Ерөнхий сайд огцрох эсэхийг маргааш УИХ-аар хэлэлцэх учир Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг хойшлуулжээ

54cfb42f853d69fe9eb0c3a3b4bf8bb8

Эх сурвалж:Zuv.mn

УИх-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй 50 гаруй гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг УИХ-д өргөн бариад байгаа. Хуулиараа тус асуудлыг ажлын гурав хоногт шийдэх бөгөөд энэ баасан гарагт хэлэлцэх товтой байгаа юм. 

Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайдаар томилогдохоор болоод байсан Б.Энхбаярыг томилох асуудлыг ирэх долоо хоног болгон хойшлуулжээ. Энэ талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Маргаашийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж өөрчлөлт оруулсан байгаа. Маргааш өглөө 08.30 цагаас ТББХ П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүдийн саналыг хэлэлцэнэ. 10.00 цагаас УИХ-ын чуулган хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Даргын дэргэдэх зөвлөл дээр Б.Энхбаяр гишүүний асуудал яригдсан. УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас санал гаргаж, Ерөнхий сайдын асуудлыг шийдсэний дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох эсэхийг шийдэх нь зүйтэй гэж шийдсэн” гэлээ.

About Author