НЭГ ДОРООС | Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан
Эх сурвалж: itoim.mn
10 сарын 22
Цэцийн гишүүд Их суудлын хуралдааны шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэллээ-Үдээс хойших хуралдааны тойм
-Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган: Хууль зүйн ойлголтоор ажлын цаг, ажлын өдөр гэж бий.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Би зургаа дахь парламентдаа ажиллаж байна. Манай парламентад хоног дамнаж хуралддаг жишиг олон бий. Шөнөжин хэлэлцээд үүрээр томилоод явуулдаг тохиолдол олон бий. Гишүүд 09:00 цагт ирцэд бүртгүүлж хуралдаанд бэлтгэнэ гэж заасан байдаг.Ажлын цаг бол Хөдөлмөрийн хуулийн 84.2-т заасан байдаг.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Аравдугаар сарын 16-нд чуулганы хуралдаан эхэлсэн юм уу. 16-ны хуралдааныг сунгасан юм уу. Б.Баасандорж дарга өөрөө хуульч хүн. 16,17-ны өдрийн мэнд хүргэе гэсэн. Энэ юу гэж байгаа юм бэ. Эхлээгүй хуралдааныг сунгах, өмнөх өдрийн ирцээр дараа өдрийн ирцийг тооцох зөв үү. 17-ны өдөр ирц шинээр тооцох ёстой юу, үгүй юү?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Аравдугаар сарын 17-нд эхэлсэн. 18:00 цагт ирц бүрдээгүй хурал эхлээгүй байсан. Эхэлсэн хурлыг л сунгадаг.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Хоёр эмэгтэй гишүүн чуулганы танхимд хоносон.УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Хоёр гишүүн хоноогүй Г.Баясгалан дарга аа.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: 64 гишүүн огцруулъя гэж байж Ерөнхий сайд огцрох ёстой. Гэтэл 52 гишүүн дэмжсэн. 52 гишүүний саналаар Ерөнхий сайд огцорсон байна. Энэ хууль ёсных уу. Өмнө нь бол тийм, үгүй, байхгүй гэсэн зүйл л явдаг. Ухамсартайгаар саналаа илэрхийлсэн нь тоологдох ёстой. Гэтэл зааланд байхгүй хэрнээ ирцэнд орсон учраас эсрэг санал өгсөнд тооцогдсон юм уу. Надад бол 19 гишүүн гэсэн мэдээлэл байна.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Санал хураалтад 111 гишүүн санал хураалтад биечлэн оролцсон. 71 гишүүн байнгын хорооны саналыг дэмжээгүй.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Хуралдааны танхимд 111 гишүүн байсан уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Тухайн үед гишүүд орж гарсан, үгүйг би хэлж мэдэхгүй.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: М.Нарантуяа-нара гэж гишүүн бий. Энэ хүн 16-ны ирцэнд орсон хэрнээ 17-ны өдөр биечлэн ирээгүй. Энэ өдөр нэлээд олон гишүүн танхимд байгаагүй гэсэн. Танд тайлбар байна уу?
Цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган: 16-ны өдөр ирцэнд орсон хүн 17-ны өдөр биечилж ирээгүй хүн байгаа юу. Тухайн өдрийн хэлэлцсэн асуудал 16-ндаа хамаараад байна уу, 17-ндоо хамаараад байна уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Аравдугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт ирц бүртгэлийн бэлтгэл ажил хийгдэж эхэлсэн. 17-ны 10:10 цагт ирц бүрдэж хуралдаан эхэлсэн.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Байнгын хорооны хуралдаан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулъя гэсэн санал хураалт явуулахад 86.4 хувь нь дэмжээгүй гэсэн байна. Энэ бол хуулийн дагуу байна. Гэтэл дараа нь яагаад нэгдсэн чуулганаар дэмжээгүй саналыг дэмжье гэдгээр санал хураасан юм бэ. Би ойлгосонгүй. Хэзээ саналын томъёолол өөрчлөгдөөд Х.Булгантуяа даргын ширээн дээр очсон бэ. УИХ-ын Тамгын газраас бэлдэж өгсөн үү. Х.Булгантуяа дарга өөрөө саналын томъёолол гаргаад байна уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Парламентаар хэлэлцэж байгаа бүх асуудлыг байнгын хороогоор хэлэлцдэг. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг томъёолол 9 удаагийн парламентад байсан. Байнгын хороо бэлддэг. Та үүнийг Ц.Сандаг-Очир даргаас асуусан дээр байх.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэж бэлдэж өгдөг юм уу. Байнгын хороо хэлэлцээд санал дүгнэлтээ гаргасан байна. Энэ хуулийн дагуу. Харин нэгдсэн чуулганаар хэлэлцэх саналын томъёоллыг хэн бэлддэг вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: УИХ-ын дэгийн хууль дээр бүх процессыг цэг, таслалгүй зааж өгсөн байдаг.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: Би аль нэг талыг бариагүй. Аль аль талын тайлбарыг авахын төлөө ажилласан. УИХ-ын дэд дарга болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар ирээгүй. Хэвлэлээр бол маш их явсан. П.Сайнзориг нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах саналыг аравдугаар сарын 7-нд УИХ-д өргөн барьсан. 9-ний өдөр уг саналд гарын үсэг зурсан гишүүдэд дарамт ирж байгаа тул байнгын хороогоор хэлэлцэх үед материалыг тараах хүсэлтийг ТББХ-ны даргад хүргүүлсэн байна. Байнгын хорооны гишүүдэд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэзээ өгсөн бэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: ТББХ аравдугаар сарын 10-ны 16:00 цагт гишүүдэд өгсөн байсан.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: ТББХ-ны санал дүгнэлт дээр УИХ-ын гишүүдийн саналыг хэлэлцэж өгнө үү, байнгын хорооны саналыг хэлэлцэж өгнө үү гэсэн хоёр зүйл байна. Энэ ямар учиртай юм бэ. Ерөнхий сайдаас ирсэн хүсэлт дээр УИХ-ын тогтоолын тухай биш. Саналын томъёолол Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэсэн гомдол юм. Х.Булгантуяа дарга байнгын хорооны дэмжээгүй саналаар санал хураалт явуулъя гэж олон удаа хэлсэн байна. Үүнийг өөрөө хэлсэн юм уу, Тамгын газраас хэлж өгсөн юм уу. Х.Булгантуяа даргалагчийн хэлсэн үгийг өөрөө хэлдэг юм уу, Тамгын газар бэлдэж өгдөг юм уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Үүнийг хууль тогтоодог. Байнгын хорооны саналаар санал хураадаг.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө Дундын бүс нэвтрүүлэгт орохдоо “байнгын хороон дээр санал хураахгүй. Чуулган шийднэ” гэж ярьсан. Гэтэл дараа нь ТББХ-ны саналаар санал хураалт явуулна гэж ярьсан. Яагаад байр суурь нь өөрчлөгдсөн бэ гэж асуухаар гэрчээр дуудсан. Харамсалтай нь гараад явчихлаа.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 126 гишүүнийхээ хаана юу ярихыг УИХ-ын Тамгын газрын дарга мэдэхгүй.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: 16-ны өдөр ирц бүрдүүлж эхэлсэн ч ирц бүрдээгүй. 17-ны өдөр ирээгүй хүмүүсийг ирцэд шууд тооцоод явсан. 16-нд ирцэнд ороод 17-нд гадаад явчихсан, нас барчихсан, өвдчихсөн байвал саналыг дэмжээгүй гэж үзэх нь тэр хүний хүсэл зоригийг хэрхэн үзэх вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 126 гишүүний ирцээ бүрдүүлээд хуралдах эсэх нь тэдний бүрэн эрхийн асуудал. УИХ-ын тамгын газрын дарга хуралдааныг зохион байгуулах үүрэгтэй. Гишүүд ирцээ бүрдүүлэх үүрэгтэй.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: Та УИХ-ын Тамгын газар 20 жил ажилласан байна. Одоо бол дэгийн зөвлөх. Хуралдааны танхимд байгаа хүмүүсийг ирцэнд орсноор тооцдог. Тэгээд зогсохгүй санал хураалтад дэмжээгүй санал өгсөнд тооцоод явдаг болсон нь хэзээнээс хэрэглэгдэж эхэлсэн бэ.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Цэцийн бүрэлдэхүүнд байгаа гурван хүнийг хангалттай цоллосон. Яагаад тусгайлсан дэг гэж зохицуулдаг юм бэ. Үүний зорилго юу вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Ерөнхий сайдыг огцруулах асуудал тусгайлсан дэгээр явахгүй. УИХ-ын дэгийн тухай хуулийн 101-ээр явна.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг томъёоллоор санал хураасан 111 гишүүнээс 71 нь дэмжээгүй. Зарим гишүүн санал хураалтад оролцохгүй гараад явчихдаг. Гэхдээ орж ирээд энэ саналыг дэмжсэн гэж тэмдэглэж өгөөч гэж хэлдэг. Ингэж хэлсэн гишүүн байгаа юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Ийм саналыг нэг ч гишүүн илэрхийлээгүй.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: Аравдугаар сарын 17-ны хуралдаан Үндсэн хуулийн зөрчилтэй гээд санал хураалтад оролцохгүй гэсэн гишүүн байгаа юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Тийм гишүүн байгаагүй.Цэцийн гишүүн Б.Болдбаатар: 18:00 цаг болоход буюу ажлын цаг дуусахад тухайн үед хуралдаан даргалж байсан Х.Булгантуяа дарга цаашид яах ёстой вэ гэдэг зөвлөгөө авсан уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Эхлээгүй хурал дээр тамгын газраас зөвлөгөө аваагүй.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: Санал хураалтын үеэрх дүрс бичлэгээр чуулганы танхимд хэн, хэн байсан бэ гэдгийг мэдэх боломжтой юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Боломжтой би нотлох баримтын хүрээнд О.Мөнхсайхан гишүүнд ирүүлсэн.
