Чехийн ерөнхийлөгч асан Вацлав Клаусын анд нөхөр

0

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Очирын Энхтөр бол 1978 онд тухайн үеийн Чехословак улсын Карлын их сургуулийг Чех хэл, утга зохиол, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн цагаас гадаад харилцааны салбарт ажиллаж, 1981-1988 онд БНМАУ-аас Чехословакт суух ЭСЯ-нд атташе, 2005-2009 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Элчин сайдын албыг хашсан ахмад дипломатч билээ. Амьдралынхаа 20 шахам жилийг Чех улсад өнгөрөөсөн тэрбээр Монгол-Чехийн харилцаа, хамтын ажиллагааны товч түүх хийгээд өнөөдрийн байдал, Чехэд ажиллаж, амьдарч байх үед нь тохиосон хүн хоорондын харилцааны нандин дурсамжаасаа хуваалцаж байна.

Гадаад харилцааны хоёр дахь том тэлэлтийг авчирсан чухал жил бол 1950 он

-Манай улс Чехословактай 1950 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Ганц Чехословак биш, тухайн үеийн Европын социалист системтэй Польш, Унгар, Румын, Болгар зэрэг оронтой энэ онд бараг нэг зэрэг шахуу дипломат харилцаа тогтоосон юм билээ. Манай улсын төлөөлөгчид тэр хавар эдгээр орнуудаар явж, дипломат харилцаа тогтоох баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад, энэ бол Монгол Улсын гадаад харилцааны бодлогод хийгдсэн маш чухал алхам байжээ гэж болохоор байгаа юм. Тэр үе бол манай улс ЗХУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш 30 шахам жил өөр улстай албан ёсны харилцаагүй явсан, тэгээд 1948 онд БНАСАУ-тай, 1949 онд Албани, БНХАУ-тай дөнгөж дипломат харилцаа тогтоосон, гадаад харилцааны тал дээр туйлын хязгаарлагдмал орчинтой байсан үе шүү дээ. 

Америкийн дэд ерөнхийлөгч Хенри Уоллес 1944 онд Монгол Улсад ирэхдээ ч үүнийг анзаарч тэмдэглэсэн байдаг. Тэрээр очоод бичсэн тайландаа БНМАУ нь тусгаар тогтнох бүрэн боломжтой орон ч гадаад харилцааны туршлага муутай, ганц орноос хараат байна гэжээ. Бидний сул талыг олоод харчихсан хэрэг. Манай улс 1946 оноос хойш НҮБ-д элсэхээр хөөцөлдсөн ч 1961 оныг хүртэл 15 жилийн турш АНУ тэргүүтэй орнууд дэмжихгүй байсан нь ч үүнтэй холбоотой болов уу. Энэ утгаараа гадаад харилцаа маш хязгаарлагдмал, үндсэндээ ганц улсын хараа хяналтад байсан нөхцөл байдлыг эвдэж, Европын орнуудтай ийнхүү дипломат харилцаа тогтоосон явдал нь гадаад харилцааны хоёр дахь том тэлэлт, бодлогын хувьд ч үнэхээрийн чухал алхам байжээ гэж харагддаг юм. Өнөөдөр бид гуравдагч хөршийн харилцаа гэж их ярьдаг болсон. Ярихаас ч аргагүй, их чухал бодлого. Гэтэл 1950-иад оны үед Европын зарим оронтой тогтоосон харилцаа тэр үедээ бас ийм харилцааны суурь байжээ гэж үзэж болохоор байгаа юм. Энэ нь манай улсын гадаад харилцаанд НҮБ-д элссэнтэй дүйцэхүйц маш чухал үйл явдал байсан. 1950 онд Чехословак тэргүүтэй орнуудтай дипломат харилцаа тогтоож, гадаад харилцаагаа тэлсэн явдал бол манай улс НҮБ-д элсэхэд ч гол дэмжлэг, түлхэц болсон нь эргэлзээгүй. 

Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд манайхан 1921 онд Ардын хувьсгал ялж, 1945 онд тусгаар тогтнолоо баталгаажуулаад л НҮБ-д элсчихсэн юм шиг, эдгээр он жилүүдийн дунд нь хийгдсэн асар их ажил, зоригтой шийдлүүдийг алгасаж, хялбарчилж ярьж бичдэг болжээ. Манай улсын гадаад харилцааны түүхэнд ч энэ чухал үеийг онцолж, цохолж дурдахгүй л өнгөрч байна. 

Павел Поухагаар дамжуулсан тандалт, судалгаа

-1950 онд Монгол Улс Чехословактай дипломат харилцаа тогтоосноос хойш 5 жилийн дараа 1955 онд “Монголын нууц товчоо”-г судалдаг, чех хэлнээ орчуулж хэвлүүлсэн Павел Поуха гэдэг Чехословакийн дорно дахин судлаач эрдэмтэн Монголд ирсэн байгаа юм. Мэдээж улс орныхоо даалгавартай, дипломат харилцаа тогтоогоод буй Монгол гэж улс нь ямар орон юм, цаашид юунд анхаарч, аль салбарт илүү хамтарч ажиллах нь тохиромжтой байна вэ гээд тандалт, судалгаа хийх зорилготой ирсэн болов уу. Энэ зорилгоо ч сайн биелүүлсэн нь харагддаг. Монголд олон сар байх хугацаандаа харж үзсэн, судалсан зүйлсээ очоод танилцуулсан нь тодорхой.

