багагүй хэмжээгээр суларсан, инфляц өссөн ч цалин, тэтгэвэр нэмээгүй. Тиймээс цалин, тэтгэвэр нэмэх замаар иргэдийн орлогыг хамгаалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад манай яам ойрын үед гол анхаарлаа хандуулж байна.
-Цалин, тэтгэврийг ямар эх үүсвэрээр нэмье гэж тооцож байгаа вэ?
-Мэдээж иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх бодлогыг төсвөөрөө дамжуулан хийнэ. Өнгөрсөн гурван жилд эдийн засаг агшсан, мөнгөний ханш суларч, инфляц өссөн. Уг нь үүнтэй уялдаж ард иргэдийн гар дээрээ авч байгаа цалин, орлого нэмэгдэх учиртай. Гэтэл тэгж чадаагүй. Ер нь сүүлийн арван жил цалин, тэтгэвэр төдийлөн сайн нэмэгдсэнгүй. Дундаж цалинг ам.долларт шилжүүлэхэд иргэдийн гар дээрээ авч байгаа орлого улам л багасаж байна. Үүнийг дагаж худалдан авах чадвар буурах, ядууралд өртөх эрсдэл нэмэгдсэн. Тиймээс зайлшгүй цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай. Эдийн засаг тэлж, уул уурхайн салбарын давсан орлогоо эргээд иргэдийн орлогыг хамгаалахад зарцуулах хэрэгтэй. Нэн тэрүүнд инфляцтайгаа уялдуулан цалинг нэмэх асуудал яригдаж байна.
-Макро эдийн засгийн тогтвортой байдалд хувийн хэвшлийн оролцоо маш чухал. Гэхдээ төр хууль эрх зүйн зөв бодлогоор хангах гэхээсээ илүүтэй хувийн хэвшлийн ажлыг урдуур нь орж хийдэг, томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох боломжийг улс төрийн зорилгоор хаагаад байдаг шүү дээ. Танай яам хувийн хэвшлийг хэрхэн дэмжиж ажиллах юм бэ?
-Удахгүй манай яаман дээр Төр хувийн хэвшлийн түншлийн төв гэж байгуулна. Энэ төв дэд бүтцийн төслүүдийг цуглуулж ТЭЗҮ, судалгаануудыг хийнэ. Гол төслүүдээ тодорхойлж гаргаж ирээд хувийн хэвшлийнхэндээ, хөрөнгө оруулагчдад санал болгох ажлыг хийнэ.
Ер нь төр менежерийн үүргээ гүйцэтгэж бизнес хийх бодлого, дүрэм журам гаргах ёстой. Төрд өмч хөрөнгө байх шаардлагагүй. Төр өөрөө компани байгуулж хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхгүй байх зарчимдаа л тууштай байх ёстой. Сүүлчийн гучин жилд алдаа оноо олон гарсан. Гол нь чөлөөт зах зээлийг тууштай дэмжиж байж хувийн хэвшилд тулгуурласан эдийн засагтай болно. Өмнөх төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас үлдсэн зүйлүүд бий. Үүнээс бага багаар салах л ёстой. Манай яам бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог салбаруудын хуулийг нэг, нэгээр нь засах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, Банкны тухай хууль зэрэг 20 гаруй хуулийг засах шаардлагатай гэсэн судалгааг хийсэн.