Цэцийн гишүүн Ц.Цолмон: 126 гишүүн тэгш эрхтэй. Тиймээс хэлэлцэх асуудалтай танилцах адилхан эрхтэй биз дээ. Яагаад материалыг нь асуудал хэлэлцэх хүртэл гишүүдэд тараагаагүй юм бэ. Танд ямар нэгэн албан тушаалтан тараахгүй байх чиглэл өгсөн үү?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: П.Сайнзориг нарын гишүүд ТББХ-ны даргад хүсэлт ирүүлсэн байсан. Тэр хүсэлтийн дагуу хэлэлцэх өдрийн өглөө тараасан гэж ойлгосон.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: Тал гишүүн нь хэлэлцэх асуудлаа мэдэж байхад тал нь юу хэлэлцэхээ мэдэхгүй байх нь зөв үү?
УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Би мэдэхгүй байна.
Цэцийн гишүүн Ц.Цолмон: Та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар асуудал хэлэлцэхийг мэдэж байсан уу. Хэлэлцэх боломжоор хангасан уу?
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч,ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Удаа дараа Б.Баасандорж даргаас нэхсэн. Надад бичиг байхгүй гэдэг. Бид танилцаж чадаагүй. Арга буюу Засгийн газрын гишүүд шаардаад ирэхээр УИХ-ын гишүүдийг шахаж магадгүй гэдэг бичгийг П.Сайнзориг гишүүн бичиг явуулж тарааж өгөөгүй. Бид хэдэн гишүүн гарын үсэг зурж өргөн барьсныг мэдээгүй. Аравдугаар сарын 10-ны 14:00 цагт материалыг хүлээж авсан. Ямар нэг аргаар тулгаж байгаад, хуурч, мэхэлж байгаад Засгийн газрыг огцруулах үйлдэл яваад байсан.
Цэцийн гишүүн Ц.Цолмон: Х.Булгантуяа хурал удирдахдаа яагаад Ерөнхий сайдын үгийг таслаад байсан юм бэ. Зарим гишүүний үгийг яагаад таслаад байсан юм бэ. Би чуулганы дэгийг бага зэрэг гадарлана л даа. Ерөнхий сайд огцрох гэж байхад үгийг нь бүтэн хэлүүлэхгүй тасалсаар байгаад дуусгасан. Дэгийн хууль дээр хэлэх үгийг хязгаарлах заалт байдаг юм уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Асуулт асуух гишүүн гурван минут нэмэлт нэг минут авдаг. Хариулах хүн дөрвөн минут нэмэлт нэг минутаар хариулдаг. Энэ дэгээрээ явсан.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Чуулганы хуралдаанд гишүүд ирцэнд орсон дарааллаар асуулт асууж, үг хэлдэг. Энэ дарааллын дагуу ирцэнд орсон гишүүдэд үлдсэн цагаа хуваарилаад үг хэлэх, асуулт асуух боломжоор хангах байсан. Харамсалтай нь сүүлд ирцэнд орсон, үг хэлэхээр кноп дарсан гишүүдэд үг хэлэх боломж олгосон. Өргөн барьсан гишүүдэд илүү давуу боломж олгосон. Өрөөр хэлбэл, өргөн барьсан гишүүд өөрсдөө асуугаад өөрсдөө хариулаад явсан.
Цэцийн гишүүн Ц.Цолмон: Миний нэр хутгалдаад яваад л байгаа. Өмнөх Нарийн бичгийн дарга ингэж байсан гээд. Өмнө нь ингэж Ерөнхий сайдын үгийг тасалж байсан тохиолдол байдаг юм уу. Би асуултдаа хариулт авъя. Тайлбар авахгүй шүү, ялангуяа худлаа тайлбар. Өмнө нь Ерөнхий сайд огцроод үгийг нь хэлүүлэхгүй тасалж байсан тохиолдол болж байсан уу? Ний нуугүй хэлэхэд, Х.Булгантуяа даргыг би өрөвдөөд байна. Би хуульч биш ээ л гээд байна. Энэ хүн Дэгийн хууль өөрөө барьж ороод хурал явуулахгүй. Тамгын газар зохион байгуулж байгаа. Хуралдаан эхлэхийн өмнө тантай Х.Булгантуяа дарга уулзсан уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 2019 оноос өмнөх Үндсэн хуульд чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар огцруулдаг. 2019 оноос хойш нийт гишүүдийн саналаар болгож өөрчилсөн.
Цэцийн гишүүн Ц.Цолмон: Та нар Х.Булгантуяа даргадаа 2019 оноос өмнө ийм байсан үүнээс хойш өөрчлөгдсөн гэж хэлсэн үү. Х.Булгантуяа дарга бүрэн гүйцэд ойлгож байгаа юу. Үндсэн хуулийн зөрчил болох гээд байвал Тамгын газар оролцохгүй гэх үүрэгтэй. Би мэдэхгүй гэж болохгүй. Ер нь ийм яриа уулзалт болсон уу. Эсвэл огт болоогүй юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Хэлэлцэж байгаа асуудалтай уулзалт болсон.
Цэцийн гишүүн Ц.Цолмон: Өнөөдрийг хүртэл Х.Булгантуяа 2019 оноос өмнөх баримтыг яриад яваад байна. 2019 оноос хойш томъёолол өөрчлөгдсөн гэдгийг та нар хэлж өгсөн юм уу?
