15 тэрбумын дэмжлэг ажил олгогчдод үзүүлнэ
Гурван өгүүлбэрээр:
- Fitch: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” буюу тогтвортой түвшинд хэвээр үлдээв.
- Алдарт “short” арилжаалагч Майкл Бьюрри Alibaba, JD.com-ийн өсөлтөд найдлага тавьж, тэдгээрт эзэмших хувиа нэмэгдүүлжээ.
- АНУ-ын дефолтын эрсдэлтэй холбоотойгоор алтны үнэ өсөж магадгүй байна.
Зээлжих зэрэглэл
“Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” буюу тогтвортой түвшинд хэвээр үлдээлээ. Үүнд Монгол Улсын дунд хугацааны эдийн засгийн өсөлт эерэг байхаар байгаа нь голлон нөлөөлөх ч гадаад орчны эрсдэлүүдийг харгалзан үзээд төлөвийг ахиулаагүй болохоо онцолжээ. Гадаад валютын нөөц буурсан, гадаад өрийн хэмжээ өндөр, мөн БНХАУ-д экспортлох түүхий эдийн хэмжээнээс хэт хамааралтай байгаа нь эрсдэл болж болзошгүй гэж үзсэн байна. Тухайлбал, Монгол Улсын нүүрсний экспорт 10 хувиар буурах нь ДНБ-ий 4 хувь буюу 500 сая ам.доллартой тэмцэх хэмжээний нөлөөллийг төлбөрийн тэнцэлд үзүүлэхээр байгааг тооцоолжээ.
2024 оноос эдийн засгийн өсөлт эрчээ авна гэж Fitch үзэж буй бөгөөд инфляцын хувьд 2023 оны туршид 12 орчим хувьд хадгалагдаж, 2024 оноос 9 хувьд тогтворжино гэсэн төсөөлөлтэй байна. БНХАУ-тай хийх худалдаа бүрэн тогтворжиж, дэлхийн зах зээлд түүхий эдүүдийн үнэ буурах нь инфляц саарахад голлон нөлөөлнө гэжээ.
Эдийн засагчдын хүлээлт
2023 оны нэгдүгээр улирлын ДНБ-ий өсөлтийн дүн мэдээллийг ҮСХ лхагва гарагт зарлах товтой байна. Тэгвэл “Bloomberg TV Mongolia”-ийн дэргэдэх Эдийн засгийн клубын гишүүдийн дунд явуулсан санал асуулгаас үзвэл 37.5 хувь нь эдийн засаг 6-7 хувиар, 25 хувь нь 4-5 хувиар өссөн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 2023 оны гол эрсдэл нь инфляц байх бөгөөд гадаад орчны таагүй байдал, нүүрсний экспортын төлөв сорилт дагуулсан хэвээр байхыг Эдийн засгийн клубын гишүүд анхааруулсан байна.
₮15 тэрбумын дэмжлэг
2023 онд ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулахаар байгааг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Ерөнхий сайдын зохион байгуулалдаг Өглөөний уулзалтын үеэр мэдээлжээ. Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид сар бүр 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд цалингийн дэмжлэг хэлбэрээр олгох аж.
Дотоод худалдаа эрчимжлээ
Эдийн засгийн идэвхжил харьцангуй сэргэж буй ч инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй энэ үед дотоодын худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 27.4%-иар өсөж 9.2 их наяд төгрөг болсон байна. Тэр дундаа шатахууны жижиглэн худалдаа 27.6%, бөөний худалдаа 56.7% өссөн нь анхаарал татаж байна.
Бьюрригийн стратеги
“The Big Short” киногоор дэлхий дахинд танигдсан алдарт “short” арилжаалагч Майкл Бьюрри эхний улиралд АНУ-ын орон нутгийн түвшний банкнуудын хувьцааг их хэмжээгээр авсан бөгөөд тэр дунд уналтад орсон “First Republic” банкны “JPMorgan”-д зарагдахаас нь өмнө авсан хувьцаанууд ч багтжээ. Түүний хедж сан болох “Scion Asset Management” I улирлын төгсгөл гэхэд 2 сая гаруй ам.доллароор үнэлэгдэх 150 мянган хувьцааг худалдан авснаа санхүүгийн тайландаа дурдсан байна. Түүнчлэн Хятадын эдийн засаг эргэн нээгдсэний дараах хедж сангуудын хөрөнгө оруулалтын идэвхжил сулраад байгааг үл харгалзан Майкл Бьюрри “Alibaba”, “JD.com”-ийн өсөлтөд ихээхэн найдлага тавьж, тэдгээрт эзэмших хувиа нэмэгдүүлжээ.