Бизнесийн орчныг боомилж байгаа нэг жишээ дурдахад, Байгаль орчны үнэлгээний тухай хууль гэж бий. Энэ хуулийг дагасан хүнд суртал маш их. Уул уурхай, барилга, үйлчилгээ, аялал жуулчлал, зам тавих, байшин барих зэрэгт заавал байгаль орчны үнэлгээ хийдэг. Бизнесийн бүх харилцаан дээр урьдчилсан болон нарийвчилсан үнэлгээ хийдэг. Гэтэл энэ үнэлгээний ард гарч чадах гадаадын хөрөнгө оруулагч битгий хэл дотоодын хөрөнгө оруулагч ховор. Хуулийн процессын дагуу үнэлгээ хийлгэхэд хэд хоног шаардлагатай, хэчнээн шат дамжлага дамжиж, хэчнээн хүний гарын үсэг цуглуулж байна гээд аваад үзэхэд, 152 хоног шаардаж байгаа юм. Үндсэндээ хуулийн дагуу байгаль орчны үнэлгээ хийлгэхэд хагас жил шаардаж байна гэсэн үг. Маш олон гарын үсэг, бичиг баримт шаарддаг. Дээр нь, яг энэ асуудал дээр тухайн орон нутаг өөр, өөр шийдвэр гаргаж, хязгаарладаг. Аймаг нь шийдвэрээ гаргачихаад байхад сумын иргэдийн хурал нь өөр шийдвэр гаргадаг зэрэг олон саад тээг бий. Үүнийг засахын төлөө явах ёстой. Бүтээн байгуулалт эрчимждэг хагас жилийг зөвхөн үнэлгээ хийлгэх зарцуулаад байж болохгүй.
-Уг нь Зөвшөөрлийн тухай хуулиар бизнесийн хүндрэл бэрхшээл, хүнд суртлыг арилгана, зөвшөөрлүүд шуурхай олгодог болсон гэж мэдээллээд байгаа биш бил үү?
-Олон зөвшөөрлийг цөөлсөн нь үнэн. Гэхдээ хуулиараа бүх л бизнест байгаль орчны үнэлгээ хийх асуудал байдаг. Гэтэл энэ нь маш их цаг ордог, хүнд сурталтай ажил болсон байна. Салбар бүр дээрх үнэлгээний аргачлал нь ч буруу. Уул уурхай, барилгын салбарт байгаль орчны үнэлгээ хийх нь зүй ёсных. Гэхдээ дэлгүүр нээх гэж байгаа хүн, ААН-д уул уурхай, барилгын салбарынхантай яг ижилхэн шалгуураар үнэлгээ хийдэг. Аялал жуулчлал эрхлэх гэж байгаа бол мөн л адил шалгууртай байх жишээтэй. Дэлгүүр барих гэж байгаа хүн хоёр жил үнэлгээгээ хийлгэж чадахгүй явж байхад зарим уул уурхайн компаниуд хоёр сарын дотор үнэлгээгээ хийлгэсэн тохиолдол ч байна. Үүний цаана нөгөө л авлига, хүнд суртал яваад байна. Энэ бүх ойлгомжгүй харилцаа, хүнд суртлыг төр засах ёстой. Мөн зарим салбарт реформ хийх шаардлага үүсээд байгаа.
-Зарим гэдгээ тодруулбал?
-Нэн түрүүнд реформ хийх гурван салбар байна гэж харсан. Хөдөө аж ахуйн салбар бол цэвэр халамж, татаас өгдөг салбар болчихлоо. Бүх татвараас чөлөөлөгдөнө, хөнгөлөлттэй зээл авна, бүр шатахууныг нь хүртэл төр үнэгүй хангаж өгдөг боллоо. Эрчим хүч адилхан, өндөр алдагдалтай төрөөс байнга татаастай. Нийтийн тээврийн салбар мөн уналтад орсон. Нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 48 хувь л тасалбараар буюу 500 төгрөгөө төлөөд зорчдог хүмүүс. Гэтэл нийтийн тээврээр нэг хүнийг тээвэрлэж, нөгөө газарт хүргэх зах зээлийн бодит өртөг нь 1400 орчим төгрөг болсон байна. Өртгөөсөө хоёр дахин бага үнээр буюу 500 төгрөгөөр явна, ихэнх зорчигч хөнгөлөлт эдэлдгээс болж автобусаа ч, үйлчилгээгээ ч шинэчилж чадахгүй гацчихсан. Одоо нийслэлийн төсвөөс байнга татаас авдаг салбар болсон. Энд шинэчлэл хэрэгтэй.
Монголын шүүхийн гаднын хөрөнгө оруулагчийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн дундаж хугацаа 6.2 жил гэсэн судалгаа гарсан. Хамгийн дээд тал нь 16 жил үргэлжилсэн тохиолдол Монголд байна. Хөрөнгө оруулагчид Монголд нэг ч төгрөг оруулахгүй байх бас нэг шалтгаан шүүх засаглалтай холбоотой.
