Тодорхой байдал шаардсан Оюутолгойн хэлэлцээр

e14eaa4dfb05a8ed503de863e64cb69b

Эх сурвалж: ZUV.MN

Оюутолгой төслөөсМонгол Улсад ногдох үр өгөөжийг нэмэгдүүлэх Монгол Улсын Их хурлын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг “Рио Тинто”-той хэлэлцээр эхлүүлээд байгаа билээ. Энэхүү хэлэлцээрийн дүнд бид Хөрөнгө оруулалтын болон зээлийн гэрээнд буй өөрт ашиггүй нөхцөл байдлуудыг эргүүлж, ашигтай болгох тал дээр анхаарч ажиллана гэж буй. Анхны уулзалтуудаа ч хийсэн. Эхлээд хагас жил болсон ч гэсэн ч энэ хэлэлцээрт тодорхойгүй зүйл их байна.

Оюутолгой ХХК Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу ААН-ийн орлогын болон ашгийн татвараас чөлөөлөгддөг. Тиймээс Оюутолгойгоос Монгол Улсын хүртэх өгөөж нь одоохондоо нөөц ашигласны төлбөр, НӨАТ, гаалийн татвар гадна дотоодын компаниудтай хийж буй худалдаа,орон нутаг дахь хөрөнгө оруулалтаар хэмжигдэж байгаа.

Ажлын хэсгийнхний хэлснээр, хэлэлцээрээр хөндөх гол асуудал нь зээлийн хүүг олон улсын жишигт хүргэж буулгах, хүүгээс хүү тооцдог байдлыг халах, , менежментийн зардлыг зардлаас тооцдогийг болиулж, ашигт ажиллагаанаас тооцдог болгох явдал.

Гэвч энэ тал дээр ямар ч ахиц гарсангүй. “Рио Тинто”-гийнхны “Тэгье ээ, хэлэлцээр хийе ээ, ер нь асуудлаа ярилцах нь зөв шүү”, “Хүү, менежментийн зардлыг буулгахын хувьд буулгая аа” гэж хэлснийг хэлэлцээр амжилттай байгаа мэтээр ярьж мэдээлсээр хагас жил боллоо.

Энэ хооронд “Рио Тинто”-гоос гол хоёр асуудал дээр нэг удаа санал ирэх нь ирсэн бололтой байдаг. Санал ирүүлсэн гэдгийг нь Г.Занданшатар “Рио Тинто”-гийнхныг урдаа суулгаж байгаад “Та нарын ирүүлсэн санал бидэнд таалагдахгүй байна” гэж хөмсөг зангидан хэлснээс л мэдэж авсан.

“Рио Тинто”-гийнхон ирэх даваа гаригт Монголд дахиад ирнэ. Г.Дамдинням сайдын хэлснээр, Монголын Засгийн газар нэгэнтээ хатуу байр сууриа илэрхийлсэн учраас одоо манайхны шаардлагад нэлээд дөхсөн санал бэлдэж ирсэн байх учиртай. Гэхдээ тэгэхгүй ч байх магадлал бий.

Тулгууртай харайгч Сергей Бубка дэлхий дээд амжилтыг нэг, нэг см-ээр ахиулан Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос дэлхийн дээд амжилт тогтоосон тамирчинд олгодог 100,000 ам.долларыг олон жил цохисон түүх бий. Түүн шиг, “Рио Тинто” саналаа бага, багаар буулгаж, хүү завших тактик барих вий ч гэж бодох шиг. Ажлын хэсгээс өгч байгаа мэдээллээр бол хоёр тал асуудлаа удахгүй эцэслэн шийдэхээр тохирсон. Гэвч тэр нь хэрэгжих эсэхийг хэн мэдлээ.

Энэ удаагийн хэлэлцээрт Ордын салшгүй нэг хэсэг болсон “Онтрэ”-гийн Шивээ толгой, Жавхлант гэдэг хоёр лицензит талбайд агуулагдаж буй баялгийн асуудал хөндөгдөж байгаа. Оюутолгойн, цаашлаад “Рио Тинто”-гийн ашигт ажиллагааны түвшинтэй буюу Рио Тинто-д хөрөнгө оруулсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэсэн үг. Энэ хоёр лицензийг уг нь “Онтрэ“ биш, Монголын Засгийн газар эзэмших боломжтой. Лицензийг цуцлах үндэслэл бий. Монголын Засгийн газар өмнөөс нь дуугараад, Рио Тинто, Оюутолгойгийнхон “Онтрэ”-д хэлэх үгээ Монголын Засгийн газарт хэлээд байдаг сонирхолтой компани. Хэлэлцээр сунжирч байгаагийн гол шалтгаан нь энэ компанитай холбоотой ч байж мэднэ.

“Онтрэ” лицензит талбайн баялгийнхаа 20 хувийг авч, Оюутолгой 80 хувийг нь авах гэрээтэй.  

Зэрэгцээд, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо өчигдөр Оюутолгойн гэрээг Хянан шалгах түр хороо болон нээлттэй сонсголын явцад илэрсэн Рио Тинтотой холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материалуудыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгч, “Рио Тинто”-г “Монголоос гаргах даалгавартай” гэгдэв.

Энэ бүгдийг харахаар “Рио Тинто”, Оюутолгой төсөлтэй холбоотой мэдээллүүд тэр чигтээ тодорхойгү байдалтай. Санхүүгийн тайлан мэдээлэл нь тэр чигээрээ “тархи угаалт”. Тодорхойгүй байдал хардлага сэрдлэг дагуулдаг.

About Author