П.Поухагийн чех хэлээр орчуулж гаргасан “Монголын нууц товчоо”. 1955 он.

Нөгөө талаар эрдэмтэн хүнийхээ хувьд ч ихээхэн олз омогтой буцсан байгаа юм. Учир нь, Павел Поуха хожмоо Чехословакт монгол судлалыг хөгжүүлсэн, эх орондоо төдийгүй Европын орнуудад ч монгол судлал хөгжихөд их хувь нэмрээ оруулсан алдартай монгол судлаач болсон. Монгол судлалын уламжлалт суурьтай орнуудын судалгаа шинжилгээг ч шинэ шатанд гаргахад хувь нэмрээ оруулсан гэж үнэлэгддэг. Тэр үед танилцсан манай Академич Б.Ринчен гуай зэрэг эрдэмтэн судлаачид ч тэндхийн монгол судлал хөгжихөд их нөлөө үзүүлсэн юм билээ.

П.Поуха Монголд удаан хугацаагаар байж, нийтдээ 10 гаруй мянган км аялж Монгол орон, Монголын ард түмний ахуй амьдрал, түүх соёл, ёс заншил, тухайн үеийн нийгмийн байдал, хөгжил дэвшилтэй танилцсан. Нутагтаа очоод “Монгол орноор 13000 км аялсан нь” гэдэг ном бичиж, 1957 онд хэвлүүлсэн. Монголд байхдаа “Монголын нууц товчоо” судлалынхаа талаар илтгэл тавьж, тэрнийг нь хожмоо нэртэй эрдэмтэн болсон Ц.Дамдинсүрэн, О.Намнансүрэн, Н.Сэр-Оджав тэргүүтэй эрдэмтэд сонсож, түүнтэй уулзаж ярилцсан байдаг. Хажуугаар нь Гандангийн номтой лам нартай ч уулзаж ярилцсан байгаа юм. Өөрөө төвөд судлаач хүн учраас шашны талаар бас их сонирхож байжээ. 

Академич Б.Ринчен, П.Поуха нар Монголын баруун хязгаарт. 1955 он.

Тэрээр баруун аймгуудаар Баян-Өлгий хүртэл явсан. Тэр аяллын гол хөтөч, хамтрагч нь Академич Б.Ринчен гуай байсан. Хоёр их эрдэмтэн ингэж их дотно танилцжээ. Сонирхолтой нь, Б.Ринчен гуай, П.Поуха хоёр 1905 онд төрсөн үе чацуутнууд юм билээ. Тэр аяллын үеэр нь өвөл болчихсон, цаг агаар хүйтэрч хүндэрсэн үе таарсан ч задгай “Жаран ес” машинтай, жолоочтойгоо гурвуул олон хоног явж, их зүйл үзжээ. Тэр үеийн зам харилцаа ямар байсан билээ гээд бодохоор үнэхээр хүнд хэцүү, амаргүй аялал байсан нь тодорхой. Академич Б.Ринчен гуай тэр хоёрын нэг гэрэл зураг байдаг шүү дээ, П.Поуха үнэгэн лоовууз малгайтай, үстэй дээлтэй авахуулсан. Увс аймгаас Баян-Өлгий аймаг руу явахад нь нутгийн хүмүүс тэр малгайг түүнд бэлэглэсэн юм билээ. Баян-Өлгий аймагт очиход нь бас хувцас хунар бэлэглэсэн гэдэг.

Академич Б.Ринчен гуай түүнийг дагуулаад замд тааралдсан хадны зураг, хиргисүүр, булш, хот суурины балгас гээд зөндөө олон дурсгалыг үзүүлж, зургийг нь авч, хэмжилт хийхэд тусалж явсан. Ийм шинжлэх ухаанчаар хандсан нь бас л давхар санаатай байсан байх. Өөрөөр хэлбэл, Европын шинжлэх ухааны анхааралд Монголынхоо баялаг өв соёлыг өртүүлэх алхмыг хийсэн хэрэг.

П.Поухагийн бичсэн “Монгол орноор 13000 км аялсан нь” ном. 1957 он.

П.Поуха “Монгол орноор 13000 км аялсан нь” номдоо Академич Б.Ринчен гуайтай явсан тухайгаа их дэлгэрэнгүй бичсэн байдаг. Мөн манай үйлдвэр комбинатын байдал, Хөвсгөл аймгийн Ханхаар орж, гарч байгаа барааны нэр төрөл, очсон аймаг, сумынхаа мал сүргийн тоо толгой, 1955 оны Улаанбаатар хотын байдал, зундаа бороо орж гудамж талбай үерлэн шавар шавхай болдог гэх мэт тэр үеийн монголчуудын амьдрал ахуй, үзсэн харсан бүхнээ тод томруунаар уг номдоо бичсэн. Тэр үед Монгол-Хятадын харилцаа сайжирсан, аймаг, сум бүрд хятад ажилчид барилга барьж, гахай шувуу үржүүлж, тэжээж байсныг ч орхиогүй. Түүнчлэн “Монголын нууц товчоо”-ноос эхлээд монгол судлалын тухай үзсэн харсан бүхнээ их дэлгэрэнгүй бичиж хэвлүүлжээ.

Энэ далимд дуулгахад, уг номыг миний бие чадан ядан орчуулаад дууссан юм. Харин хэвлүүлэх арга учраа хараахан олоогүй, бас хажуугаар нь одоогоос 70 шахам жилийн өмнө бичигдсэн болохоор техникийн талын бага сага бэрхшээлүүд гараад түүнийхээ учрыг бүрэн олж чадаагүй л байна.

