САНХҮҮГИЙН ЛУЙВРААС СЭРГИЙЛЬЕ
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн луйврын төрлүүд, тэр дундаа цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гэмт хэргийн схемүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Мөнгө угаах гэмт хэрэг, санхүүгийн луйвар” гарын авлагыг бэлтгэн гаргалаа.
Богино хугацаанд их мөнгөтэй болох эсвэл мөнгөө өсгөх үүднээс сайтар нягтлалгүйгээр санхүүгийн харилцаанд орсноос хохирогч болсон иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Цагдаагийн ерөнхий газарт 2021 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 25.3 хувийг санхүүгийн залилан, луйврын төрлийн гэмт гэмт хэрэг эзэлж байсан бол өнгөрсөн онд нийт гэмт хэргийн 32.8 хувийг эзэлсэн байна. Ялангуяа криптовалютын луйвар, сүлжээ, аппликейшн зэргээр дамжуулан мөнгөө өсгөх зэрэг луйврын олон төрлийн арга хэрэгсэл бий болсон. Иймд иргэд, олон нийт санхүүгийн мэдлэг боловсролоо дээшлүүлж энэхүү гарын авлагатай танилцахын зэрэгцээ богино хугацаанд өндөр хүү, ашиг амласан элдэв санхүүгийн луйварт итгэж хөрөнгө оруулалт хийлгүй тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авч, баталгаатай хөрөнгө оруулалтын хэрэгслийг сонгохыг зөвлөж байна. Ингэснээрээ өөрийгөө болон бусдыг санхүүгийн луйврын хохирогч болохоос сэргийлэх бүрэн боломжтой.
Гарын авлагатай энд дарж танилцана уу.