Бүртгэл нь албажсан О.Цогтгэрэл бүлгийн даргаа хэнд өгөх вэ?
Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Ардчилсан нам дотоод хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонгосон билээ. Улмаар түүнийг дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр /2025.09.18/ Улсын дээд шүүхэд Нийт шүүгчийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, О.Цогтгэрэлийг АН-ын шинэ даргаар бүртгэлээ. Ардчилсан намынхан ийнхүү албан ёсоор даргатай болж уужим амьсгаа авахтайгаа болов.
Нэгэнт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл намын дарга болсон тул УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэн болох вэ гэдэг асуудал өнөөдрөөс өрнөж эхлэх нь. Угтаа энэ асуудал О.Цогтгэрэлийг намын даргад нэр дэвших цагаас ил, далд яригдаж байсан боловч Улсын дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл түр хойшлогдоод байсан юм. АН-ын зарим гишүүд УИХ-ын намрын чуулган нээхтэй зэрэгцээд УИХ дахь 42 гишүүнээс санаачилга гаргаж, дараагийн даргын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бол зарим нь УДШ-д албан ёсоор бүртгүүлсний дараа энэ асуудлыг ярихаар азнаад байсан хэрэг.
Түүнчлэн Л.Цогтгэрэл бүлгийн дарга, намынхаа даргыг хавсарч хийхэд ямар нэгэн байдлаар хуулийн зөрчилгүй учраас хоёр албан тушаалыг хавсарч гүйцэтгэх нь зүйтэй ч гэсэн зарчмын санал гарч байсан. Харин УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсэн 2025.09.15-ны өдөр УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл “УДШ-ийн шийдвэр гарсаны дараа бүлгийн дараагийн даргын асуудлыг олонхоороо хэлэлцээд явна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм.
Тиймээс О.Цогтгэрэлээс бүлгийн суудлыг “өвлөж” авах хүмүүсийн жагсаалтын нэгд АН-ын дарга асан, УИХ-ын Л.Гантөмөр бичигдэж байна. Тэрбээр Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн гэрийн хэргээс болж намын даргын суудлаа өгөхөд хүрсэн. Л.Гантөмөрийн хувьд “Намын даргаа өгнө” гэх амлалтдаа хүрсэн нь түүнийг хэр улстөрч болохыг харуулсан. Энэ нь түүний болон АН-ын рейтингт эерэгээр нөлөөлсөн гэж хэлж болно.
Түүний хувьд хэдхэн хоногийн өмнө, “АН-ын даргын бүртгэлийн дараа АН-ын бүлгийн даргын асуудал яригдах ёстой. Өөрөөр хэлбэл намын дарга бүртгэгдсэний дараа хэнээр, ямар дүрээр бүлгээ удирдуулах вэ гэдгээ өөрөө шийдэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл дандаа намын даргынхаа бүрэн эрх рүү халдаж ирсэн. Би энэ албыг хашиж байсан хүний хувьд намын дарга бүлгийн даргаа нэрлэх эрх мэдлийг өгөх ёстой. Тэр дэвшүүлсэн хүнийг нь бүлэг зөвшөөрөх үү гэдэг нь дараагийн асуудал” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл АН-ын дарга О.Цогтгэрэл өөрийн бүрэн эрхийн хүрээнд бүлгийн дараагийн даргаар Л.Гантөмөрийг нэрлэхгүй гэх газаргүй. Нэгдүгээрт нутаг нэг. Хоёрдугаарт, Л.Гантөмөр бүлгээ хатуу гараар биш ая эвээр удирдаад явчих потенциальтай улстөрч. Гуравт, “Нэг ардчилал”, “Нэг Монгол” фракци өнгөрсөн хугацаанд ойр дотно явж ирсэн.
Гэхдээ АН-ын бүлгийн даргад горилож буй хүмүүсийн тоонд С.Эрдэнэболд, Ж.Баярмаа, Х.Тэмүүжин, Ж.Батсуурь, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нарыг нэрлэх болсон. Тэдэн дундаас Л.Гантөмөртэй өрсөлдөх хамгийн магадлалтай хүн бол Ж.Батсуурь. Гэхдээ 2024 оны сонгуулийн өмнө Ж.Батсуурийг тэвдэж явахад Л.Гантөмөр “аварсан” удаа бий. Д.Пүрэвдорж УИХ-ын дэд даргын суудлаа бүлгийн даргаар солих нь ашигтай байж мэднэ. Түүний хувьд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр сэм бэлдэж яваа. “Бидон” Д.Ганбатын хувьд бүлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Бүлгийн даргатай зэрэгцээд АН-ын генсек хэн болох вэ гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, АН-ын ЕНБД Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү, үргэлжлүүлэн итгэл хүлээлгэж хамтарч ажиллах уу гэдэг нь АН-ын дарга О.Цогтгэрэлийн бүрэн эрхийн асуудал. О.Ганибалыг АН-ын ЕНБД-ын үүрэгт ажилдаа үлдэх тохироотой гэх яриа ч гарсан. Нөгөө талдаа О.Цогтгэрэл даргад “Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь шударга ёсонд нийцнэ” гэж сануулах хүн цөөнгүй. “Нэг Монгол” фракц даргаа авсан бол Ерөнхий нарийн бичгийн дарга мөн “Нэг Монгол”-оос байх үндсэндээ боломжгүй. О.Цогтгэрэл нам дахь фракциудынхаа эрх ашгийг хангаж байж намаа зангидаж чадна.
Харин Нийслэлийн АН-ын даргын ажлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд өгөх яриа гарсан. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт орон нутгийн сонгуульд намаа навс ялагдуулсан. Үүнийхээ хариуцлагыг ч хүлээх ёстой. Т.Батцогт бол экс Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүн. Нөгөө талаар Ч.Лодойсамбууд нийслэлийн АН-ын даргыг өгөх нь олон нийтэд таалагдаж магадгүй.
Ямар ч байсан АН өнгөрсөн 10 жилийн хэрүүл тэмцлээсээ олж авсан сургамж нь асуудлыг эвээр, хэлээр шийдэх. МАН-ынхан цагаан байраа нураах нь холгүй зодолдож, харин АН-ынхан институци болж төлөвших тал руугаа явж байна.