Түүний дараа 1957-1958 онд Чехийн археологич Люмир Ийсл Монголд ирж судалгаанууд хийсэн. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумын нутгаас Түрэгийн хаант улсын жанжин Культегины онгоныг олсон. Энэ хүн бас Монгол орны талаарх маш олон гэрэл зураг авч Европт танилцуулсан. Саяхан энэ зургуудыг ном болгож, монголчуудын хүртээл болгосон байна лээ. Сонирхолтой өнцгөөр авсан, тухайн үеийн түүхийг өгүүлсэн олон сайхан зураг бий. (Люмир Ийслийн дарсан гэрэл зургуудыг дараах холбоосоор орж үзнэ үү. https://reportermagazin.cz/…/jsem-na-prahu-velikeho-cile)

Люмир Ийслийн Монголд авсан гэрэл зургаас. 1957 он.

Өөрөөр хэлбэл, энэ мэтээр Чехословак улс маань саяхан дипломат харилцаа тогтоосон Монгол гэдэг улстайгаа цаашид хэрхэн яаж харилцаж, ямар чиглэлээр хамтран ажиллах вэ гэдгээ судлаачид явуулж тандаж, судалсан хэрэг. Хожмын харилцаандаа ч үүнийгээ гол зарчим, мөрдлөг болгож ажилласан даа.

Монгол Улс Европ дахь анхны Элчин сайдын яамаа Прагад нээж байв

-Манай хоёр улс 1956 онд Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улсын хувьд Европ талдаа Москвагийн дараа хамгийн түрүүнд Прагад Элчин сайдын яамаа нээсэн юм. 1950-1956 онд Чехословак улсыг Москва дахь Монголын Элчин сайд хамаарч байгаад 1956 онд Прагад Элчин сайдын яамтай болж, анхны суурин Элчин сайдаар С.Равдан генерал томилогдон очиж байжээ. Дараа нь Гадаад явдлын яамны сайд ч байсан Б.Жаргалсайхан гуай Элчин сайдаар томилогдож ажилласан. Улмаар эдийн засгийн харилцаа хөгжсөнтэй холбоотойгоор дараа дараачийн Элчин сайд нарыг Засгийн газарт удирдах ажил хийж байсан хүмүүсээр голдуу томилсон байдаг юм. Энэ бол эдийн засаг, худалдаандаа манай улс ихээхэн анхаарч байсны илрэл байх. 

Шинээр дипломат харилцаа тогтоосон Европын социалист системийн орнууд дотроос Чехословак нь эдийн засгийн чадамж болон бусад зүйлээрээ арай илүү байсан. Энэ нь бас учиртай. Австри-Унгарын эзэнт гүрэн задраад, Чехословак улс 1918 онд байгуулагдсан түүхтэй юм. Чех нь Австри-Унгарын эзэнт гүрнийхээ хэмжээнд хүн амын 20 хувь, эдийн засгийнх нь 27-28 хувийг бүрдүүлж байсан юм билээ. Бүр дэлхийн I-II дайны хооронд эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч 10 улсын дотор ордог байсан. Одоо ч Чехийн аж үйлдвэр Европтоо томд орно. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, үйлдвэрлэл нь дээр үеэсээ хөгжчихсөн газар. Зэвсгийн үйлдвэрлэл өндөр хөгжсөн, дэлхийн II дайны үед л гэхэд бидний мэдэх немц винтов, танк зэрэг дайны гол зэвсгийг үйлдвэрлэдэг үйлдвэрүүд нь Чехэд байсан. Дэлхийн II дайн эхлэхэд германууд хамгийн түрүүнд Чехийг эзэлж авсан нь ч үүнтэй холбоотой. Дайны гол зэвсгүүдийг тус улсад үйлдвэрлэж байв. 

Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа өргөжсөөр 1970-аад оны үе гэхэд манай улсын эдийн засгийн 5 хувийг Чехословак эзэлж байлаа шүү дээ. Зөвлөлт Холбоот Улсын дараа ордог хамгийн өргөн эдийн засгийн харилцаатай улс нь Чехословак байсан гэсэн үг. Араас нь Ардчилсан Герман, Польш гээд ордог байж. Тэр үед Чехословакийн талаас маш их санаачилга гарсан байдаг. Манайтай хэрхэн яаж харилцаж, аль салбарт нь илүү их анхаарч хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ ч нарийн судалж тандсан нь харагддаг. Мэдээж өөрийнх нь аж үйлдвэр, худалдааны сонирхол ч байсан биз. 

Хоёр орны өргөн хүрээтэй хамтын ажиллагаа орчин үеийн харилцааны үндэс суурь болсон

-Чехословакийн талаас 1957, 1958 оноос эхлээд Монголд арьс ширний үйлдвэрүүдийг байгуулсан. Хонь, ямааны арьс боловсруулдаг төрөлжсөн шевро, шевретийн үйлдвэр, сүүлдээ бүр гутлын үйлдвэр, хувцас, савхин дээл, куртик оёдог үйлдвэрүүд ч байгуулсан. Нэг ёсондоо арьс ширний үйлдвэрийг иж бүрэн цогцолбороор нь байгуулж өгсөн. Мэргэжилтнүүд нь ирдэг, манай оюутнуудыг сургадаг, ажилчдыг дадлагажуулдаг гэх мэт байнгын хамтын ажиллагаатай. Манай улсаас олон зуугаар нь ажилчдыг аваачиж сургаж дадлагажуулсан. Арьс ширний үйлдвэр бол Монголын аж үйлдвэрийн комбинатын гол цөм нь байсан. Тэдэнд бас манай мал аж ахуйн бүтээгдэхүүн, арьс ширийг боловсруулж авах сонирхол ч байсан.  

