Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Дундговь сүүл мушгижээ

0

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 11 дэх жилдээ танилцуулж байна.

Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулан судалсан аймгуудын өрсөлдөх чадварын тайлан нь эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Судалгааны мэдээллийн эх үүсвэр нь статистик мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг юм.

Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Дорноговь аймаг тэргүүлж, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд 2, 3, 4, 5, 6-рт эрэмбэлэгджээ. Дорноговь аймгийн бизнесийн үр ашиг бүлгийн оноо буурсан хэдий ч, засаглалын үр ашиг, эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн оноо өссөн. Улмаар засаглалын үр ашиг, дэд бүтэц бүлгийн үнэлгээгээр 1-рт эрэмбэлэгдэж, өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр тэргүүлжээ. Харин өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр 4-рт эрэмбэлэгдсэн Өмнөговь аймаг эрэмбийн хувьд өөрчлөлтгүй ч, өрсөлдөх чадварын ерөнхий оноо 6.7-оор буурсан. Үүнд бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд суларсан нь хамгийн голлох нөлөөг үзүүлжээ.

Харин Дундговь, Завхан, Булган, Говь-Алтай, Баянхонгор аймгууд хамгийн бага үнэлгээ авчээ. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь аймаг, Бизнесийн үр ашгаар Дархан-Уул аймаг, Засаглалын үр ашиг болон Дэд бүтцээр Дорноговь аймаг 1-рт эрэмбэлэгджээ.

Тайланд тухайн жил өрсөлдөх чадвараар 1-рт эрэмбэлэгдсэн аймаг 100 оноотой гэж үзвэл бусад аймаг хэдэн оноотой байгааг харьцуулдаг юм байна. Аймгуудын өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 65 болж өнгөрсөн жилээс 6 оноогоор буурсан байна. Мөн бизнесийн үр ашиг үндсэн бүлэг 9 оноо, эдийн засгийн тамир тэнхээ үндсэн бүлэг 6 оноо, дэд бүтэц үндсэн бүлэг 0.6 оноогоор тус тус буурчээ.

Аймаг тус бүрээр нь харвал 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн оноос өссөн. Үүнд Булган, Завхан, Говь-Алтай аймаг багтаж байна. Харин үлдсэн 18 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өнгөрсөн онтой харьцуулахад ахиагүй байна.

Нийт 21 аймгаас 3 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо өссөн нь Булган, Завхан, Говь-Алтай аймгууд юм. Булган аймгийн оноо 11-ээр, Завхан аймгийн оноо 8-аар, Говь-Алтай аймгийн оноо 1-ээр өссөн. Гэвч ерөнхий эрэмбээр Булган аймаг 19-рт, Завхан аймаг 20-рт, Говь-Алтай аймаг 18-рт эрэмбэлэгдсэн байна.

Өрсөлдөх чадварын ерөнхий оноо хамгийн ихээр буурсан аймгууд нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгууд буюу баруун хязгаарын 3 аймаг байна. Ховд аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн орчны үзүүлэлтүүд, Увс аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад бизнесийн эрхзүйн үзүүлэлтүүд, Баян-Өлгий аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий оноо буурахад технологийн дэд бүтэц, менежментийн хэвшлийн үзүүлэлтүүд ихээхэн нөлөөлсөэ байна.

21 аймгаас Дундговь 21, Завхан 20, Булган 19, Говь-Алтай 18, Баянхонгор 17 аймгууд сүүлд эрэмбэлэгдлээ. Эдгээр 5 аймаг Бизнесийн үр ашиг үндсэн бүлгийн хувьд сул байгаа нь нийтлэг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *