Тэд санал болгодог албан тушаалтнаас бус, ганцхан Үндсэн хуулиас хараат ажиллах үүрэгтэй

image-f6f719c1-c748-44db-bf30-d8b9a91b7de5

Эх сурвалж: itoim.mn

Эрх баригчдын хагарал нь намын цагаан байрнаасаа хальж, төрийн институт хоорондын зөрчил болж хувирсан. Намын зовлонгоо төрийн зовлон болгож буй эхний зөрчлийг дэнслэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно. Тодруулбал, УИХ-ын өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн УИХ-ын чуулганыг удирдсан үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэнэ.

Их суудлын хуралдаанд Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн бүгд оролцдог бөгөөд шийдвэр нь эцсийнх, шууд хэрэгжих эрх зүйн чадамжтай гэсэн үг. Нийгэмд талцал үүсгээд буй энэхүү маргааныг дэнслэх, Үндсэн хуулийг салаа утгагүй тайлбарлах, хамгаалах эрх гагцхүү Үндсэн хуулийн цэцэд бий. Иймд маргаашийн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас гарах шийдвэрийг олон нийт анхааралтай ажиглаж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, гурвыг нь Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн томилдог билээ. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг хэн санал болгож, хэн томилдгоос үл хамаарч, тэд ганцхан Үндсэн хуулиас хараат, захирагдаж ажиллах үүрэгтэй юм. Ингээд маргаашийн их суудлын хуралдаанд оролцох Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүнийг танилцуулъя.

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан

Тэрээр 2019 оны зургадугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Мөн 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүний олонхын саналаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байхаар хуульд заасан бөгөөд Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод буй.Г.Баясгалан нь Баянхонгор аймагт төрж өссөн, хуульч мэргэжилтэй, 1986-2019 оны хооронд тасралтгүй төрд ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан

Л.Өлзийсайхан нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын санал болгосноор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тэрээр 2019-2023 онд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байжээ. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор бөгөөд 2007 оноос төрд ажилласан.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон

Ц.Цолмонг 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр онгол Улсын Их Хурлын санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Тэрээр М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Эрдэнэс Монголын дэд захирлаар хоёр ажил ажилласан. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1993 оноос төрд ажилласан байна.УИХ-аас санал болгон томилсон дээрх гурван эрхмийг өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байсан юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Э.Эрдэнэтуяа

Э.Эрдэнэтуяаг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ. Тэрээр Ховд аймагт төрж, өссөн бөгөөд 1999 -2023 он хүртэл төрийн албанд дэвшин ажилласан байна. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Р.Батрагчаа

Р.Батрагчааг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Тэрээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1999 оноос Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлсэн. Сүүлд 2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад Үндсэн хуулийн гишүүн болжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Болдбаатар

Б.Болдбаатарыг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, АН-ын Засгийн газрын үед УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаад 2024 онд буцаад УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн гишүүнээр томилсон.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган

Ж.Эрдэнэбуланг Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Хуульч эрх зүйч мэргэжилтэй, 1988 оноос хойш шүүгч, өмгөөлөлөгчөөр ажиллаж байгаад Үндсэн хуулийн э-сийн гишүүн болжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар

Д.Гангабаатарыг Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Эрх зүйч, хуульч мэргэжилтэй, 1990-2021 он хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачаар ажилласан байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан

О.Мөнхсайханыг Монгол Улсын Дээд шүүхийн санал болгосноор Монгол Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөрҮндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон байна. Эрх зүйч мэргэжилтэй, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессор, Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирлаар тус тус ажиллаж байжээ.

About Author