Дарга нарыг цомхотгож цалин нэмэх эх үүсвэр бүрдүүлье!
Эх сурвалж: Nnews.mn
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх зуураа багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр олохоор төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардал бүрийг нягтлан таналт хийх арга саам эрэлхийлж байна.
Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөсөн юм.Тодруулж хэлбэл, Засгийн газар 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг УИХ-д өргөн барьсан тул урсгал зардлыг танах нь хамгийн боломжит хувилбарт тооцогдож буй.
Сангийн сайд Б.Жавхлан ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаас танахаас өөр сонголт байхгүй гэдгийг мэдэгдсэн.
Учир нь 200 мянга гаруй төрийн албан хаагч нарын цалингийн фонд 7.8 их наяд. Багш нарын шаардсанчлан цалинг нь 3.5 сая төгрөгт хүргэе гэвэл 3.3 их наядын эх үүсвэр шаардлагатай болж боловсролын салбарынхны цалингийн фонд 6 их наяд болно.
Ийм эх үүсвэрийг ирэх оны төсвөөс гаргах боломжгүй. Эдийн засгийн боломж нөхцлөө тооцсон ч үнэндээ “шаанс” байхгүй. Гэхдээ багш, эмч нарын цалинг нэмэх бодит шаардлага байгаа тул данхгар төрийг цомхон болгоход анхаарч тэр дундаа сайд, дарга нарыг цөөлбөл эх үүсвэр гаргаад ирэх боломжтой.
Засгийн газар эдүгээ Ерөнхий сайдыг оролцуулаад 20 сайд, 16 яамтай ажиллаж байна. Төрийн энэхүү данхгар бүтцийг багасгавал тэр хэрээр зардлыг хэмнэх боломжтой тухай эдийн засагчдаасаа эхлээд улстөрчид ярьдаг. Одоо харин эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаагаа бодолцож төр дээрээсээ эхлэн цомхон болоход анхаарвал тэр хэрээр зардлыг бууруулж чадна. Нэг яамыг татан буулгахад сайд, сайдын зөвлөх, сайдын зөвлөл, Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга, албаны дарга нараас эхлүүлээд тэр бүх дарга нарын жолоочийг цалинжуулах шаардлагагүй болно. Цаашлаад харуул, цэвэрлэгч нарын орон тоо ч хасагдана.
Яам бүр өнөөдөр дээд тал нь 14 газрын даргатай ажиллаж байна, энэ олон дарга нарыг цалинжуулах шаардлагатай юу.
Нийт 16 яамтай, тэр бүгд дээр газрын дарга байгаа. Хамгийн багадаа нэг яам 10 газрын даргатай гэхээр нийтдээ 200 орчим газрын дарга нар яамдад ажилладаг.
Яам бүр газрын даргатай хэрнээ дахиад хэлтсийн дарга нартай. Одоогоор яамдуудад 100 орчим хэлтсийн дарга нар ажилладаг. Тэднийг цомхотгоё. Газрын дарга нартай зэрэгцүүлээд хэлтсийн дарга гэх албан тушаал байгаа нь давхардал юм.
Мөн яамдуудаас гадна 35 агентлаг ажиллаж байна. Яам, агентлагтай зэрэгцээд үндэсний хороо, зөвлөл ажилладаг. Бас л газрын дарга, хэлтсийн даргатай. Дээр нь аймаг, сумдын Засаг дарга нар бүр орлогчтой. Орлогч нарыг ч цомхотгоё. Орлогч нарыг цомхотгохоор мөн л жолооч, зөвлөхүүд нь цомхотголд орж таарна.
Яг үнэндээ яам, агентлаг, Засаг даргын Тамгын газарт байдаг тэр олон дарга нар ажил хийж ачаа үүрдэггүй. Ажлыг нь мэргэжилтнүүд өмнөөс нь хийж, ачааны хүндийг үүрч ирсэн. Харин ч хэр их дарга байна, тэр хэрээр хүнд суртал чирэгдэл учирдаг.
Ажил хөөцөлдөөд үзээрэй, цагтаа ирсэн дарга ховор. Дарга нь байхгүй болохоор гарын үсэг зурах ажлууд нь хүлээгдэнэ. Дарга нь хаачсан бэ гэх асуултад “Гадуур ажил хөөцөлдөж яваа” гэдэг жижүүрийн хариулт л сонсоно.
Гэхдээ дарга ажил хөөцөлдөөд гадуур харайлгаад яваа юм биш. Өглөөдөө бол фитнесс клуб дээр штанк өргөөд зогсож байх нь олонтаа. Тэгж байтал цайны цаг болно, үдээс хойш нам нь дуудна.
Ингээд ажилдаа ирэх өдөр нь ч ховордох тохиолдол олонтаа. Харин тэр бүрт албаны машин унан дүүхэлзэнэ. Өөрийнх нь халааснаас бензин тосны мөнгө гарахгүй болохоор хэдэн литр шатахуун “идэж” зардал гаргаж байгааг дарга мэдэх ч үгүй, мэдэхийг ч хүсэхгүй.
Ийм нэг илүүдэл болсон орон тоо яам, агентлагуудад байхаас гадна төрийн өмчит компаниудад мөн олон бий. Ардчилсан нам Засгийн газарт хамтарч байхад төрийн өмчит компаниудад бүтээмжийн менежер, хяналтын менежер гэдэг орон тоог бий болгосон. Газар, хэлтсийн дарга нар гэдэг ажил хийдэггүй хоолны савнуудаа яая гэж байхад нь бас нэг нэрмээс болсон албан тушаалыг менежер нэрийн дор бий болгосон. Уг нь тухайн компанид хяналт тавих үүрэг хүлээсэн шиг байгаа юм. Компаниа үр ашигтай ажиллуулах менежмент боловсруулах, мөн компани нь хууль бус худалдан авалт хийж байна уу, хууль зөрчиж томилгоо хийж байна уу гэхчлэн хулгай зэлгийг нь илрүүлэх зорилготойгоор томилсон. Харамсалтай нь, энэ үүргээ ганц нэг нь хэрэгжүүлж ажилласныхаа төлөө чөлөөлөгдсөн. Бусад нь одоо аялдан дагалдагч болж хувирсан.
Буруу зүйл хийж байгааг нь мэдсэн ч мэдэхгүй царайлагч болж хувирсан. Ийм орон тоо төрийн өмчит болоод улсын өмчт үйлдвэрийн газруудад ямар хэрэгтэй гэж…
Тэднийг ч бас цомхотголд оруулж сар бүр авч байгаа 6-7 сая төгрөгийн цалинг нь хэмнэмээр байна. Дээр нь газрын дарга, хэлтсийн дарга нарыг нь ч цомхотгоё. УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч нарыг дагаж ажилласан хүмүүсээ төрийн өмчит болоод улсын үйлдвэрийн газарт даргаар тавьчихсан. Ажил хийдэг нь тоотой, “Нам дуудсан” гээд л алга болдог.
Яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг бүх дарга нар албаны машин унадаг. Том жип бензин тос их идэж байна гэдэг шалтгаанаар жижиг суудлын тэрэг болгосон. Одоо энэ бүх албаны машиныг цөөлье. Машины тоо цөөрөхийн хэрээр урсгал зардал буурна. Жолооч цалинжуулах шаардлагагүй болохоос гадна бензин, сэлбэг хэрэгсэлд зарцуулах урсгал зардлын хэмжээ буурна. Тэр хэрээр хэмнэлт бий болно. Яам, агентлаг бүр нэг автомашинтай байхаар зохицуулалт хийж, бусад тээврийн хэрэгслийг зарж яагаад болдоггүй юм.
УИХ-ын гишүүд ч бүсээ чангалъя
УИХ-ын 126 гишүүн бүрт сарт тутамд 20 сая төгрөгийн зардал цалингаас гадуур олгодог тухай УИХ-ын нэр бүхий гишүүн ам алдаж байсан удаатай. Энэ нь хууль санаачлах, сурталчлах, иргэдтэй уулзах зэрэгт зориулж олгодог 20 сая төгрөг болж таарсан. Гэхдээ энэ мөнгийг чамласан гишүүн ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Тойргоос сонгогдсон надад бол энэ 20 сая төгрөг хүрдэггүй. Энэ мөнгийг 100 сая төгрөг болгох шаардлагатай” гэж байв. Гэхдээ УИХ-аас үйл ажиллагааны зардал нэрээр сар тутамд 2.8 тэрбум төгрөг зарцуулна гэдэг бол том тоо. Энэ зардлыг хэмнэж, багш, эмч нарын цалинг нэмэхэд зарцуулбал ямар вэ гишүүд ээ.
УИХ-ын байнгын хороодоор Монгол Улсын 2026 оны төсвийн хэлэлцүүлэг хийсээр гурав дахь хэлэлцүүлэгт авч ирлээ. УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлээд зардлаа бууруулъя гэдэг санаачлага гарч дэмжлэг хүлээвэл сард 2.8 тэрбумыг хэмнэх бололцоо байна.
Дээр нь УИХ-ын гишүүний хот доторх унааны зардалд 900 мянган төгрөг өгдөг, үүнийг бас бууруулж болохгүй юу.
Малчдын НДШ-ийн 50 хувийг татвар төлөгч нар дааж байгааг зогсооё
УИХ хоёр жилийн өмнө 2024 оны сонгуулиар малчдаас санал авах зорилгоор малчдын Нийгмийн даатгалын шимтгэл/НДШ/-ийн 50 хувийг төрөөс даах хуулийг хүчээр баталсан. Энэ хуулийг татвар төлөгч бүр дэмжээгүй ч үл тоосон. Ингэснээр 280 мянган малчны НДШ-ийн 50 хувийг төрөөс хариуцах болсон. Монгол Улсын 2024 оны төсөвт малчдын НДШ-ийн 50 хувийг төрөөх даах болсонтой холбогдуулж 25 тэрбум төгрөг тусгаж байсан бол 2025 оны төсөвт мөн энэ хэмжээний хөрөнгө тусгасан. Ирэх жил мөн 25 тэрбум төгрөг тусгасан бол нийтдээ 75 тэрбум төгрөгийг зөвхөн малчдын НДШ-ийг төлөхөд зарцуулна гэсэн үг. Уг хууль таван жилийн хугацаатай хэрэгжинэ. Энэ тохиолдолд хамгийн багадаа 125 тэрбум төгрөг зарцуулах болж буй. Иймээс дээрх мөнгийг зогсоож, багш, эмч нарын цалинг нэмэх эх үүсвэрт шилжүүлбэл илүү шударга болно.
Малчдын саналыг авах зорилгоор баталсан бас нэг шүүмжлэл дагуулсан хуулийн нэг нь “”Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд жил бүр 500-600 тэрбум төгрөгийн зээл гаргаж, хүүгийн татаасанд нь 100 гаруй тэрбум төгрөгийг мөн л төрөөс дааж байна. Тухайлбал, 2026 оны төсөвт “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад 500 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож зээлийн хүүгийн дэмжлэгт 108.9 тэрбум төгрөг олгохоор төлөвлөөд байна. Энэ зээлийг малчдад олгож эхэлснээр импортоор орж ирэх машины тоо огцом өссөн гэдэг статистик гарах болсон. Иймээс машинд зарцуулагдаж байгаа дээрх зээлийг зогсоовол хүүгийн татаасанд өгч буй 108.9 тэрбумыг багш, эмч нарын цалинг өсгөх эх үүсвэрт зарцуулахаар болж зориулалтыг нь өөрчлөх боломж бас байна.
Төрийн албан хаагчийн цалин хувийн хэвшилд ажиллагсдаас бага уу?
Төрийн албанд ажилладаг хүн бүр шахам цалин бага авдаг тухайгаа ярьдаг. Бодит байдал дээр уул уурхай, банк санхүүгийн салбарт ажиллагсдын цалин л өндөр болохоос биш хувийн хэвшилд ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдынхаа цалингаас дээрдээд байхгүйг харж болно. Учир нь, хувийн хэвшилд ажиллагсдын үндсэн цалин дийлэнхдээ 1.4 сая төгрөг байгаа. Гэхдээ тэдэнд төрийн албанд ажиллагсдын нэгэн адил үндсэн цалин дээрээ янз бүрийн урамшуулал нэмэгдэл байдаггүй.
Жишээ татвал, багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөг. Үүн дээр анги даалт, дэвтэр засалт, ур чадварын нэмэгдэл, орон нутагт ажиллаж байгаа бол цалин дээрээ нэмж 20-40 хувийн нэмэгдэл сар бүр авна. Дээр нь таван жил тутамд 36 сарын цалинтай тэнцэх урамшуулал, тэтгэвэрт гарахдаа мөн 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг. Хэрэв 15 ба түүнээс дээш жил тасралтгүй багшилсан бол нэг хүүхдийг нь төрийн өмчийн их сургуульд суралцахад/эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол/ төлбөрийг нь төрөөс даана. Энэ мэтчлэн төрийн дэмжлэгүүд бий. Дээрх дэмжлэгийг эрүүл мэндийн салбарт ажиллагсад ч мөн хүртдэг. Тиймээс төрийн албанд ажиллагсдын хүртэж ирсэн энэхүү төрөл бүрийн урамшууллыг үргэлжлүүлэх нь төрд ачаа болох тул хасах хэрэгтэй гэдэг санал гардаг.
Цаашдаа төр ачаагаа хөнгөлье гэвэл энэ мэт асуудлаа ч эргэн харах зүй ёсны шаардлага бий.
Инфляциа бууруулъя
Багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв. Гэхдээ төр зөвхөн энэ хоёр салбарынхнаа хүн мэт үзэж цалинг нь нэмээд байвал дагаж бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч инфляци үйлдвэрлэхээс хэтрэхгүй. Цаашлаад бусад салбарынхан ч ажил хаяж цалингаа нэмүүлэх арга хэрэглэхээс аргагүйд хүрч болох талтай.
Нөгөө талдаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци үйлдвэрлэж эхэлдэг. Тэр хэрээр төгрөг үнэгүйдэж, цалин, тэтгэвэр нэмээд ч иргэдийн амьдралд бодитой дэмжлэг болдоггүй.
Дээр нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх тохиолдолд дагаж бүтээмж өсөх ёстой ч энэ асуудал орхигдож ирснээс өнөөдөр эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээ шалан дээр унасныг бүгдээрээ харж болно. Цалин 10, 20, 30 хувиар өссөн ч бай дагаж бүтээмж өсөх ёстой. Энэ бол төрийг хүчтэй, чадварлаг болгох бас нэгэн механизм юм. Иймээс ирэх онд багш, эмч нарын цалин өсөхөд дагаж үйлчилгээний чанарыг нь сайжруулах шаардлагыг төрөөсөө эхлээд тавих шаардлага байна.
Мөн төр инфляцийг бууруулахад анхаарахгүй бол дан ганц төрийн албан хаагчдын цалин нэмснээр иргэдийн амьдрал сайжирдаггүйг сүүлийн хэдэн жил дараалан нэмсэн цалин, тэтгэврийн нэмэгдэл харуулсаар байна.