Д.Ганбат: Зовлонгийн түргэн Засгийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Д.Ганбат өнөөдөр /2025.10.13/ сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Жаргалын удаан, зовлонгийн түргэн гэж Монголын ард түмэн ярьдаг. Монгол Улс нийтээрээ ийм байдалд орчихсон үед засаг төрийн асуудлаа хурдан түргэн шийдэх хэрэгтэй. Өвөлжилтийн бэлтгэл хангагдсан уу гээд шил дарсан их ажил байна. Гадаа эмч, багш нарын жагсаал болж байна. Эрүүл мэндийн даатгалын сан хувхайрсан, хүүхдүүд 60, 70-уулаа нэг ангид хичээллэж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ хаданд гарсан, доллар, юанын ханш ямар байгаа билээ, хэрүүлээс илүү засаг төрд хийх ажил их байна. УИХ-аар хэлэлцээд ирэхээр ард түмнээс нуусан хаасан юм нь хулгай муу муухай нь их байдаг юм байна. Улсын нууцад авдаг цөөхөн хэдэн юм байгаа. Аж ахуйн гэрээ, нүүрсний үнэ зэргийг улсын нууцад аваад байх шаардлагагүй. Ард түмнээсээ л нууцлаад байна. Хулгай хийсэн гэдгээрээ манай улс доог тохуу болж байна.
Засгийн газрыг огцруулах дээр бүлгийн шийдвэр, Ардчилсан намын улс төрийн шийдвэр гараагүй байна, ярилцаж байгаад шийдвэр гаргах байх.
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг дэмжиж гарын үсгээ зурсан. З.Мэндсайхан гишүүн санаачилсан байсан. 60 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан байсан. Олонхийн байр суурь бол УИХ-ын даргыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжиж байгаа юм байна гэж үзээд зурсан” гэлээ.