Тойм: Д.Амарбаясгалангийн “шаталт” Г.Занданшатарт хожил

zandanshatar-2

Улс төрд энэ долоо хоногт МАН-ын дараагийн дарга хэн бэ гэдэг асуулт марафон эхлэж, эл сэдвийг тойрсон үйл явдлуудаар эг маггүй амьсгаллаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох үеийн тэр уур амьсгал одоо ч МАН дотор явж буй нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн удаа дараагийн буюу чуулганы танхим дахь өөрийн суудлаас Г.Занданшатарт дайж хатгасан үг өгүүлбэрээс нь ил тодорхой байв. Тэр утга санаа, агуулгаар тойруулъя ч гэсэнгүй. Шууд л Г.Занданшатарын танхимын боож оруулж ирсэн ирэх оны төсвийн төслийг гоочлов.

“МАН дотор үнэхээр 70 VS 80 оныхон гэсэн тэмцэл байгаа нь үнэн” гэж тэр цуврал пост, жиргээгээр давшилттай нотоллоо. Яг энэ нюансуудын зэрэгцээ зарим гишүүдийг эргүүлэн татах, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх зэрэг асуудал хөвөрсөөр буйн цаад дүр зургийг харвал УИХ дахь ерөнхийлөгчийг сөрсөн дүрүүдэд илүү тусаж байгаа харагдахаар.

Ийн харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон явдлын дараа МАН доторх эрх дархын жин хаана илүү дарж буйг илүү нототгох гэсэн тэмцэл өндрийг авсаар л…

Ар араасаа явж буй энэ ил далд илэрхийлэл, хэлбэрүүдийн цаана нам доторх хуваагдал талцалд хэн туслах, хэн гол дүрээр оршоод байгаа нь ойлгомжгүй мэт боловч бага багаар тодорсоор.

Ерөнхийлөгчийн хүн гэдгээрээ МАН доторх 70 оныхны нүүрийг тахлах шахалтаар Г.Занданшатар Ерөнхий сайд болсон нь “нэгэнт бичигдсэн зохиолын дагуу явагдаж байгаа” гэдэг ойлголтоор буланд шахагдаж, нөгөө талд 80 оныхон энэ их хүч, эрх мэдлийн бөөгнөрөлийн өмнө хүчгүйдэж байгаа гэх дүрийг ч шаггүй бүтээцгээж буй.

Удахгүй болох МАН-ын Бага хурлын гишүүдийн саналыг энэ имижээрээ Д.Амарбаясгалан “хайрцаглана” гэсэн итгэл өндөр харагдаж байгаа учраас тэр намрын чуулган нээсэн өдөр МАН-ын даргад нэр дэвшинэ гэдгээ 70 оныхноос урьтаж, өрсөж, шатаж зарласан. Д.Амарбаясгалангийн энэ эрчийг сааруулахгүй гэсэндээ Л.Оюун-Эрдэнэ өөр рүү нь чиглэсэн ямар ч агуулга дээр хэвлэлд, чуулган дээр ч “А” гэж ам ангайхгүй байгаа.

МАН доторх энэ үе хоорондын “зодооны” аль талд нь гарах вэ гэдэг сонголт шийдвэрийг Бага хурлын гишүүдийнхээ гарт өгч буй мэтээр Л.Оюун-Эрдэнэ үеийнхэн дундаа бүх хүчээ хаяж, бусдынхыгаа ч ийш нөөж буй нь үнэн. Гэхдээ Бага хурал болтол Д.Амарбаясгалан зогсолтгүй амбицлаж, сөрсөөр байгаад нь Г.Занданшатарын үзүүлж буй хариу үйлдлийг зэрэгцүүлэн бодвол Бага хурлын гишүүдийнхээ саналыг хуваачихаж ч мэдэхээр эрсдэлтэй харагдана.

Д.Амарбаясгалан одоодоо бол УИХ-ын дарга гэдэг хариуцлагаа хоёрдугаарт, намын даргын суудлын төлөөх хувь дүрээ нэгдүгээрт тавьчихаж байгаа нь өдрөөс өдөрт улам тодрох болов.

Түүний энэ хэтрүүлэгт Г.Занданшатар байж байж “Ерөнхий сайдын хувиар, УИХ-ын даргын хувиар төсвөө хэлэлцүүлье” буюу үүрэгт ажлынхаа байр байрандаа байя гэх утгыг товчхон хэлчхэв. МАН-ын даргыг тодруулах өдөр ойртох тусам улайрч, ээрсэн энэ их мэдээлэл, хоёр гурван талын өөрсдийн санаа бодлыг нотломжлох гэсэн хэтийдлүүд дунд “ерөнхийлөгчийн хүн” гэдэг тодорхойлолтыг анхнаасаа авчихсан Г.Занданшатар өөрийгөө хэрхэн харуулахаа мэдэрчихэж байгаа хэрэг.

Нэг ёсондоо байсгээд л намын хэрүүлээ гадагш илэрхийлж, “тэсрээд” байдаг 70, 80 оныхонд тэр жишиг тогтоож, нөгөө талаараа ерөнхийлөгчийн хувьд өөрийг нь Бага хурал дээр саналаар уначихаж мэднэ гэсэн болгоомжлонгуй хандлагад ч давхар хариу үйлдэл үзүүлэв.

Намын гал тогоог найман жил барьсны хувиар Д.Амарбаясгалангийн сэтгэлд багтаж байсан Бага хурлын гишүүдийн саналын тоо түүний хүссэнээр ирэх үгүй нь намдаа зарцуулсан урт хугацаагаар нь бус ерөөс түүнийг хэн бэ гэдэг жинхэнэ чанарыг цухалзуулчихаж мэдэх энэ хэдхэн хоногоор хэмжигдэж ч болно.

Намын гишүүд гэдэг зүгээр нэг кноп биш. Тэд ч бас болж буй процессийг ажиглаж, хариу үйлдлүүдийг нь харьцуулан бодсоны эцэст л саналаа өгөх хүмүүс гэдгийг Д.Амарбаясгалан мартаж.

Өөрөөр хэлбэл Г.Занданшатар Д.Амарбаясгалангийн хэт дүрийг олсон энэ үйлдэл, үелзлүүд дунд нь үл ойшоогч байснаараа имижээ олчихож байгаа юм. Тэр ийм богино зайд ингэж их “шатвал” Ерөнхий сайд сул хүү түлхэж, илүү үйлдэл үзүүлэх ч шаардлагагүйгээр хожил авчихаж мэднэ.

Эх сурвалж:Eguur.mn

About Author