Г.Мөнхбаяр захирамж гаргаж Б.Хурцын эхнэр Ү.Сарнаагийн нэр дээр зуслангийн зориулалтаар 400 мкв газар олгож байжээ
Монгол Улсын Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд өнгөрсөн хугацаанд төрийн тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигчид, ашигт малтмалын зөвшөөрөл болон төрийн өмчит болон төрийн оролцоо бүхий компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн цалингийн мэдээлэл тэргүүтэй арав гаруй төрлийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулаад буй. Өчигдөр л гэхэд Нийслэлийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл нээлттэй байршлаа. Тус мэдээлэл ил болсон даруйдаа олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлийг дагуулаад байна.
Нээлттэй мэдээллээс харахад, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнаагийн нэр дээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 400 мкв талбайг 2009 онд олгожээ. Газар олголтын шийдвэрийг тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбаяр гаргаж байсан байна.
НЭМЭЛТ: Өнгөрсөн хугацаанд Б.Хурц болон түүний гэр бүлийн хүн болох Ү.Сарнаа, хамаарал бүхий компаниуд төрийн оролцоотой сан, Хөгжлийн банкнаас хүртэл зээл авсан талаарх мэдээлэл бий. Эдгээрийг та бүхэнд эргэн сануулах үүднээс хүргэе.
-Б.Хурцын эхнэрийн “Сарнайх“ ХХК Богдхан уулын ДЦГ-т 1.2 га газар эзэмшдэг-
Шилэн ажиллагааны хүрээнд богдхан уулын 2973 га болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын 501 га газрын мэдээллийг ил тод болгосон юм. Тэгвэл ил болсон дата мэдээллээс харахад, Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн аманд нийт 725 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.
Б.Хурцын эхнэр Ү.Сарнаагийн “Сарнайх” ХХК нь 1.297 га газар эзэмшдэг аж. Ингэхдээ супермаркетын зориулалтаар 2022 оны 10 дугаар сарын 25-нд Нийслэлийн засаг даргын тамгын газраас тусгай зөвшөөрөл олгож, 2049 оны 12 дугаар сарын 31-нд дуусахаар тусгажээ.
-Б.Хурцын охин БЗС-аас Канадад суралцахаар 72 мянган ам.долларын зээл авч байжээ-
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Боловсролын зээлийн сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Тухайлбал, гадаадын шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцсан 421 хүний мэдээллийг харах боломжтой болсон юм. Тэгвэл зээлийн сангаас ТЕГ-ын дарга асан Хурцын охин Намуун Канад улсын Бритиш Колумбиа их сургуулийн философийн чиглэлээр суралцахаар 72 мянган ам долларын зээл авч байжээ.
-ХБ-наас зээл авсан “Изинис эйрвэйз“ ХХК-ийн 30 хувийн хувьцааг Б.Хурцын бэр, 70 хувийг хамаатны дүү нь эзэмшдэг-
Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсголоор “Изинис эйрвэйз” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал, аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт, импортыг дэмжих төслийн санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 22 тэрбум 915 сая төгрөгийн зээл авчээ.
Тус компани нь хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд иргэн Т.Эрдэнэ 70 хувь, иргэн Э.Золзаяа 30 хувийг тус тус эзэмшдэг байна. Хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын хамаарлыг харахад, 30 хувийн хувьцааг эзэмшиж буй Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, харин 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү гэх мэдээллийг сонсголын үеэр Э.Золзаяа хэлсэн юм. Мөн Т.Эрдэнэ нь “Сарнайх” ХХК-ийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд эл компани нь Б.Хурцын эхнэрийн компани.
-“Изинис эйрвэйз“ ХХК ХБ-наас авсан зээлээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн “Сарнайх“ ХХК-ийн зээлийг хаасан-
Тус компанийн 30 хувийн хувьцааг эзэмшиж буй Э.Золзаяа нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр, харин 70 хувийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатны дүү юм. Ингэхдээ зээлийн зарцуулалтаар, “Изинис эйрвэйз” ХХК нь нийт зээлийн санхүүжилтээс 6.3 тэрбум төгрөгөөр Б.Хурцын эхнэрийн “Сарнайх” ХХК-ийн Богд банд дахь хоёр удаагийн зээлийг хаасан нь зориулалт бус гэж шинжээч дүгнэсэн. Ташрамд дурьдахад, Т.Эрдэнэ нь “Сарнайх” ХХК-ийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг аж.