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Энэ арай хэтэрч байна. Муур хулгана биш. Бид мэднэ. Энэ 9 хүнийг харж байгаа биз дээ. Бүгд өөрөө мэднэ. Та нар үсэг, таслал бүрийг бэлдэж өгч байгаа. Ийм юмыг гүрийгээд байх юм. Хууль өөрөө хэлж өгдөг гээд юу яриад байгаа юм бэ. Саналын томъёоллыг хэн гаргаж өгсөн бэ гэдгийг бид 30 минут асууж байна. Байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжээгүй гэсэн саналын томъёоллыг бичиж өгсөн юм уу. Хариулахгүй байж болно. Юу болсныг хамгийн их мэдэх хүн гээд өөрийг чинь гэрчээр дуудахаар хариулахгүй юм. Хариултаа авч чадахгүй байна. Хариултаа авч чадахгүй болохоор хүндрэлтэй байна. Улаан цайм нүүр рүү харж худлаа ярьж болохгүй. Бид тэр хуралдааныг үзсэн. Үнэнээ хэлвэл сайн байна. Энд үнэнээ хэлэх ёстой. Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны танхим. Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоох гэж байна. Битгий доромжлоод бай. Доромжилж болохгүй. Нэг асуултыг дөрөв, таван гишүүн асуулаа. Хариулчих л даа. Хариулж байгаа нэртэй хамаг цаг аваад байна.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Би хариулъя аа. Би эхлээгүй чуулган дээр зөвлөгөө өгөөгүй. Эхэлсэн чуулган дээр зөвлөгөө өгсөн.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: УИХ-ын дэд даргын хураалгасан саналыг тамгын газар бэлдэж өгсөн үү?
УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: ТББХ-ны саналын дагуу хуралдаан удирдах дараалалд оруулж өгсөн. Хуралдаанд оруулах дараалалд саналын томъёолол байгаа.
Цэцийн гишүүн Р.Батрагчаа: Өмнөх өдрийн ирцээр дараа өдөр нь хуралдаж байсан тохиолдол байгаа юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Шууд санахгүй байна. Тодруулж байгаад хэлье.
Цэцийн гишүүн Р.Батрагчаа: С.Бямбацогт дарга ТББХ-ны дарга байсан саналын томъёоллыг хаанаас бэлдэж өгдөг юм бэ?
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын Тамгын газраас бүх хүний хэлэх үг, хуралдаан удирдах дарааллыг бүгдийг бэлдэж, дэглэж өгдөг. Энэ асуудлыг ингэж оруул гэж бэлдэж өгдөг.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: УИХ-ын дэг эрх зүйн хэм хэмжээний акт мөн үү?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Чуулганы дэг бол хууль.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: Өмнөх жишгээр энэ асуудлыг шийднэ гэж юуг хэлдэг вэ. Лүндэндоржоос асууя?
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Лүндэндорж: Өмнө нь ингэж шийдэж байсан гэсэн жишиг яриад байна. Монгол Улс жишгийн эрх зүй хэрэглэдэг улс орон биш. Бичмэл хуулиа барьж явдаг. Нөгөө талаас төрийн байгууллага албан тушаалтан хуулиар зөвшөөрөгдсөнийг хийж байх ёстой. Үндсэн хуулийн 43.1-т заасан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хуулиар шийднэ. Өмнөх жишгээр шийдэхгүй.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлсэн байдаг. Яагаад Үндсэн хуулийн агуулгыг баримтлахгүй байсан бэ. Огцруулах саналыг дэмжсэн бол гэж заагаад байхад яагаад УИХ-ын тамгын газар анхаарсангүй вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Дэгийн тухай хуулийн 104 бол Үндсэн хуулийн 43.1-тэй уялддаг. 101.3-ыг барьж санал хураасан.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: Нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв баасан гарагт хуралдана гэж заасан. Гэтэл яагаад ирцийг шинээр бүрдүүлээгүй вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 61 гишүүн ирцэд бүртгүүлж, чуулганд бэлтгэсэн. Тамгын газарт гишүүдийг ирцээс гаргах эрх байхгүй.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: Аравдугаар сарын 16-нд чуулган хуралдсан уу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 16-нд чуулган эхлээгүй.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: Байнгын хорооны саналаар санал хураалт явуулдаг тодорхой зүйлүүд байдаг. Дэгийн тухай хуулийн 101.3 дээр нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна гэж заасан. Байнгын хорооны саналаар гэдэг нэр томъёогоор гэж зааснаас гадна 8 тусгай зохицуулалт байна. Үүн дээр Тамгын газар ямар зөвлөгөө гишүүддээ өгсөн юм бэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Аливаа асуудлыг байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлт явах ёстой. Сонсож, танилцуулж оруулж ирнэ гэдэг нэр томъёо манай Дэгийн хууль дээр байгаа.
Цэцийн гишүүн Б.Болдбаатар: Энэ нь байнгын хорооны саналаар санал хураана гэсэн ойлголт мөн үү. Зарчмын ялгаа байгаа юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Үг үсгийн хувьд ялгаатай зүйл байгаа. Өмнөх шийдвэрүүдээс харахад энэ бүхнийг нарийвчлах шаардлагатай. Байнгын хорооны саналаар л санал хураалт явуулж байгаа.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг юу гэж ойлгодог вэ. 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөс хойш Ерөнхий сайдыг огцруулах процесст өөрчлөлт орсон юм уу, үгүй юм уу.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Оролгүй яах вэ.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар гомдол ирсэн даруйд баримт тайлбараа ирүүлэх хүсэлт явуулсан ч өнөөдрийг хүртэл бичгээр тайлбар аваагүй. Өнөөдөр өмгөөлөгчөө аваад ирсэн бол бид хангах бүрэн боломжтой байсан. Цэцэд ирээд ярих зүйлээ хэвлэлээр яриад байсан. Цэцийн танхимд ирж ярих байх гэж бодсон ярьсангүй. Тан руу би гурван удаа бичиг явуулсан. УИХ-ын тогтоол саналын томъёолол, протокол ирүүлнэ үү гэсэн бичиг явуулсан. Хуралдааны дарааллыг УИХ-ын Тамгын газраас өгдөг түүн дотор нь саналын томъёолол байдаг юм байна. 17-ны 95 дугаар тогтоолыг 20-ны дотор ирүүлнэ үү гээд Үндсэн хуулийн Цэц хүсээд байхад явуулах боломжгүй байсан уу, өчигдөр ажлын цаг дуусаж байхад ирсэн. Дунд нь гол баримтууд нь байгаагүй. Аргаа бараад ЕТГ-ын дарга руу албан бичиг явуулж байж 17-нд ёсчлоод хүргүүлсэн хувиа ирүүлнэ үү гэж материалыг цуглуулсан.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 16, 17, 20 гэсэн бичиг надад ирсэн.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: Шулуухан хэл. Цаасаар бичээд өгдөг гэдгээ та хүлээн зөвшөөрсөн байна. Яагаад тэрийгээ ирүүлж болдоггүй юм бэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 95 дугаар тогтоолыг явуулаагүй нь албан ёсоор болоогүй хуулийг ганцхан ЕТГ руу явуулдаг. Энэ тогтоол албан ёсных болоогүй. Ёсчлоогүй хууль, тогтоолыг ЕТГ-аас өөр газар руу явуулахыг хориглоно.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: Энэ тодорхойлолтоо бичгээр ирүүлээрэй.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Ерөнхийлөгч хүчин төгөлдөр болоогүй тогтоолд хориг тавиад байгаа юм уу. Битгий тэгж худлаа ярь. Одоо бүр гүтгэлгийн чанартай юм явж байна. Цэц хүчин төгөлдөр болоогүй тогтоол дээр маргаан үүсгээд явж байна гэлээ. УИХ-ын даргын гарын үсэг зурсан тамга дарчихсан тогтоол чинь юу вэ. Хүчин төгөлдөр тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад үйлчлэлийг нь зогсоож байгаа юм.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Агуулгын хувьд би тантай санал нэг байна. Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг журамласан байдаг. Албан ёсны болсон хуулийг би Цэцээс эхлээд бүх газарт хүргүүлдэг.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: УИХ-ын дарга гарын үсэг зурж, тамга дарсан тогтоол хүчин төгөлдөр. Гэтэл өглөөжин Цэцийнхийг эргүү, тэнэг гэж ярьж байна.Өндөр түвшний асуудлыг хэлэлцээд сууж байх газар ийм юм яриад сууж байгаа нь ичгэвтэр байна.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: Хориг тавьсан тогтоол дээр Цэц маргаан үүсгэчихлээ гэж яриад байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргаан үүсгэсэн. Энэ бол албан тушаалтантай холбоотой маргаан. Үүнийг би дангаараа биш бүрэлдэхүүн шийддэг. 17-нд 95 дугаар тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор маргагч тал хүсэлтээ нэмсэн. Ажлын цаг эхлэхэд манай хэвлэлийн мэдээ тавигдсан. Дараа нь Ерөнхийлөгчийн хориг тавигдсан. Иймэрхүү асуудал яваад байсан. Уг нь Цэцийн өмнө ирээд албан ёсны тайлбараа тавих ёстой гэж ойлгоод байгаа.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Энэ асуудалтай холбоотойгоор хуульч О.Машбат шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор асуулт асууж болно.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. УИХ-ын чуулганы процессыг харсан байх. Бидний гаргасан маргаан үндэслэлтэй юу?