Мөн машин, механизмыг манай улс руу оруулж ирсэн. Уул уурхайн салбарт Чехословакийн хүнд машин механизмуудыг өргөнөөр ашиглаж байлаа. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Кароса” автобус нь голлон явж, “Шкода” гэдэг суудлын тэрэг нь орж ирсэн. “Ява” мотоцикл хот, хөдөөгүй гол унааны нэг байсныг бүгд мэднэ. Мөн геологийн чиглэлээр ажиллаж, 1964 оноос хайгуулын ангиуд нь ирж ажилласан. СЭВ-ийн орнуудын геологийн экспедиц гэж Монголд ажилладаг байлаа. Түүний томоохон бүрэлдэхүүн хэсэг нь Чехословакийн мэргэжилтнүүд байв. Өнөөдрийн “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн ордыг Чехословакууд нээсэн. Том хэмжээний ашиглаж болох орд байна гэдгийг нь тогтоосон хэрэг. Өөрсдөө ч бас зэсийг нь авах сонирхолтой байсан юм билээ. Чехословакийн нутагт зэс олборлодог байгаад зэсийнх нь нөөц дууссан учир үйлдвэрээ цаашид ажиллуулах түүхий эд хэрэгтэй байсан. Гэвч 1968 оны “Прагийн хавар” гэгддэг Чехословакт болсон улс төрийн хэрэг явдлын улмаас оролцох боломжгүй болсон. Дээрээс нь ЗХУ Эрдэнэтийн зэсийг сонирхож байсан. Ингээд манайхан ЗХУ-тай хамтарч үйлдвэр байгуулсан түүхтэй. 

Эрдэнэтийг нээсэн хүмүүс олон жил Монголтой хамтарч ажилласан байдаг. Сүүлдээ геологийн байгууллагын удирдлагадаа ч ажиллаж байсан. Манай геологи, уул уурхайн салбарыг удирдаж байсан П.Очирбат, Ч.Хурц, М.Пэлжээ нар Чехословакийн геологичидтой сайхан танилууд байжээ. Би 2007 онд Элчин сайд байхдаа зарим хүнийг нь “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан. Мөн Чехэд Эрдэнэтийг хэрхэн нээсэн талаар шинжлэх ухааны талаас нь бичсэн ном хүртэл гаргасан. Энэ утгаараа Чехословакууд Монголын геологийн хөгжилд их хувь нэмэр оруулсан юм. 

Түүнчлэн Чехословакууд манай Нэгдүгээр эмнэлгийг барьж өгсөн. Үүний зэрэгцээ манай улс Чехословакт оюутнуудаа олноор нь сургасан. 1950 оны дундаас анхны оюутнуудыг явуулаад 1968 он хүртэл эрчимтэй сургасан байдаг. 1968 оны улс төрийн хэрэг явдлаас үүдэлтэйгээр манайх тэнд суралцаж байсан оюутнуудаа татаж авснаар хэсэг тасалдсан. 1971 оноос дахин оюутнуудаа сургаж эхэлсэн. Эхлээд 3 оюутан, дараа жил нь 6 оюутан, тэгээд 14 оюутан, 30 оюутан болж өссөн. Сүүлдээ 1980-аад онд жил бүр 50-60 оюутан жилд сургадаг болж өргөжсөн. Энэ мэтээр хоёр орны хамтын ажиллагаа маш өргөн хүрээтэй байсан. Энэ бүхнийг нэгтгээд дүгнэхэд, 1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхнээс манай хоёр улс бодит хамтын ажил руу орсон. Хэдийгээр үзэл суртал, социалист системийн харилцаа гэгддэг байсан ч энэ бүхэн нь Монгол, Чехословакийн харилцааг бэхжүүлж, цаашид амьдрах чадвартай болгож, орчин үеийн хоёр орны ард түмний харилцааны бат бөх үндэс суурийг тавьж өгсөн юм.

Энд онцлон дурдах нэг асуудал бол Чехословакийн соёл, спортын нөлөө манайд багагүй үлдсэн байдаг юм шүү дээ. Тухайлбал, нэг үе “Ява” мотоцикл хот, хөдөөгүй дэлгэрч үүнээс үүдэлтэйгээр манай улсад мото спорт хөгжсөн байдаг юм. Үүнд бас Чехословакийн мэргэжилтнүүд хувь нэмрээ оруулсан. 1950 оны сүүлээр мото спорт Монголд сүрхий хөгжиж, багагүй амжилт үзүүлсэн. Энэ мэтчилэн спортын төрлүүд хөгжихөд тэд их нөлөөлсөн. Байт сурын харваа бол Чехословак мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үндэс суурь нь тавигдсан спорт. Уулын спортын мастер Р.Зориг гуай Бээжингээс наашаа галт тэргээр явж байх замдаа Чехословакийн байт сурын харвааны нэртэй тамирчинтай танилцаад, “манайхан нум сум харвадаг уламжлалтай улс. Ер нь энэ спортыг чинь хамтарч хөгжүүлбэл яасан юм бэ” гээд ярилцсан байгаа юм. Тэгээд Чехословакаас 1960, 1961 онд манайд мэргэжилтнүүд ирж, байт сурын харваа хөгжиж эхэлсэн юм билээ. 1970 онд манай Д.Дэмбэрэл гэдэг тамирчин байт сурын харваагаар дэлхийн аварга болж байсан түүхтэй. Ийм байдлаар Монголд соёл, спортын нөлөө их байсныг өнөөдөр дурсахад таатай байна. 

