Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн энэ оны гурав дахь цахим дуудлага худалдааг зарлалаа
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн энэ оны гурав дахь цахим дуудлага худалдааг зарлалаа.
Газрын цахим дуудлага худалдааг 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлэх хүсэлтээ 05 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл www.mle.mn цахим системээр илгээх юм. Иргэн, хуулийн этгээд хаана байгаагаас үл хамааран интернет орчинд холбогдсон компьютер таблет зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан түргэн шуурхай оролцох боломжтой байна.
2022 онд нийт 9 удаагийн газрын дуудлага худалдаа зохион байгуулж, 137 байршлаас 68 байршилд ялагч тодорч, улсын төсөвт 2 тэрбум 780 сая төгрөг төвлөрүүлжээ. Харин 2023 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 60 байршилд дуудлага худалдаа зохион байгуулах юм.
Дуудлага худалдааны үнийн саналыг 05 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагаас авч эхлэх бөгөөд тухайн өдрийн 15 цаг хүртэл энгийн горимоор авна. 15 цагаас эхлэн 60 секунтын хүлээлтийн горимд шилжих бөгөөд хүлээлтийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй бол хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг ялагчаар тодруулдаг байна. Ялагчийн гар утсанд зурвасаар болон цахим хаягаар дамжуулан мэдэгдэх бөгөөд ажлын 5 хоногт багтан гэрээг биечлэн байгуулдаг байна.