Шинжээч, хуульч О.Машбат: Маргаан үндэслэлтэй эсэхийг асуулаа. Үүнд хариулах эрхтэй хүн нь би биш. Маргаан үүсэх үндэслэлтэй гэж үзсэн учраас Цэц маргаан үүсгэсэн.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Засгийн газрын дундаж нас 1.8 жил болсон. Тиймээс Засгийн газраа урт настай байлгах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Гэтэл өргөн барьсан нөхөд маань тэр бол өөрчлөлт биш хариуцлага тооцож байх ёстой гэж байна. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал яг ямар үзэл баримтлалтай гэж бодож байна вэ?
Шинжээч, хуульч О.Машбат: 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулсан. Нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар огцруулж байсан тохиолдол бий. Түүнээс гадна сайд нар нь Ерөнхий сайдаа огцруулж байсан. Энэ байдлыг засах нь зүйтэй гэж үзээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан. Ерөнхий сайдыг огцруулах санал тавих эрхтэй дөрвөн субьект байсныг цөөлсөн. 43.1 энэ заалтуудыг хэрэгжүүлэхэд зонхилох үүрэгтэй заалт гэдгийг онцолж хэлмээр байна.
Цэцийн гишүүн О.Мөнхсайхан: 43.4 43.1 дүгээр заалт юугаараа өөр болсон бэ?Шинжээч, хуульч О.Машбат: Ерөнхий сайдыг огцруулах процессыг Дэгийн хууль бус Үндсэн хуульд зааж өгснөөрөө ялгаатай.
Цэцийн гишүүн Л.Өлзийсайхан: Ерөнхий сайдыг огцуулахдаа Үндсэн хуулийн зүйл заалтыг ашиглах ёстой. Дэгийн тухай хууль болон Үндсэн хууль илэрхий зөрчилдсөн зүйл байгаагүй.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Хөндлөнгийн шинжээч байхгүй. Тантай санал нэг байна. Үндсэн хуулийн 43.1 барьж санал хураах байсан гэж шинжээч үзсэнд баяртай байна. Маргагч тал 2019 оны Үндсэн хуулийн дагуу биш өмнөх жишгийн дагуу санал хураасан гэж яриад байгаа. Энэ нь чуулган удирдсан даргалагчтай холбоотой гэж үзэж байна уу, Тамгын газартай холбоотой гэж үзэж байна уу. Үндсэн хууль зөрчсөн асуудлыг яриад байхад Дэгийн хууль яриад мушгиад байна. Заалаас асуулт асуух боломж байвал асуулт авъя.
Шинжээч, хуульч О.Машбат: Үндсэн хууль, Дэгийн тухай хууль дээр ч Ерөнхий сайдыг огцруулах тухай гэж саналыг томъёолох ёстой байсан гэж харагдаж байна. Өмнө нь болон дараа хийсэн тайлбарыг харахад өмнөх жишгээр тайлбарласан байна. Жишиг байх нь зүйтэй. Гэхдээ гол асуудал нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс хойш байх ёстой. Үүнээс хойш маргаан гарч байгаагүй. Энэ анх удаа гарч байгаа санал.
Цэцийн гишүүн Р.Батрагчаа: Ерөнхий сайдыг огцруулах санал идэвхтэй үйлдлээр буюу кноп дарах ёстой юу?
Шинжээч, хуульч О.Машбат: Ерөнхий сайдын манлайллын асуудал идэвхтэй үйлдэл. Үүнийг үгүйсгэх гэж байгаа бол идэвхтэй үйлдэл байх ёстой. Энэ бол улс төр судлал талаараа шүү. Цэц нэгэнт маргаан үүсээд эхэлсэн бол энэ үндэслэлтэй байсан гэж үзнэ. Цэцийн хуралдаанд илэрхий зөрчил ажиглагдсангүй. Гомдол гаргагч талын материал байгаа боловч УИХ-ын талын материал байсангүй. УИХ талаас маргаантай холбоотой тайлбар сонсогдохгүй байна.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Одоо мэтгэлцээний хэсэг эхэлж байна. Хоёр тал биенээсээ асуулт асуух байсан ч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хуралдааныг орхин гарсан учраас мэтгэлцээний шат явах боломжгүй боллоо. 10 минутад багтаад итгэмжлэгдсэн төлөөлөгчид үг хэлэх ёстой.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Нотлох баримтын бичлэгийг үзүүлээд тайлбарлах боломж олгож өгнө үү. Хууль бусаар төрийн эрхийг завдах үйлдэл болсон. Энэ үйлдэл Үндсэн хууль, Дэгийн хуулийг зөрчсөн. Өргөн барихаасаа эхлээд хууль зөрчсөн. Тухай бүрд нь хэлж байсан ч засаагүй. Алх, микрофон, индэр гурав хүчтэй гэдгийг ойлгосон. Өнөөдөр ялагчийг хэн ч шүүдэггүй гэдэг буруу жишиг давамгайлж болохгүй. Тиймээс цэцэд хандсан. УИХ-ын гишүүд олонхоороо нэгдвэл юу ч хийж болно. УИХ Цэцийн дээр байх ёстой гэсэн хүмүүс олон болж. УИХ дээр байдаг шиг асуудлаа шийдэж чадахгүй болохоор хурлаа хаяад явж байна. Цэц асуудлыг шуурхай шийдэж байгаад баяртай байна. Монгол Улсын ҮАБЗ-ийн 3 гишүүний хоёр нь огцорсон. Энэ үед Цэц яаралтай хуралдах нь зүйтэй. УИХ-ын дэд дарга хурал удирдаж байхдаа Ерөнхий сайдын үгийг хязгаарлаж, УИХ-ын гишүүдийг тэгш боломжоор хангаагүй. Зөвхөн өргөн барьсан гишүүдийг хооронд нь яриулсан ялгавартай байдал үүсгэсэн. Үндсэн хууль зөрчсөн саналын томъёоллоор санал хураалгасныг хуралдаанд суусан бүх хүн ойлгосон байх. Аргаа барахдаа хурлаа хаяад гараад явлаа. 1992 оноос хойш олон Засгийн газар огцорсон. 2019 онд Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-ын санал хураалтад 19 гишүүн оролцоогүй. 35 секундын бичлэг байгаа. Үндсэн хуулийн бус томъёоллоор Засгийн эрхийг авах гэсэн үйлдэл. Мөн УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн асуудлын санал хураалтад оролцоогүй гэдгээ хэлсэн байхад огцруулахыг дэмжсэн санал өгсөнд тооцсон. Цааш цаашдаа Монголын төрд хууль бусаар хуйвалдаж Засгийн газраа огцруулдаг байдлыг таслан зогсоох ёстой. Монгол Улс мөнхөд орших ёстой. Монгол төрийн бодлого тогтвортой, уялдаатай байх ёстой. Үндсэн хуулийн бус замаар төрийн эргэлт хийх гэж оролдож байна гэдгийг Х.Булгантуяад хэлсэн. Гэтэл гарч ирээд С.Бямбацогт сайд намайг 10 жил шоронд суулгана гэж хэлсэн. Х.