-Намрын чуулганаар Гадаад хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталж, гаднын томоохон банкууд Монгол Улсад салбараа нээх эрх зүйн орчныг тодорхой болгосон. Гэхдээ яг сонирхсон банкууд орж ирэхгүй байх шиг байна. Хөрөнгө оруулалт татах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Монгол Улс өнгөрсөн арван жилд хөрөнгө оруулагчдын итгэлийг маш их алдсан. Хууль эрх зүй дээрээ алдаа, хүнд суртал гаргасаар байгаад гадаадын хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо. Өнөөдөр хэдхэн том төслийг дагасан гадаадын хөрөнгө оруулалтыг ярьж байна. Өөр зүйл алга. Гол нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх ёстой. Энгийн хоёр хүн нэг нэгнийхээ итгэлийг алдахад яг өмнөх шигээ сэтгэгдэл төрүүлж, сэргээхэд хэцүү байдаг. Яг л үүнтэй ижил. Монгол Улс хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд багадаа 10-15 жил зарцуулах болов уу. Энэ бол монголчууд бидний хувьд маш хохиролтой. Хууль эрх зүйн орчныг тодорхой болгосон ч гадаадын банкууд орж ирэхгүй байна. Өмнө нь 2011-2012 онд Монголын эдийн засаг бүүм болж байхад гадаадын олон банк Монголд салбараа нээх зөвшөөрөл хүсч байлаа. Одоо хөрөнгө оруулагчийн итгэл унтарсан гээд зүгээр суугаад байж болохгүй. Хөрөнгө оруулагч орж ирэх сонирхлыг хууль эрх зүйн орчноороо, өөрсдөө ч заримыг урьж, гуйна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдуулан бусад салбаруудын бизнесийн орчныг боомилж байгаа хуулиудыг засах гэж оролдож байна. Гэхдээ нэн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай хуулиа батлуулна. Дараа нь 5-6 хуульд өөрчлөлт оруулна.
-Хөрөнгө оруулалтын хуулийн шинэчилсэн найруулга энэ хаврын чуулганаар батлагдана гэж харж байгаа. Ямар гол өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ?
-Гаднын хөрөнгө оруулагч Монголд бүртгүүлж, компани нээхээс эхлээд хаашаа, хэнд, яаж хандахаа мэддэггүй, хөрөнгө оруулагчдад зориулсан нэгдсэн мэдээллийн сан, цэг байдаггүй. Монголын хууль эрх зүйн байдалтай танилцъя гэхээр гол хуулиуд англи хэл дээр байдаггүй зэрэг наад захын асуудлууд бий. Дээр нь, Монгол Улс хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд маш олон зүйл шаарддаг. Гаднын хөрөнгө оруулагч компаниар бүртгүүлэхэд 100 мянган ам.доллараас эхлээд маш өндөр босго тавьдаг. Шинэ хуулиар 100 мянган ам.долларын босгыг тэглэж байгаа. Тухайн компанийн 25 хувиас дээш хувийг эзэмшиж байгаа этгээдийг гадаадын хөрөнгө оруулагч гэж үздэг. Доошоо бол тэгж үздэггүй. Дөрвөн компани 25 хувь дээр нийлээд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн дөрвөн оролцогчоос тус бүрд нь 100 мянган ам.доллар авдаг. Энэ нь өөрөө хөрөнгө оруулагчдад хүндрэл үүсгэдэг.
Хөрөнгө оруулагчдад тавих босгыг аль болох байхгүй болгож, шууд урьдаг, бүртгэлээ цахимаар хийчихдэг зүйл рүү явах ёстой. Энэ чиглэлд явахын тулд Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж байгаа. Хөрөнгө оруулагчдад ил тод нээлттэй мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчийг урих, бүртгэх, Монголын талаар бүх талын мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын хуулийг дагаж агентлагийн үйл ажиллагаа цар хүрээ зохицуулагдана.
