“126 нь төлөөлөх чадварт нийцсэн учраас намууд санал нэгдсэн”
УИХ-д суудалтай намуудаас ҮХНӨ-ийн талаар өнөөдөр /2023.05.17/ Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
“ТООНЫ ХУВЬ 60/40, ЧАНАРЫН ХУВЬД 50 ХУВИАС ИЛҮҮ ПРОПОРЦИОНАЛЬ НЬ ДАВАМГАЙ ТОГТОЛЦООТОЙ БОЛНО”
Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
-Монгол орон даяар ҮХНӨ-ийн талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцоотой холбоотой тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх хэрэгцээ шаардлагууд гарсан нь үнэн. Тэр тусмаа холимог тогтолцоо гэдэг улс орны хөгжил дэвшилд байх ёстой гэдэг санал санаачлага олон удаа яригдсаар ирсэн. 2019 оны ҮХНӨ-өөр дутуу хийсэн зүйлс ч байгаа гэж үздэг. ҮХНӨ-д тал талдаа анхаарах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдийн тоо нэмчихээр бүх зүйл сайн сайхан болчих юм шиг хэт өндөр хүлээлт тавьдаг асуудалд анхаарах ёстой. Ардчилсан намын бүлгээс саяны ҮХНӨ-өөр өөрийн байр суурьтай байж ирсэн. Тэр тусмаа хүний эрхийг хамгаалах асуудлыг дээшлүүлэх, шүүхийг хараат бус болгох гэх мэт таван багц, 18 саналыг хүргүүлсэн. Энэ удаа тогтолцооноос бусад зүйлүүдийг хэлэлцсэнгүй. Бид цаашдаа бусад саналаа хүргүүлнэ. Сая Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос шийдвэр гарч, УИХ-ын гишүүдийн харьцааг 60/40 буюу мажиротар нь илүү давамгай байя гэсэн. Үүний цаана тодорхой үндэслэлүүд бий. Яг одоо 76 УИХ-ын гишүүний 24 нь хотоос сонгогдож байгаа. Улаанбаатар хотод улсын хүн амын тал хувь нь байна. Энэ нь өөрөө улс орон даяарх төлөөлөл юм. Үнэндээ 60/40 харьцаа 50/50 харьцаанаас хэтэрсэн 40/60 харьцаа. Эргээд мажиротар нь 40, пропорциональ нь 60 болж байгаа шүү. Тэрнээс орон нутагт хотыг ч орон нутаг гэж тоолдог. Монгол Улс хот улсын загвар руу явж байгаа мөртлөө тооны хувь 60/40, чанарын хувьд 50 хувиас илүү пропорциональ нь давамгай тогтолцоо юм.
Иргэдийг 126 УИХ-ын гишүүн төлөөлөх чадварт нийцсэн учраас намууд санал нэгдсэн. Мэдээж Үндсэн хууль гэдэр зөвшилцлийн том баримт бичиг. Харилцан ойлголцлын хүрээнд тал талаас олон саналыг хэлэлцэж тогтдог.
“ТОЙРГООС СОНГОГДОХ НЬ 76, ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ХЭЛБЭРЭЭР СОНГОГДОХ НЬ 50 БАЙНА”
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-УИХ-аар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байна. Сая УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч ирсэн. Өчигдөр УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, бүлгүүд уулзаж, ярилцаж, зөвшилцөж, шийдвэр гаргасан. Ер нь ҮХНӨ-ийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьж ажилладаг. Ингэхийг ч журмын хууль шаарддаг. Нэгдүгээрт, олон нийтийн санал бодлыг сонсч, тусгах асуудал. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдэд хандахдаа холимог тогтолцоо байж болох юм гэж үзсэн. Бараг уулзалт бүр дээр энэ асуудлыг дэмжиж байгаа байдал харагдсан байна. Тийм учраас холимог тогтолцоог байлгая гэдгийг иргэдийн саналд үндэслэн ярьж байна. Гэхдээ мажоритар нь бас давуу байвал яасан юм бэ гэдэг саналууд байна. Иргэдийн зүгээс 152 гэдэг тоо их байна. Харин зарим нь тоог буурах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс УИХ- д суудалтай гурван улс төрийн нам ярилцаад, АН-аас 60/40 байх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Тиймээс Ардчилсан намын саналыг хүлээн авч үзсэн. Мөн ХҮН намаас 50/50 байх ёстой гэсэн. Нэр цэвэр, шударга хүмүүсийг жагсаалтаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг саналыг хэлж буй. Бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоё, тойргоос сонгогдох нь 76 байна, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байна гэдэг байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Намын бүлгүүд хуралдаж, ийм шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар намууд зөвшилцсөн. 76 нь тойргоос, 50 нь пропорциональ байх саналыг УИХ-ын чуулганд оруулна.
“126 ГИШҮҮНИЙ 40 ХУВЬ НЬ ПРОПОРЦИОНАЛЬ БОЛЖ БАЙГАА”
ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД:
-ҮХНӨ-тэй холбоотой асуудал өнөөдөр нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудал. Бид хоёр жилийн өмнө энэ асуудлаар ярьж байсан. Өчигдөр УИХ-д суудалтай намуудын удирдлагууд удаан цагаар уулзаж, хэлэлцсэн. Иргэдийн хэлж байгаа УИХ-ын гишүүдийн тоог бууруулах саналуудыг нэлээд ярьсан. Тойрогтоо ажилласан үр дүнг нэгтгэн харвал иргэд тогтолцооны асуудлыг их дэмжиж байна. Нэг тойрог болгох асуудлыг дэмжиж байна. Ганц асуудал нь 152 гишүүний тоог их байна гэсэн. ХҮН намын албан ёсны байр суурь анх 152 байсан. Судлаачдын тоонд шийдвэр гаргаж, 2040 онд улсын хүн ам таван саяд хүрнэ. Цаашдаа 10 сая болно. Тэр болгонд Үндсэн хуулиа өөрчлөх үү, ирээдүйгээ харсан шийдвэр гаргах уу гэдэг байр суурьтай байснаар пропорциональ нь 50, мажиротар нь 50 хувь байна гэж асуудалд хандсан. Энэ бол нэг намын байр суурь. Тэгээд зөвшилцөж, олонхоороо шийдвэрлэсний дүнд 126 гэдэг Ардчилсан намын саналыг бид хүлээн авсан. Тооцож үзвэл 126 гишүүний 40 хувь нь пропорциональ болж байгаа. Үүнийг хүлээн авч байгаа ч Сонгуулийн тухай хуулийг ярих үедээ Улаанбаатарт байдаг төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэдэг саналыг илэрхийлсэн. Хотод УИХ-ын нэг гишүүн 100 мянган хүнийг төлөөлж буй. Гэтэл орон нутагт 25-30 мянган хүнийг төлөөлж байна. Цаашилбал, гадаадад байдаг монголчуудын асуудал сөхөгдөнө.
УИХ-ын гишүүний зардлыг өсгөхгүй, илүү зардал гаргахгүй нэг зөвлөх, нэг туслахтай байхаар намууд санал нэгдлээ.