Булгантуяа УИХ-ын Тамгын газраас бэлдэж өгсөн үгийн дагуу санал хураалгасан. Сануулж хэлээд байхад анхаарчихгүй яав гэж харамсаж байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж: Монгол Улс Үндсэн хуулийн хямрал руу орлоо. Үндсэн хуулийн хямрал руу орохоор ямар үр дагавар гардаг вэ гэдгийг энд сууж байгаа бүх хүн мэднэ. Энэ үед Үндсэн хуулийн шүүх нь хямралаас гаргах түүхэн үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Цэц энэ үүргээ ухамсарлаж Их суудлынхаа хуралдаанаар шуурхай хэлэлцэж байгаа нь хямралаас гаргах нөхцөл болж байна. 2019 оны өөрчлөлтөөр 43.1-т зарчмын том өөрчлөлт оруулсан. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах зорилгоор 43.1 заалтыг хийсэн. Үүн дээр асуудал байхгүй. Аль нэг албан тушаалтан буруу зүрүүгээр ойлгох зүйл байхгүй. Үүнийг хэрэгжүүлэхийг УИХ-ын дэгийн хуулийн 101-ээр зааж өгсөн. Үндсэн хуулийн цэц энэ бүгдийг нухацтай судалсан нь хуралдааны явцаас харагдаж байна. Монгол Улс Үндсэн хуулийн хямрал, түүнийг дагаж гарч ирдэг олон сөрөг зүйлээс аврагдана.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Бүрэлдэхүүнээрээ зөвлөлдөнө. Их суудлын хуралдааны шийдвэрийг 19:00 цагт танилцуулна.
14:22
10 сарын 22УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Цэцийн их суудлын хуралдааныг орхин гарлаа

Цэцийн их суудлын үдээс өмнөх хуралдааны завсарлагаан дуусаж, үдээс хойших хуралдаан эхэллээ.Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг гэрчээс тодруулах зүйлээс асуухаар индэрт урьсан. Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг индэрт гарахаас татгалзсан. Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг гэрчээр индэрт урьсан ч тэрээр мөн нэхэмжлэгч тал хэмээн гарсангүй. Ингээд УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандоржийг гэрчээр индэрт дуудав.Маргалдагч талууд гэрчээс асуулт асуух бөгөөд асуулт хариулт тус бүр 15 минут байна.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Аравдугаар сарын 16-ны өдрийн ирц 17-ны 09:00 цагт бүрдсэн нь хуулийн зөрчилгүй гэж тайлбарласан. Пүрэв гарагийн ирцээр баасан гарагийн хуралдааныг хийсэн нь хууль зөрчиж байгаа юу?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Би гэрчээр оролцож байна. Би ямар эрхтэй вэ. Миний эрх үүргийг хэлж өгөөч. Эрх үүргээ мэдсэний дараа асуултад хариулъя. Надад Цэцийн гишүүн О.Мөнхсайхан гишүүнээс албан бичиг ирсэн. Доод талд нь таван эрх, үүрэг байсан. Үүний нэг нь л таван эрх байсан.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Танд хүргүүлсэн албан бичигтээ эрх, үүргийг чинь хавсаргасан. Танд ямар байдлаар эрх үүргийг чинь хэлж өгөх вэ. Таны өрөөнд очиж танилцуулах ёстой юу. Та үүнээс илүү юу хүсээд байна вэ. Та талуудын болон Цэцийн гишүүдийн асуултад хариулах үүрэгтэй.
УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Би С.Бямбацогт даргын асуултад дэг зөрчиж хариулж чадахгүй. Харин Цэцийн дарга хариул гэсэн учраас Цэцийн даргын асуултад хариулъя. Би УИХ-ын Тамгын газрын дарга бол Дэгийн зөвлөх гэж явдаг. Тиймээс би 126 гишүүнд зөвлөх үүрэгтэй. Энэ утгаараа би хууль тайлбарлаагүй зөвлөсөн. УИХ-ын дэгийн тухай хуулийн 6.2-т чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралдана гэж заасан. Хүчин төгөлдөр ирц бүрдээд хуралдсан тохиолдолд энэ хууль үйлчилнэ. УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн дэгийн хуулиар зохицуулагддаг. Цэцийн үйл ажиллагаа, бэлтгэл ажил Цэцийн бүрэн эрхийн асуудал. Яг үүнтэй ижил УИХ-ын бүрэн эрх бол ирц бүрдүүлэх. 09:00 цагт аравдугаар сарын 16-ны ирц бүртгэл эхэлсэн. Энэ өдөр 61 гишүүн ирц бүртгэлд орсон. 17-ны өдрийг хүртэл 61 гишүүн чуулганы танхим болон өрөө тасалгаандаа хүлээж байсан. Энэ ирц бүртгэлийн бэлтгэл ажил 17-ны өглөө бүрдэж чуулган эхэлсэн.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Энэ хууль зөрчсөн үү?
УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Үндсэн хууль болон УИХ-ын дэгийн тухай хууль зөрчөөгүй.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Эхлээгүй хурлын цагийг олонхын саналаар биш ганцаараа сунгаж 17-ны 10:17 цагт хурал эхэлсэн. Энэ хууль зөрчсөн биш үү. Ингэж хууль зөрччихөөд ингэж тайлбарлаж байгаад харамсаж байна. П.Сайнзориг гэрчээс асуумаар байна. Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүд огцруулах бичиг өргөн баривал гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ гэж заасан байдаг. Яагаад гурав хоног гэдэг вэ?
\УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: 61 гишүүн танхимд суугаад ирцээ бүрдүүлэх гээд хүлээж байсан. Би бол дэгийг зөвлөдөггүй. 3 хоногийн дараа Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлээд 10 хоногийн дотор шийдвэр гаргасан.
\Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Энэ гурав хоногт УИХ-ын гишүүд танилцаж, судлаад саналаа өгөх ёстой. Гэтэл бичгийг гишүүдэд тараагаагүй, хууль зөрчсөн. УИХ-ын Тамгын газар гишүүдэд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх үүрэгтэй. Та энэ үүргээ биелүүлдэг үү. Даргадаа үйлчилдэг үү. Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяад мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөхгүй Цэцэд дуудагдаж ирэв?