Монгол-Чехийн харилцаа-өнөөдөр

-Чех бол 10 сая хүнтэй улс. Тэнд одоо 12 мянга гаруй монгол хүн сурч, ажиллаж, амьдарч байна. Оюутнууд бас олноороо сурч байна. Цаашид бүр нэмэгдэх байх. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт” хөтөлбөрт Чехийг багтаах талаар хоёр талаасаа нэлээн ажиллаж байгаа гэсэн. Чех бол Европын орнуудаас монголчуудад хамгийн ээлтэй орон. Дэлхийд БНСУ, АНУ-ын дараа хамгийн их монголчууд амьдардаг 3 дахь орон шүү дээ. Социализмын үед үзэл суртал бусад олон асуудал байсан ч хоёр хөршөө давж гурав дах хөршийн найрсаг харилцааг бий болгосон орон бол өнөөдрийн Чех. Яагаад Чехэд монголчууд одоо ч олноороо амьдраад байгаагийн шалтгаан бол ерөөсөө л хүмүүс хоорондын дотно харилцааны суурь зөв тавигдсан явдал. Энэ харилцаагаа ч амьдрал дээр харуулж, хөгжүүлж ирсэн. Үнэхээр олон чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаа бэхэжсэн.

Ер нь чехүүд монголчуудыг маш сайн хүлээж авдаг. Энэ бол өмнөх харилцаанаас үлдсэн найрсаг харилцааны суурь бат бөх байгаагийн илэрхийлэл гэж хэлж болно. Хоол ундны хувьд ч монголчуудтай ойролцоо мах ихтэй, өөх тостой хоол ихэвчлэн иддэг. 

Тэнд нэг их өндөр цалинтай болохоор хүмүүс очиж ажиллаж, амьдраад байгаа юм биш, Америк, Өмнөд Солонгосыг бодвол цалин бага. Гэхдээ л хүмүүс цалингаараа сэтгэл хангалуун амьдарч болдог таатай орон. Одоо бүр Чехэд ажиллаж амьдарч байгаа ч гэсэн яг Монголдоо амьдарч байгаа юм шиг нийгмийн даатгалаа тооцуулаад, тэтгэвэр авах боломжтой болж байна. Ер нь манай хоёр ард түмэн бол бие биедээ дассан улс даа. Монголчуудыг гадуурхдаггүй, нутгийнхантай адилхан цалин хөлс авдаг. Амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг ийм улс шүү дээ.

Өндөр хөгжилтэй Европын орнууд нэгдэж Эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (OECD)-ыг байгуулсан байдаг юм. Улс орнуудад хөгжлийн тусламж үзүүлдэг байгууллага. Тэр нэгдэлд Чех байдаг. Энэ шугамаараа Чех 1990 оноос хойш Монголд хамгийн түрүүнд хөгжлийн тусламж үзүүлж эхэлсэн. 2006 оноос хойш зарим улс Монголын эдийн засаг гайгүй болчихлоо гээд төсөл хөтөлбөрөө зогсоосон. Харин Чехүүд үргэлжлүүлсээр байгаа. Ойн аж ахуй, усны аж ахуй гэх мэт олон жижиг төсөл байдаг. Одоо ч зарим нь үргэлжлээд явж байгаа. 

Одоо үед олны мэдэх тахийн төсөл байна. Прагийн Амьтны хүрээлэн энд маш их үүрэгтэй оролцсон. Хамаг гол санаачилга тэднээс гарсан. Учир нь Прагийн Амьтны хүрээлэн чинь дэлхий дээрх амьтны хүрээлэнгүүдэд байгаа монгол тахийн удмын сангийн нарийвчилсан тэмдэглэлийг хөтөлдөг. Энэ утгаараа тахийг эх нутагт нь сэргээн нутагшуулах ажилд гол зохицуулагчийг хийж, манлайлан оролцохоос өөр аргагүй юм. Манайхан ч энэ сайхан харилцааг олон жил таслалгүй авч явж, тахь нутагшуулах төслийг үргэлжлүүлсээр байгаа нь сайшаалтай. Прагийн Амьтны хүрээлэн одоо Дорнод аймгийн нутагт шинээр тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлэх гэж байна. Чехийн Жанжин штабын дарга байхдаа Монгол руу тахь тээвэрлэх ажлыг дэмжиж, армийн онгоцоороо тусалж тээвэрлэлтийг хийлгэж байсан Петр Павел гэж хүн саяхан тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдчихлоо. Энэ бол бас л Чехийн талтай харилцах харилцаа дээр монголчуудад нэг боломж гарч ирж байна гэсэн үг. 

