ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ОРОЛЦООГ ӨСГӨНӨ
🔹ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлага, үе шатыг багасгаж, бодлогоор дэмжлэг үзүүлэн тэдгээрийн идэвх сонирхол, оролцоог нь өсгөх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг сайжруулах зорилгоор 2023-2024 онд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хөтөлбөрийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурлаа.
🔹Арилжаа эрхлэх байгууллага дээр бүртгэлтэй нийт 185 хувьцаат компани байгаагаас 2021 оны ТОП-100 ААН-д хамаарах нийт 11, 2022 оны ТОП-100 ААН-ээс нийт 9 нь нээлттэй хувьцаат компани байна. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгээр хөгжүүлэх, дотоодын бизнес эрхлэгчдэд хямд, урт хугацаат санхүүжилтийн таатай орчныг бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чиглэлээр хувийн хэвшлийг дэмжих нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой.
🔹 ТОП-100 ААН-ийн Хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ТОП-100 ААН-үүдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх ажлууд хийгдэх юм.
Санхүүгийн Зохицуулах Хороо