УИХ-ын тамгын газрын дарга Б.Баасандорж: Тамгын газар энэ материалыг тараадаггүй. Намайг 126 гишүүний саналаар томилдог. Би эрх тэгш мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгдөг. Үндсэн хуульд заасан томъёоллоор зөвлөгөө өгөхгүй. Дэгийн дагуу саналын томъёоллоо гаргадаг. Тиймээс мэргэжлийн байнгын хорооны 22 гишүүн хуралдаад Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр санал өгсөн. Би УИХ-ын 13 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга. Миний өмнөх 12 Ерөнхий нарийн бичгийн дарга яг ийм зарчмаар ажилласан.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын дэд дарга Үндсэн хуулийн танхимд Х.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг энэ дэгээр явсан гэж хэлээд байгаа. Та үүнийг зааж өгсөн үү.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Чуулганд байгаа юм шиг битгий хачин авирлаад бай.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Би Хэрэг эрхлэх газрын ажилтан биш. Хэн нэгэнд загнуулдаг хүн биш. Өмнөх гурван Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг хөндөж байна.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: Яриа жаахан утгагүй болж ирж байна. Биднийг доромжлоод байна уу. Ингэж ярьж болно гэж бодоод байгаа юм уу. Асуултад шууд хариулаад яв. Хэрвээ асуултад хариулахгүй бол та энд зогсоод хэрэггүй. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөс хойш анх удаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал орж ирж байхад та яагаад өмнөх процесс яриад байгаа юм бэ. Дандаа ийм юм яриад тойруулаад байх юм. Та бүхэн Үндсэн хуулийн цэцийг хүндлэх ёстой. Бид өөрсдөө процессоо тогтоож явдаг. Асуултад тодорхой хариул.
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж: Өмнөх шийдвэрүүдийг харж хуулийг хэрэглэдэг.
Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Төрийн байгуулалтын байнгын хороон дээр бид Ц.Сандаг-Очир гишүүнээс Үндсэн хууль, Дэгийн хууль хоёр зөрчилдөж байна гэхэд Үндсэн хуулиа дагана гэж хариулсан.
Цэцийн дарга, хуралдаан даргалагч Г.Баясгалан: УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өөртэйгөө холбоотой асуудлаар гэрчээс асуулт асуу.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Хүчин төгөлдөр болоогүй хууль дээр дүгнэлт гаргаж өгөөч гэсэн. Процессын зөв болгох олон хүсэлтийг бид гаргалаа. Гэтэл нэг ч хүсэлтийг маань хангаж өгсөнгүй. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дараа гэрчээр дуудаж байна. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа мэт хуралд бид оролцох боломжгүй байна. Тиймээс бид удаа дараа сунгаж өгөөч, процессыг зөв болгож өгөөч гэсэн шийдвэрлэж өгсөнгүй.Үүний дараа УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг орхин гарав. Гэсэн ч хуралдаан үргэлжилж байна.







12:43
10 сарын 22Их суудлын хуралдаан 13.30 цаг хүртэл завсарлалаа. Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хуулийн Цэцэд гаргасан гомдлынхоо талаар тайлбар хийлээ. Үргэлжлүүлээд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг тайлбараа хийхийг хүсэхэд УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, Ц.Даваасүрэн нар тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хуралдаан процессын хувьд маргаангүй байгаасай гэж үзэж хоёр хүсэлт, хоёр гомдол гаргасан ч хуралдаан даргалагч ганцаараа шийдвэр гаргасан. Уг нь бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн шийдвэр гаргах ёстой байсан гэдгийг хуралдааны тэмдэглэлд хэлмээр байна. Засгийн газрын төлөөлөгч цагаа хоёр дахин хэтрүүлж тайлбараа хэллээ” гээд үндсэн тайлбараа танилцуулсан. Ингэхдээ Цэцийн Их суудлын хуралдаан зарласан процесс хууль зөрчсөн хэмээн ярьсан учраас хуралдаан даргалагч Х.Баасанжаргал гишүүнийг “Хүсэлттэй холбоотой тайлбар хийх шаардлагагүй. Өөрт оногдсон цагаа тайлбар хийхдээ зарцуул” гэлээ. Ингээд Х.Баасанжаргал гишүүн тайлбараа үргэлжлүүлэн хийв.
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн: Цэцийн маргааныг шууд үүсгэсэн нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3-т заасны дагуу онц болон дайны байдлын үед гурав хоногийн дотор хуралдуулна гэж заасан. Өнөөдөр Монгол Улсад онц болон дайны байдал зарлаагүй. Тиймээс жирийн үеийн дэгээр хуралдуулах ёстой. 23.4-тэй хольж тайлбарлаж болохгүй. 24.3-т зааснаар Цэцийн хурлыг 7 хоногийн өмнө олон нийтэд зарлах ёстой. Тиймээс энэ хуулийг ч баримтлаагүй. Бид хуульд заасны дагуу ажиллах ёстой. УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Гүйцэтгэх засаглалыг томилох, чөлөөлөх эрхтэй. Гэтэл энэ эрхэнд халдаж, яаралтай маргаан үүсгэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүдээ УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа шүү. Хэлэлцэж байгаа чинь зөв үү, буруу юу гэдгээ эргэн хараарай. Байнгын хорооны шийдвэрийг огт үгүйсгэж болохгүй. Байнгын хороо бол УИХ-ын бүтцийн нэг хэлбэр. Зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийднэ гэж үзсэн нь буруу томъёолол. Хэрвээ Цэц энэ асуудлыг Засгийн газрын хэлж байгаагаар шийдвэл Л.Оюун-Эрдэнийн чөлөөлсөн тогтоол хүчингүй болно. Тэгэхээр Г.Занданшатар Ерөнхий сайд хууль бус болно. Бид төрөөрөө тоглож, төрөө самарч болохгүй.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Хуралдааны шууд дамжуулалт тасарчихлаа. С.Бямбацогт даргын үгийг хэлүүлээд тасарчихлаа. Шууд дамжуулалт хийтэл хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргаж байна.

Цэцийн дарга Г.Баясгалан: Шууд дамжуулахыг бид зөвшөөрөөгүй. Бид мэдэхгүй байна. Энэ хэлэлцүүлэг тайван нөхцөлд явах ёстой учраас энэ танхимд камер оруулж ирэхийг бид зөвшөөрөөгүй. Х.Булгантуяа гишүүн хаанаас хараад шууд дамжуулалт явж байгаад тасарчихлаа гэж хэлсэн бэ. Манай Цэцийн Тамгын газраас шууд дамжуулаад байна уу. Нээлтийг урьдчилан шалгасан гишүүний илтгэл хүртэл шууд дамжуулдаг байсан. Энэ жишгээрээ явсан. Өнөөдөр шийдвэр уншвал мөн шууд дамжуулах юм байна. Одоо явж байгаа бол нотлоорой. Одоо та өөртэйгөө холбоотой асуудлаар тайлбар хийе. Цэц ажлаа ном журмаар нь хийхгүй байна гэж байна. Бид Цэцийн хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийнэ. Таныг Үндсэн хууль зөрчсөн, эсэх гэдэг асуудлаар маргаан гарсан учраас та энэ асуудлаараа тайлбар хий.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаас бусад асуудлыг нээлттэй хийнэ гэж хуульчилсан. Би өөрийгөө өмгөөлөөд оролцохоос өөр аргагүй нөхцөл үүсэж байна. Би төрийн өндөр албан тушаалд 10, хууль тогтоох байгууллагад 5 жил ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад би өөрөө оролцсон. 2019 онд хийсэн гол үзэл санаа бол нийт гишүүдийн саналаар гэж оруулж өгсөн. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. 99.3 дээр байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулна гэж заасан. Яагаад Г.Занданшатар УИХ-ын дарга байхад байсан хуулийн заалт яг хэвээрээ байхад өнөөдөр өөрөөр тайлбарлагдаж байгааг ойлгохгүй байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулсан хуралдааны тэмдэглэлийг уншиж танилцуулъя. Тухайн үед Ерөнхий сайд өөрийнхөө хүсэлтийг өгсөн үед хэлэлцэх дэг байхгүй байсан учраас С.Бямбацогт дарга горимын санал гаргаж байнгын хорооны саналаар санал хураалт явуулсан. УИХ-ын дарга Г.Занданшатар байнгын хороо дэмжсэнийг дэмжье гэдэг саналаар санал хураасан. Үндсэн хуулийн зүйл заалт, Дэгийн тухай хуулийн заалт хэнд нь яаж хэрэгжээд байгаа юм бэ. Хэнийг огцруулснаас шалтгаалаад өөр байгаа юм уу, эрэгтэй, эмэгтэйгээс шалтгаалаад өөр байгаа юм уу. Би хуульч хүн биш ч өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадахгүй байгааг гайхаж байна. УИХ-ын дэгтэй холбоотой асуудлаар өмгөөлөл хийх хүн байдаггүй юм байна.
