Монголбанкны ерөнхийлөгчид горилогчид

image-e108aca4-4cc6-486a-873e-65ea657f62d5

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна. Түүнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-нд тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатарын санал болгосноор Монголбанкны ерөнхийлөгчөөр томилж байсан.Хэдийгээр Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчид дахин нэг удаа сунгагдан ажиллах хуулийн боломж байгаа ч Монголбанк УИХ-ын харьяа байгууллага учраас УИХ-ын даргын санал болгосон хүнийг томилж таарна. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хүн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдоно гэсэн үг. Тэр тусмаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өрсөлдөгч болсон энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатарын хүнийг сунгаж ажиллуулахгүй л болов уу.Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай зэрэгцээд ерөнхийлөгчид горилогчид цөөнгүй болжээ. Мэдээж тэднээс “том дарга” нарын дэмжлэгтэй нь Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллана. Одоогоор Монголбанкны ерөнхийлөгчөөр горилж байгаа гэх хоёр хүнийг танилцуулъя.

  1. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа

Б.Батдавааг Монголбанкны дараагийн ерөнхийлөгчөөр томилохоор ярьж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэрээр Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаад 2021 оны нэгдүгээр сард Үндэсний статистикийн хорооны даргаар томилогдсон юм.Б.Батдаваа нь нүүрсний сонсголд эхнэртэйгээ гэрчээр дуудагдсанаар нь олон нийт илүү танина. Тодруулбал, Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалан нь нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “И-Коммодитс Монголиа Интеллижент Ложистикс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь Сингапурын хөрөнгө оруулалттай, ачаа тээврийн компани бөгөөд ТУЗ-ийн даргаар нь БНХАУ-ын иргэн ажилладаг гэсэн мэдээллийг нүүрсний сонсголын үеэр өгч байсан юм. Тус компани хилээр бүртгэлгүй нүүрс гаргасан ААН-үүдийн дунд байсан учраас Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалан нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Мөн тус хэргийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, гэрт нь нэгжлэг хийснээр Б.Батдаваагийн гэрээс 250 мянган ам.доллар олсон гэсэн мэдээлэл шуугиан тарьж байсан юм. Харин тухайн үед Б.Батдаваа “250 мянган ам.доллар олдсон нь тийм их мөнгө биш. Тухайн үед хадгаламжаасаа мөнгө аваад шилжүүлэг хийх гээд солиулж байсан мөнгө” хэмээн хэвлэлд тайлбар өгч байсан.Тэгвэл улстөрд түүнийг Сү.Батболдын ойрын хүн гэсэн мэдээлэл бий. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжиж байгаа аж. Тиймээс Монголбанкны дараагийн ерөнхийлөгчөөр томилогдох хамгийн магадлалтай хүмүүсийн нэг аж.

  1. УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатарыг дараагийн ерөнхийлөгчөөр томилно гэсэн мэдээлэл гарсан. Тэрээр 2000 оноос хойш л монголын улс төрд явж, УИХ-ын байнгын хорооны дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг албан тушаалуудыг хашч байсан. Харин 2024 оны УИХ-ын сонгуулиар баруун бүсэд нэр дэвшээд “өвдөг шороодсон” билээ. Өөрөө сонгогдож чадаагүй ч нам нь ялсан учраас ямар нэгэн албан тушаалд томилогддог жишиг монголын төрд бий болоод удаж байгаа. Тэгвэл сонгуулиас хойш нам жим байгаа экс гишүүн Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдохоор горилж байгаа бололтой.Уг нь аливаа улсын Төв банк улс төрөөс хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл манай улсын Төв банк эрх барьж байгаа нам, томилсон хүнийхээ эрх ашигт ажиллаж ирсэн нь нууц биш. Тэгвэл Монголбанкны дараагийн ерөнхийлөгч хэн болж, намдаа “үйлчлэх” вэ гэдэг ирэх сард тодорхой болох нь.

About Author