Б.Жавхлан: Төсвийг эргүүлэн татах боломжгүй
Эх сурвалж: Nnews.mn
Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Төсвийг батлах асуудал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу л явна. Төсвийн хэлэлцүүлэг гуравдугаар шатандаа орчихвол цаашаа хэлэлцэхэд амархан болно. 2026 оны төсвийг эргүүлэн татна гэсэн асуудал байхгүй. Засгийн газар төсвөө хугацаандаа өргөн барьсан одоо төсөвтэй холбоотой асуудал УИХ-ын мэдэлд байгаа. Одоо УИХ дахь ажлын хэсэг байгуулагдахыг л хүлээж байна.
Цалин, тэтгэвэртэй холбоотойгоор ажлын хэсэгт хүргэх саналаа Засгийн газар бэлдчихсэн байгаа. Төсөвт ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэхгүй. Үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газар ажиллах ёстой зарчмаараа л ажиллана гэв.
Эргэн сануулахад, өнгөрсөн Баасан гаргийн /2025.10.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал хураасан.
Санал хураалтаар нийт гишүүдийн 63.2 хувь буюу 72 гишүүний саналаар санал Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТБХ болон бусад байнгын хороод Төсвийн зарлагын, хяналтын дэд хороонд шилжүүлсэн билээ.
Мөн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийх үеэрээ Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж, тогтвортой гэсэн ангилал руу 12 жилийн дараа ахин шилжсэн гэдгийг дурдлаа.