Хэрвээ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа бол төрийн эрхийг барих дээд байгууллага УИХ. С.Бямбацогт сайд Засгийн эрхийг хууль бусаар авах гэж байна гэсэн. Засгийн эрхийг хууль бусаар авах гэдэг үг өгүүлбэр хуульд байхгүй. Төрийн эрх барих дээд байгууллага Засгийн газраа огцруулах ч эрхгүй боллоо. Хэрвээ би Ерөнхий сайдыг огцруулъя гэдэг саналын томъёоллоор санал хураалгасан бол мөн л Цэцэд ирэх байсан. “Тухайн үед бид ингэж санал хураалгаж байхад чи яагаад өөр саналын томъёоллоор санал хураалгасан бэ” гээд Цэцэд хандах байсан. Ирцийн тухайд би өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд ирцийг бүрдүүлсэн. УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчих гэж байна гэж баахан ярьсан. Өмнөх Ерөнхий сайд нарыг огцруулахад энэ саналын томъёоллоор л санал хураасан. Хууль эрх тэгш үйлчлэх хэрэгтэй.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс: Тухайн өдөр УИХ-ын дэд дарга гишүүний үүргийг гүйцэтгээгүй. Мөн манайх Цэцийн маргаанд оролцдоггүй.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Гэрч, шинжээчийг сонсоно. Мөн талууд маргалдана. Цэц ялладаг байгууллага биш. Бид санаачилж маргаан үүсгэдэггүй. Баримт, фактыг тогтоогоод тэр нь Үндсэн хуультай нийцэж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэдэг байгууллага. Бид тухайн өдөр юу болсон бэ гэдгийг тогтоогоод хуульд нийцэж байгаа эсэхээр дүгнэлт гаргадаг.

Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Хуралдаан даргалагчид хандаж хэлэхэд тэнцвэргүй байна. УИХ-ын талаас 18 хүн ирчихсэн 30 минут үг хэлж байна. Энэ талд үг өгөөд, яриад л байх юм. Нэмэлт нотлох баримт байна уу гэхээр гомдол, хүсэлт тавиад л байх юм. Гэрч гэрчийн суудалд суух ёстой. Хэзээ гэрч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар холилдоод сууж байсан юм бэ. Миний үг яваад бусад нь яваагүй юм шиг байдлаар явмааргүй байна. Үдээс хойших хуралдааныг тэнцвэртэй байдлыг хангаж өгөх хүсэлтэй байна.
Цэцийн дарга, хурал даргалагч Г.Баясгалан: Гурван асуудал зэрэг хэлэлцэж байгаа. Эхлээд УИХ-ын дэд дарга тусдаа тайлбар хийх цаг нь явж байна. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт цагтаа багтааж ярих шаардлага тавья. Цагийн баримжаа байх ёстой ч нарийн цаг тавихгүй. Мэдээж тэнцвэргүй байдлаар явж болохгүй. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар гэрчийн суудалд суухыг хүсэж байна. Та бүхнийг өргөөд суулгалтай нь биш. Гэрчийн байр сууриас асуултад хариулаад явна. Хуралдаан 13:30 цаг хүртэл завсарлалаа.
11:10
10 сарын 22 Их суудлын хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, маргаанаа хэлэлцэж эхэллээ

Цэцийн дарга Г.Баясгалан “Юу хийх гэж яах гэж хуралдааныг хойшлуулах гэж байгаагаа хэлсэнгүй. Зөвхөн Цэц хууль зөрчиж хуралдаан зарласан гэж байна. Хуралдааны өмнө ийм зүйл маш их явсан. Энэ бол Цэцэд нөлөөлөх үйлдэл шүү. Үүнийг хүндрүүлж явбал асуудалтай. Цэцийн тогтоолд нэг бүрчлэн дурдсан байгаа. Баримтаа гаргаж өгөх адил тэгш боломж олгосон. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг тайлбар гаргах албан бичиг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй байна. Цэцийн үүрэг бол талуудад адил тэгш боломж олгох.ИХ-ын зүгээс холбогдох тайлбар ирүүлээгүй бол Засгийн газраас ирүүлсэн. Хуралдааны бэлтгэл ажиллагааг 30 хоногийн дотор хийх ёстой. 30 хоногт биш. Бид 3 хоногт бэлтгэл ажлыг хангасан гэж үзсэн. Өөр хүсэлт гаргах хүн байна уу. Г.Тэмүүлэн гишүүн хойшлуулах хүсэлтээс гадна өөр хүсэлт байгаа юм уу. Маргааныг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн О.Мөнхсайханы илтгэлийг сонсъё” гэв.
11:00
10 сарын 22
УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэмүүлэн Их суудлын хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байна. Цэцийн маргааны бүрэн гүйцэд шийдвэрлэх хүрээнд оролцогч талуудын эрхийг хангах шаардлагатай байна. Цэцийн их суудлын хуралдааныг гурав хоногт зарлан хуралдуулсан нь хууль зөрчиж байна. Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэх. Энэ хуралд бэлтгэх процесс зөрчигдөж байна. Эрх тэгш байдлыг Цэцийн хуралдаанаар хангах ёстой. Бэлтгэл ажлаа хангаж байж асуудлыг үнэн зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хуралдаанд бэлтгэх ажлыг 30 хоногт хангах, шаардлагатай бол 30 хоног сунгаж болно гэж хуульд заасан. Гэтэл 3 хоногт Их суудлын хуралдааныг зарласан нь хуулийн энэ бүх заалтыг зөрчиж байна. Тиймээс энэ хуралдааныг хойшлуулах хүсэлтийг миний бие болон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар гаргаж байна. Онц болон дайны байдал зарласан эсвэл цэрэг хөдөлгөх нөхцөл үүссэн үед Цэцийн Их суудлын хуралдааныг зарлан хуралдуулдаг. Тиймээс хуралдааны тов зарласан шийдвэрээ эргэж харах хүсэлт гаргаж байна” гэлээ.
10:50
10 сарын 22Х.Булгантуяа өөрийгөө өмгөөлүүлэх хүсэлт гаргавЦэцийн дарга Г.Баясгалан “Х.Булгантуяа гишүүн өөрийнхөө өмнөөс хүсэлт гаргах эрхтэй” гэв.УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Мэргэшсэн өмгөөлөгчөөр хангах хүсэлт тавьж байна. Нэгэнт УИХ 71 дэмжсэн шийдвэрээ хамгаалах үүрэгтэй. Би хурал даргалаад Үндсэн хууль зөрчсөн гэж хэрэгт татагдсан учраас өмгөөлөгч авах эрхтэй байх. Би хуульч хүн биш. Нэг хүн 71 гишүүнийг төлөөлж ярих боломжгүй. Нотлох баримтыг өгнө. Манай Г.Тэмүүлэн гишүүн нэг хүсэлтэй байгаа.Цэцийн дарга Г.Баясгалан “Х.Булгантуяаг тайлбар гаргах бичгийг энэ сарын 16-нд явуулж, 20-ны дотор тайлбар ирүүлэхийг хүссэн ч өнөөдөр болтол тайлбар ирээгүй. Таны өмгөөлөгч энд байхгүй бол асуудал үүснэ” гэлээ.