Чехийн монгол судлал одоо ч идэвхтэй хэвээрээ

-Чех бол Европ дахь монгол судлал хөгжсөн гол төвүүдийн нэг. Олон монголч эрдэмтэнтэй, одоо ч энэ хэлхээ холбоо нь тасраагүй, монгол судлалыг байнга дэмжиж ирсэн улс. Мэдээж Павел Поуха гуай энд хамгийн түрүүнд дурсагдах эрдэмтэн. “Монголын нууц товчоо”-г судалж, чех хэл рүү орчуулсан, Монгол орны талаар ном хэвлүүлж, олон өгүүлэл бичсэн хүн. Дээр хальт дурдсан Люмир Ийсл гэж археологич 1957, 1958 оны үед Монголд ирж баахан зураг авсан. Энэ хүний авсан гэрэл зургууд бол Монголын ховор содон гэрэл зургийн тоонд орчихоод байна шүү дээ. Энэ хүн бас л судалгаа тандалтын ажлаар ирж Монгол оронтой танилцсан хүн. Монгол судлалд ч их хувь нэмэр оруулсан. Монголч эрдэмтэн Иржи Шима гэж хүн байлаа. Тэр хүн бол Монголд ирж, МУИС-д монгол хэл сураад, Чехдээ эргэж очоод, тэндхийнхээ монгол судлалыг үүрч явсан хүн. 

Чехийн монголч эрдэмтэн Ярослав Вацек.

1970 оны эхээр Карлын их сургуулийн багш, энэтхэг судлаач Ярослав Вацект төр засгаас нь даалгавар өгч Монголд нэг жил сургасан байгаа юм. Монгол хэлийг гайхалтай сайхан сурсан. Тэрээр Карлын их сургуульдаа 1977 онд монгол хэлний ангийг нээгээд, түүнийгээ олон жил удирдсан. Тэнд манай монгол хэлний нэртэй эрдэмтэд болох Чой.Лувсанжав, Ж.Санжаа, Б.Пүрэв-Очир гээд олон хүн очиж ажиллаж, багшилж байлаа. Сүүлд Ж.Лувсандорж гуай олон жил ажилласан. Тэндээс монгол хэлтэй олон эрдэмтэн судлаачид төрөн гарсан. Ярослав Вацек, Ж.Лувсандорж гуай нар бурхан болсон ч монгол хэлний хичээл нь үргэлжилж байгаа. Уламжлал тасраагүйгээр барахгүй Брнод бас монгол хэлний анги сүүлд нээгдсэн байна. Энэ утгаараа Чех бол монгол судлалыг анхаараад аваад явдаг, үүсгэн байгуулсан зүйлээ устгадаггүй, Монголоос харилцаа холбоогоо таслахгүй гэсэн эрмэлзэлтэй улс. Тэнд одоо ч монголчууд олноороо амьдарч байгаа нь монгол судлалыг устгахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг гэж би боддог. 

Намайг Элчид сайд байхад…

-Намайг Элчин сайдаар ажиллаж байх үед буюу 2005-2009 онд Чехэд 15000 орчим монгол хүн ажиллаж амьдардаг байсан. Монголчууд маань ихэвчлэн тэндхийн оёдлын үйлдвэр зэрэг хөнгөн үйлдвэрүүдэд ажиллана. Бас нэг хэсэг нь электроникийн салбарт ч ажилладаг байлаа. Одоо ч энэ хэвээрээ байх. Бусад орныг бодоход ажиллах хүчний квот монголчуудад арай өндөр байдаг. Социализмын үед олон зуугаараа очиж сурч, дадлагажиж байсан болохоор монголчуудын зан чанарыг мэддэг, ойлголцдог, манайхан ч тэдний итгэлийг бусад орны хүмүүсээс илүү хүлээдэг болчихсон, зан зангаа мэдэлцчихсэн нь ийн нөлөөлсөн хэрэг. 

Олон хүн ажиллаж амьдардаг учраас Элчин сайдын яамнаас оролцож зохицуулж, шийдвэрлэх өдөр тутмын асуудлууд зөндөө гарна. Тэр олон хүнээс чинь өвдөж зовно, үхэж үрэгдэнэ, гэмт хэрэгт холбогдоно, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах шаардлага гарна гээд Элчин сайдын яамны оролцох асуудал мундахгүй их. 

Яг тэр үед буюу 2008, 2009 онд дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямрал болсон. Үүнээс үүдэлтэй зарим үйлдвэр хаагдаж, тэнд ажиллаж байсан хүмүүс ажилгүй болсон. Тэр ажилгүй болсон хүмүүст Чехийн талаас халаасны мөнгө гэж 500-600 евро өгүүлээд онгоцных нь зардлыг даалгаж, Монгол руу буцаах хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Энэ нь олон хүнд тусалсан жижиг биш ажил байсан юм. 

Дээр дурдсан Чехийн хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хугацаа дуусаж байсныг бид дахиж ярилцаад сунгасан. Тэнд ажиллагсдын нөхцөл байдлыг сайжруулах тал дээр Чехийн талтай бас ярилцдаг байлаа. Тэрний нэг гол хэсэг нь Чехэд ажиллагсдын нийгмийн даатгалын асуудал. Саяхан хоёр улсын эрх бүхий байгууллагууд эцэслэн баталж, 2023 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөхөөр болоод байгаа хоёр улсад ажиллаж буй иргэдийн нийгмийн даатгалыг харилцан тооцдог болох хэлэлцээр олон жил яригдсан юм шүү дээ. Намайг Элчин сайд байх үед бас л нааштайгаар яригдаж, 2007, 2008 онд бараг гарын үсэг зурчих дөхөж байлаа. Голдуу манай талаас, манай улс төрийн тогтворгүй байдал, яам тамгын газрын ажлын залгамж чанар байдаггүйгээс болж хойшилж ирсэн юм. Олон жил болсон ч ямартай ингээд хэлэлцээр байгуулагдлаа. Энэ нь цэвэр монголчуудад ашигтай хэлэлцээр. Тэр олон хүн нийгмийн даатгалаа тооцуулаад тэтгэвэр авах эрх нь үүсэж байгаа гэсэн үг. Энэ бүхнээс үзэхэд, чехүүд аливаа юманд төлөвлөгөөтэй, тууштай ханддаг хүмүүс гэдэг нь харагдаж байгаа биз. 

Ер нь чех хүмүүс бол ирээдүйгээ харж, нягт нямбай төлөвлөдөг, цаг барих тал дээрээ германчуудтай адилхан соёлтой, хэлсэн ярьсан зүйлээ яг биелүүлдэг, ямар ч хүнтэй амархан эелдэг, соёлтой харилцааг үүсгэчихдэг, нягт нямбай, бас шооч наргианч хүмүүс дээ.

Вацлав Клаус Ерөнхийлөгч Монголд элэгтэй, намайг урьж хамтдаа жааз сонсдог байлаа

-Миний төгссөн Карлын их сургууль бол Европын анхны их сургуулиудын нэг, 1346 онд байгуулагдсан. Би энэ сургуулийг Чех хэл, утга зохиол, социологич мэргэжлээр төгссөн юм. Москвад Дипломатын академийг хожим бас төгссөн. Тухайн үеийн Гадаад явдлын яамны захиалгаар суралцсан учраас сургууль төгссөн цагаас хойш ГХЯ-тай ажил амьдралаа холбож, ГХЯ-нд олон төрлийн алба хашсаны зэрэгцээ болон Чех, ОХУ, БНХАУ зэрэг оронд дипломат ажил хийж явлаа.

Намайг Чех Улсад Элчин сайдаар 2005 онд томилогдон очиход тус улсын Ерөнхийлөгч нь улс төрийн нэрт зүтгэлтэн, эдийн засагч Вацлав Клаус гуай байсан юм. Тэр хүнд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, танилцлаа. Карлын их сургууль төгссөн, Чех хэлтэйг минь тоож сонирхож байна. Чехэд цөөнгүй монголчууд суралцаж, мэргэжил эзэмшсэн, сүүлийн жилүүдэд тэрхүү төгсөгчдөөс Элчин сайд томилон ирүүлж байгааг ерөнхийлөгч сайшаан дурдаад, Прага дахь дипломат корпусын чех, словак хэлтэй элчин сайд нартай илүү идэвхтэй хамтран ажиллах үүргийг Тамгын газрын даргадаа уулзалтын үеэр өгч байв. Ингээд ажиллаж эхэлсэн анхны үеэсээ ерөнхийлөгч В.Клаус гуай, түүний Тамгын газартай дотно харилцаатай болж билээ. Тамгын газрын дарга Иржи Вайгл мөн надтай нэг үед оюутан байсан П.Баяртай Эдийн засгийн дээд сургуульд бас цуг сурч, нөхөрлөж байсан болж таарлаа. Найзын найз гэсэн үг л дээ. Ингээд Тамгын газрын даргатай ч ойр харилцаатай болов. Яг тэр үед Ж.Уэтерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” ном гарч, тэр номыг Чех хэлээр тэр даруйд нь орчуулсан байв. Бараг хамгийн түрүүнд орчуулж гаргасан байх. Нөгөө номыг би аваад Тамгын газрын даргатай уулзаад “Энэ ийм учир, агуулгатай ном гарсан юм. Танайхан их аятайхан, шуурхай орчуулаад гаргасан байна” гээд, В.Клаус гуайн анхааралд толилуулж өгөхийг хүссэн бөлгөө. Бас л нэг харилцаагаа дотно байлгах, Монгол Улсаа сурталчлах санаа юм. Чех Улс Европын холбоонд элсчихсэн, улс төрчид нь баруун руу илүү анхаарал хандуулдаг болчихсон, тийм үе л дээ. Энэ дундуур Монгол гэж эртний анд нөхөр чинь байгаа шүү гэдгийг сануулаад буй хэрэг. Гэхдээ Вацлав Клаус Ерөнхийлөгч Монголд элэгтэй, өмнөх нийгмийн үед хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны дажгүй сайн үндэс суурь тавигдсаныг бэхжүүлж, шинэ үеийн харилцааг хөгжүүлэх ёстой гэсэн итгэл, үнэмшилтэй хүн байсан, тиймээс ч манай талын саналыг хүлээж авч 2006 оны намар Монгол Улсад айлчилсан юм. 

Вацлав Клаус Ерөнхийлөгч өөрөө жааз хөгжимд их дуртай хүн. “Прагийн шилтгээн дэх жааз” гэсэн цуврал концерт тоглуулж, дотоод, гадаадаас залсан хөгжимчдөө өөрөө танилцуулан, анд нөхдөө урьж сонирхуулдаг байв. Эл цуврал арга хэмжээг тогтмол зохион байгуулах үүргийг нэрт хөгжимчин Карел Вагнер хариуцаж байлаа. Тэрбээр 1968 оны наймдугаар сард Монголд Чехословакийн соёлын өдрүүдэд оролцож тоглохоор манайд ирээд, Зайсангийн орчимд осолдсон Чехословакийн алдартай жааз хамтлагийн гишүүн байсан, азаар амьд үлдсэн гурван хүний нэг юм. Тэрхүү тоглолтод ерөнхийлөгч цөөн элчин сайдыг урьдаг байсан, намайг харин жааз хөгжим сонсох дуртай гээд бараг бүх концертдоо урина. Тэнд очиход Ерөнхийлөгч болон Тамгын газрын даргатай байнга уулзана. Монголын талаас Чехийн Ерөнхийлөгчийг Монголд айлчлуулахаар хөөцөлдөж байсан үе ч таарсан. Чех-Монгол олон жилийн найрсаг харилцаатай, маш олон монголчууд энд сурч, дадлагажиж байсан, одоо ч хэдэн мянгаараа Чехэд ажиллаж, амьдарч байна, Та Монголд айлчилбал хэчнээн сайхан бэ гээд тэр дунд бас л яриа хөөрөө байнга явна. 