Хэтэрхий өндөр босго тавьчихаад эргээд хяналт дээрээ алдчихдаг. Одоогийн бодлого бол ямар ч босго тавихгүй, шууд урьж үйл ажиллагааг нь нээлттэй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Харин үйл ажиллагаагаа явуулсны дараа хуулийн хэрэгжүүлж байна уу, хэлсэн хөрөнгө оруулалтаа хийсэн үү, төслийн хүрээнд төсөвт ямар орлого оруулав, хэдэн хүнийг ажлын байраар хангасан бэ гэдэгт тавих хяналтаа сайжруулах зохицуулалтууд орж байгаа. Эхлээд хүн орж ирэхийн эцэсгүй өндөр шалгуур тавьж, хаалт үүсгэчихээд дараа нь олон гомдол маргаан үүсдэг байсан. Энэ ойлгомжгүй байдлыг уг шинэчлэлээр засна.
-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах тал дээр олон шүүмж сонсдог. Жишээ нь, гадаадын хөрөнгө оруулагчийг хуурч мэхлэх, хохироох зэрэг асуудал гарчихаад байхад шүүх нь шийддэггүй гомдлууд бий. Энэ тал дээр хэрхэн анхаарсан бэ?
-Хөрөнгө оруулагчдын маргааныг шийдвэрлэх байдлыг маш тодорхой болгож өгнө. Ямар ч хөрөнгө оруулалтын маргааныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг нээж өгч байгаа. Одоогийн хуульд хөрөнгө оруулагч нарын олон улсын арбитр хандах эрхийг нь хаачихсан учраас дотоодын шүүхээр шийдвэрлэх шаардлагатай байдаг. Шинэ хуулиар дотоод, гадаадын аль алинаар шийдвэрлүүлэх эрхийг нь нээнэ. Манай дотоодын шүүхийн гаднын хөрөнгө оруулагчийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн дундаж хугацаа 6.2 жил гэсэн судалгаа гарсан. Хамгийн дээд тал нь 16 жил үргэлжилсэн тохиолдол Монголд байна. Үүнээс болж дотоодын шүүх засаглалд хөрөнгө оруулагчид итгэхгүй, Монголд нэг ч төгрөг оруулахгүй байх бас нэг шалтгаан. Энэ бол хэрэг маргааныг удааж, шийдвэрлэхгүй, гаднын хөрөнгө оруулагчийг хамгаалахгүй байна гэсэн мессеж шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулагчдад маргаанаа шийдвэрлэх сонголтыг нээж өгөх ёстой.
Одоогийн хуульд тусгаснаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан ААН, хуулийн этгээд олон улсын арбитрт хандах эрхтэй гэж заасан. Нөгөө талд Хөрөнгө оруулалтын гэрээ нь 500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснээр байгуулна гээд заачихсан. Хөрөнгө орууулагч Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа маш олон даваа, шалгуурыг давж байгуулдаг. Засгийн газартай хэлэлцээр хийнэ, УИХ-д танилцуулж гэрээ байгуулах эрхээ авдаг. Өнөөдөр гаднын хөрөнгө оруулагчдаас Оюу толгой төсөл дээр л Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд Оюу толгойн хөрөнгө оруулагч л арбитрт хандах эрхтэй, бусад нь эрхгүй байна гэсэн үг. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын гэрээтэй гэдэг заалтыг авч, аль ч олон улсын арбитрт хандах нь нээлттэй байхаар зохицуулна. Хүсвэл манай дотоодын шүүхэд ч хандаж болно. Мэдээж төрийн шийдвэр, төрийн байгууллага, албан хаагчийн буруутай ямарваа нэгэн үйлдлээс болж хөрөнгө оруулагч хохирсон бол дотоодын Захиргааны хэргийн шүүх хянаж шийдвэрлэхээр тусгаж байгаа.
Мөн төрөөс хийх хяналт шалгалтын тоог багасгахаар тусгасан. Жилдээ хоёроос дээшгүй хяналт шалгалт оруулна. Ижил төрлийн хяналт шалгалтыг багцлаад жилд нэг л хийнэ. Аудит, төсөв, татвар, санхүүгийн шалгалтыг нэгтгэж жилдээ нэг л авдаг байхыг хуульдаа нарийн тусгаж байгаа. Эдгээрийн үр дүнд хөрөнгө оруулалтын орчин сайжирч, Монгол Улсын гадаад орчинд өгөх сайн сигнал болно гэж харж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.