AI-ийн үр өгөөж
Хиймэл оюуны шилжилтийн ачаар “Google”-ийн хувьцааны ханш өсөж, үүсгэн байгуулагч нарынх нь хөрөнгө нийт 18 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Тухайлбал: өнгөрсөн долоо хоногт Ларри Пейжийн хөрөнгө 9.4 тэрбум ам.доллароор өсөж, 106.9 тэрбум ам.доллар хүрсэн байна. Харин Сергей Бринийн хөрөнгө 8.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 102.1 тэрбум ам.доллар болсныг “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс харуулж байна. “Google” хиймэл оюунд суурилсан чатботыг өргөн хэрэглээнд нэвтрүүлсэн нь хувьцааны ханш нь өсөхөд нөлөөлж байгаа юм.
Тоглоом дуусаагүй
“Microsoft” компанийн “Activision Blizzard”-ийг 69 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд Европын Холбоо зөвшөөрөл олголоо. Видео тоглоомын зах зээлийн түүхэн дэх хамгийн томд тооцогдох энэхүү хэлцэлд Их Британийн зохицуулагч байгууллага хориг тавьсны дараа гарсан энэ шийдвэр нь технологийн аваргын хувьд нааштай үйл явдал болж байна. Европын Комисс дотооддоо дүн шинжилгээ хийж, уг хэлцэл шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэснээ мэдэгдсэн бол “Microsoft”-ийн зүгээс “Call of Duty” тэргүүтэй алдартай тоглоомуудыг өрсөлдөгч компаниуд нь өөрсдийн платформ дээрээ байршуулахыг ирэх 10 жилийн хугацаанд зөвшөөрөхөө амлажээ.
Эрдэнэсийн сан
Австрийн тэрбумтан Хайди Хортенийг нацист дэглэмийн үед хөрөнгөө олж авсан гэдэг шүүмжлэл байнга дагадаг ч түүний амьд ахуйдаа эзэмшиж байсан үнэт эдлэлүүд түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүн бүхий нээлттэй худалдаагаар зарагджээ. Тавдугаар сарын 10 болон 12-нд болсон хоёр удаагийн дуудлага худалдаа, мөн 15-нд дууссан онлайн худалдаагаар хүзүүний зүүлт, бугуйвч, ээмэг, титэм зэргээс бүрдсэн тус эрдэнэсийн сан урьдчилсан тооцоогоор нийт 163 сая ам.долларын үнэ хүрсэн байна. Зөвхөн эхний дуудлага худалдааны дүн нь 155 сая ам.доллар болсон тул нэг эзэмшигчийн үнэт эдлэл хамгийн өндөр үнээр зарагдсан дээд амжилтыг аль хэдийн эвдсэн аж.
BloombergTV.mn танд санал болгож байна
БНТУ-ын Ерөнхийлөгчийг хоёр дахь шатны санал хураалтаар тодруулна
“Samsung Electronics”-ийн ТУЗ-ийн дарга И Жэ Ён Илон Масктай уулзлаа
“Nissan”-ийн ашгийн төсөөлөл шинжээчдийн таамгийг давав
Онцлох чарт
АНУ-ын Засгийн газар өрөө төлж барагдуулах чадваргүй болсон тохиолдолд “Юунд хөрөнгө оруулах вэ” гэсэн асуултад “Bloomberg Markets Live Pulse”-ийн судалгаанд оролцсон хөрөнгө оруулагчдын талаас дээш хувь нь “Алт худалдан авна” гэж хариулжээ. Тиймээс АНУ-ын дефолтын эрсдэлтэй холбоотойгоор алтны үнэ өсөж магадгүй байна.