10:00
10 сарын 22 Х.Булгантуяагийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн гаргасан Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг Цэцийн бүрэлдэхүүн хэлэлцэж, магадлал танилцууллаа. Тус магадлалд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар:
- Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно.
2. Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна гэж заажээ.Хуралдаан даргалагч Их суудлын хуралдааныг 09:30-12:30, 13:30-17:30 цаг хүртэл хуралдуулна, шаардлагатай бол хуралдааныг сунгана гэлээ.Мөн УИХ-ыг төлөөлж 18 итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэн учраас бүгдийг нь яриулах боломжгүй. Тиймээс төлөөлж үг хэлүүлэх, яриулах ёстой гэлээ. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа дахин нотлох баримт байгаа гээд түүнийг төлөөлж УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал танилцууллаа. Хуралдаан даргалагч, Цэцийн дарга Г.Баясгалан хэн нэгний эрхийг хязгаарлахгүй, тийм эрх ч байхгүй. Харин хуралдааны дэгийг баримталж, хуралдааныг хэвийн явуулах ёстой гэлээ.П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар гэрчээр оролцоно

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Бидэнд хэд хэдэн хүсэлт, гомдол байна. Өглөө УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэрсийг дурдсангүй. Нэмж дурдуулаад хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна. Нэр нь дурдагдаагүй УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Б.Баярбаатар, Ц.Даваасүрэн, Э.Болормаа, Энхнасан нарын нэрийг дурдсангүй. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг гэрчээр дуудсан асуудалд гомдол гаргаж байна. Энэ хүмүүсийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Гэтэл Цэцийн тогтоолоор гэрчээр дуудсан гэлээ.Энэ тогтоолыг хүлээж аваагүй учраас тогтоолд гомдол гаргаж байна. Энэ гомдолтой холбоотой нэг баримт байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцээс П.Сайнзориг гишүүнд аравдугаар сарын 21-нд илгээсэн ч мэдэгдэл дээрээ 22-ны он сартай байсан. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 21-нд ирүүлсэн мэдэгдэл 22-ны он сартай байсан. П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар уг шийдвэр гаргахад шууд оролцсон. Ерөнхий сайдыг огцруулах бичигт нийт 54 УИХ-ын гишүүн гарын үсэг зурсан. Яагаад энэ хоёр хүнийг гэрчээр оролцуулж байгаа вэ. Энэ хоёр хүн энэ шийдвэрт биеэр оролцсон учраас гэрчээр оролцох боломжгүй гэж үзэж байна. Тиймээс Цэц магадлал, тогтоол дээрээ энэ үйл баримтыг дурдах хүсэлт тавьж байна. Цэцийн дарга Г.Баясгалан УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарыг төлөөлж Х.Баасанжаргал гишүүн гомдол гаргаж болохгүй гэдгийг хэллээ.Харин Х.Баасанжаргал гишүүн “Хуульд зааснаар гэрчүүд өөрсдийгөө төлөөлж гомдол гаргаж болохгүй учраас УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч учраас төлөөлж гомдол гаргаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой гомдол, УИХ-ын үйл ажиллагаа гэсэн гурван асуудлыг нэгтгэсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолд гомдол гаргасан. Гэхдээ өнөөдөр ч гомдлын хариу ирээгүй учраас хуралдаанд танилцуулж байна. Цэцийн процессын ажиллагаатай холбоотой гомдлыг Цэц Бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн байх ёстой. Тиймээс үүнтэй холбоотой тайлбар, үндэслэлийг гаргаж өгөхийг хүсэж байна. Дөрөв дэх нь маргааныг тусгаарлах хүсэлт гаргаж байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн даргалсан хуралдааны тогтоол шийдвэр аравдугаар сарын 16-нд гараагүй байхад Цэц маргаан үүсгэсэн. Тиймээс хэргийг тусгаарлаж шийдвэрлэж өгөх хүсэлт гаргаж байна.Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа өөрөө нэхэмжлэгчээр татагдсан тул Хуралдаан даргалагч Г.Баясгалан “Хуралдаанд оролцож ирсэн хүмүүсийг хуралд оруулдаггүй. Х.Баасанжаргал гишүүний таван гишүүн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр байгаа. Нэг хүн гэрч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулах ямар ч боломжгүй. Цэцийн тогтоолыг аравдугаар сарын 20-нд гаргасан. Энэ хүмүүсээс гэрчээр асуух зүйл байсан учраас Цэц гэрчээр дуудсан. Чуулганд оролцсон тухай асуудал биш юм. Тиймээс энэ хүнийг гэрчээр оролцуулж байгаа нь буруу, зөв гэж хэлдэггүй. Гэрчээр асуусан бол хариулаад явах үүрэгтэй. Эхэлж гэрчээр оролцуулах мэдэгдэл гараад, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулах хүсэл ч өчигдөр ажил тарсны дараа ирсэн учраас бүртгэгдээгүй. Өнөөдөр 08:30 цагт бүртгэгдээгүй. Тиймээс УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр бус гэрчээр оролцоно. Хуралдаан товлогдсоны дараа ирүүлсэн бүх гомдлыг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэр гаргана. Энэ асуудлуудыг тусгаарлах ямар ч боломжгүй. Эхнээс нь дуустал бүх процессыг өнөөдөр ярина. Тиймээс хуралдааны явцад яриад явах учраас тусгаарлах боломжгүй гэж үзэж нэгтгэсэн. УИХ-ын дэд даргын хүсэлтийг хангана. Та албан тушаалтны зүгээс хууль зөрчсөн гэж ирсэн учраас хэдэн ч удаа үг хэлж болно. Өөрийнхөө асуудал дээр төвлөрөөд явах нь зүйн хэрэг” гэлээ.Нэхэмжлэгч талаас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт шинэ нотлох баримт байгаа гэдгийг хэллээ.

Тэрээр “УИХ давуу эрхтэй Засгийн газар дутуу эрхтэй гэсэн зүйл байхгүй. Үндсэн хууль зөрчсөн саналын томъёоллоор санал хураасан, 19 гишүүн хуралд оролцоогүй, УИХ-ын гишүүдийн ярилцлагын дүрс бичлэгийг нотлох баримтаар өгч байна. Засгийн газрын талаас үг хэлэх минутаас хасахгүй байх хүсэлт тавьж байна. Хуралдаа хоцорч ирчихээд нэр дурдсангүй гэж байгаа нь зохисгүй” гэлээ.
09:30
10 сарын 22УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалааҮндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн, эсэх маргааныг хянан хэлэлцэж эхэллээ.Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалж байна. Нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар иржээ.Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцож байна.Хуралдааны эхэнд маргагч талуудаас Цэцийн есөн гишүүнээс татгалзах үндэслэл байгаа, эсэх талаар тодруулахад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтэй байгаагаа уншиж танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн өмнөөс тайлбар хийх гэж хоёр удаа оролдсон. Тиймээс хуралдааны дэгийг зөрчсөн, зөвхөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрөө хүсэлтэй хэлэх ёстой гээд дахин дур зоргоороо яривал хуралдаанаас гаргана гэдгийг хуралдаан даргалагч Г.Баясгалан санууллаа.Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “цаг дууслаа” хэмээн хэлэхэд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй зааланд ярихыг хориглож, талуудыг хуралдааны дэг сахихыг анхааруулав.УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, татгалзан гаргах хүсэлтэй уншиж танилцуулаад, Цэцийн гишүүдэд холбогдох баримтыг өгсөн. Х.Булгантуяа гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр Цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдааны танхимаас гарч, зөвлөлдөх тасалгаанд шилжлээ.