БНЧУ-ын Ерөнхийлөгч Вацлав Клаус Монгол Улсад. 2006 он.

Айлчлалынхаа үеэр “Монголд нэг жааз үзчих юмсан” гээд…

Вацлав Клаус Ерөнхийлөгч 2006 оны 9 дүгээр сарын 25-27-нд Монгол Улсад айлчилсан. Айлчлалын албан ёсны арга хэмжээ ч сайхан болж өндөрлөлөө. Тэгтэл В.Клаус гуай надад хандаад, “өнөө орой Улаанбаатарт жааз тоглолт юу байна, Монголд нэг жааз үзчих юмсан” гэж байна шүү. Гэтэл манайд тэгж бэлэн зэлэн тоглоод байдаг биш. Чехэд төгссөн, Улаанбаатарын хөгжмийн амьдралыг сайн мэдэх “Шар айраг” хамтлагийн Г.Ганхүү рүү залгалаа даа. Манайд чинь жааз хөгжим тоглодог клуб энэ тэр юу байна гээд, нөгөөх маань “өө, яасан хэцүү хүсэлт вэ, бид “Айриш паб”-д хааяа тоглодог л доо” гэж байна. Прагад байдаг шиг амьд жааз хөгжмийн тоглолттой жирийн газраар орж жаахан суунгаа хөгжим сонсъё л гэж байгаа юм, чи нэг аргалж үз, орой очно оо л гэлээ. Зочид “Кемпински” буудалд байрлаж байсан юм. Ёслолынхондоо хэлтэл албан ёсны хөтөлбөр дууссан тул машин тэрэг буучихсан гэдэг юм байна. Төлөөлөгчид бүхлээрээ бус, ерөнхийлөгч цөөн хэдхэн хүнтэйгээ хамт хөнгөн маягаар гарах юм гэтэл заавал хамгаалалт, цуваа явах ёстой болоод явчихлаа. Тэр үед Төрийн тусгай хамгаалалтын албаны дарга нь Тунсаг гээд бас Чехэд төгссөн анд маань байж таарсан. Түүн рүү залгаад үүссэн байдлыг хэлж байгаа юм. Тэр маань ч нөгөө тарсан бүрэлдэхүүнээ дор нь цуглуулаад нэг цагийн дараа цуваа явахад бэлэн болсон. Цаг ч нэлээн орой болчихсон байв. Тэгсэн В.Клаус гуай “Цаг ч орой болчихлоо, одоо больё доо” гэж байна шүү. Хамт явсан Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Гадаад харилцааны яамны орлогч сайд зэрэг зарим хүн Улаанбаатарын оройн амьдралыг сонирхох завшааныг алдаагүй. Нэгэнт ингэж бэлтгүүлчихээд гэж ч бодоо биз. Харин  ерөнхийлөгч буудалдаа амраад үлдсэн. Драмын театрын ард байдаг “Irish pub”-д очиж, Г.Ганхүүгийн шуурхай бэлтгэсэн жааз хөгжмийн концерт үзэж, монгол пивыг ч таашаагаад, “Монголд, Улаанбаатарт хөгжим, цэнгээн дажгүй байдаг юм байна шүү” гээд хөгжилдсөнсөн. Тухайн өдөр арай эртхэн зохион байгуулж чадсан бол В.Клаус гуай Монголд жааз хөгжмийн концерт үзэх байсан юм даа… 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

Вацлав Клаусыг Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар шагнав.

Вацлав Клаус Ерөнхийлөгч тэр удаад Орос, Хятад, Монгол, Вьетнамаар айлчлахдаа Чехийн олон уншигчтай “Млада фронта” сонинд өдөр болгон “Тэнд, энд очлоо, ийм тийм байна” гээд одоогийнхоор бол жиргээ (twitter) маягаар товч зурвас нийтэлж байсан нь сонирхолтой байв. Монголын талаар ч их аятайхан сэтгэгдлүүдээ бичсэн байж билээ. Албархуу хуурай хэллэгээр биш, энгийн үгээр ажлаа ойлгуулах, хүмүүст хүргэх арга барил байлаа. Өдгөө “жиргэцгээдэг” болж дээ. Эцэст нь өгүүлэхэд, Монголд Элчин сайдаар ажиллаж байсан Иржи Бродский (энэ хүн Вацлав Клаус ерөнхийлөгчийн гадаад харилцааг хариуцдаг байв) нар санаачлан В.Клаус гуайн бичсэн “Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан” номыг 2019 онд монгол хэлээр орчуулж гаргасан байдаг. Номын нээлтийг хийхдээ түүнийг дахин Монголд урьж авчрахаар элчин сайд тэргүүлэн чармайлт тавьсан боловч нас өндөр болж, хол явахад хүндрэлтэй болж гээд ирж амжаагүй билээ.

Вацлав Клаус “Супермаркетаас ч илүүг хүссэн юмсан” ном.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *