Н.Лүндэндорж: Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа

176129683668fb41c467574 (1)

Эх сурвалж: Analiz.mn

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр УИХ-ын гишүүдэд цочроо өгчээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр (2025.10.24) А.Ариунзаяа, Ч.Номин, П.Сайнзориг нарын хэлсэн үгнээс энэ байдал харагдсан. Хуралдаан даргалагч Б.Пүрэвдорж гишүүн ч Х.Булгантуяагийн араас орж “Үндсэн хууль зөрчсөн” гэж буруутгагдахаас болгоомжилж байв.

Тэрбээр “УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржид итгэхгүй байна. Өмнө дарга нь байхгүй болсон. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хууль зөрчүүлсэн. Надад хуулийн маш сайн зөвлөх байгаа” гэж УИХ-ын даргын индрээс хэлсэн юм. Гишүүд “Чуулганы нэгдсэн хуралдаанаа дэгийн дагуу хийж болох уу, болохгүй юу. Үндсэн хууль зөрччихвөл яана аа” гэж болгоомжлох зуур хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж сошиал хуудаснаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Цэц Үндсэн хуулийн хямралыг зогсоох үүрэгтэй. Үндсэн хуулийн Цэцийн ийм нэг “зовлонтой” шийдвэр гарлаа.

Асуудал ихтэй. Гэвч “Үндсэн хуулийн хямралд орсон ийм хүнд үед үүнээс өөр арга зам байсан уу” гэж зөвтгөж бас болно. Наад зах нь УИХ руу “юм” явуулбал тэрхүү талцал хуваагдал нь Үндсэн хуулиа сахиж, зөв шийдвэрт хүрэх нь эргэлзээтэй гэж Цэц үзсэн бололтой. Үндсэн хуулиа тайлбарлаж хэрэглэдэг цор ганц шүүх ингэж үзэж дүгнэж байхад яалтай билээ. Цэц Үндсэн хуулийн хямралаар дамжин ирж болзошгүй улс үндэстний эрх ашигт харш эрсдэл аюулаас сэргийлэн хамгаалж ийм шийдвэр гаргалаа гэхэд “Тэр хамаагүй” гэх нь мөн ч хэцүүеэ. Цэцийг ийм шийдвэр гаргах онцгой нөхцөлд түлхсэн эзэн нь УИХ шүү. Аман дундуураа алгадууллаа. Одоо яалтай билээ” гэж бичжээ. Н.Лүндэндорж Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

About Author