Аавынхаа энд хүрч МУГЖ болж байгаа С.Ариунбямбын тухай 15 баримт
Эх сурвалж: 24tsag.mn
БНМАУ-ын гавьяат жүжигчин Ч.Сүхээгийн хүү жүжигчин С. Ариунбямба МУГЖ цолоор энгэрээ мялаах
гэж байна. Тэгвэл бид та бүхэнд түүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
БАРИМТ 1
1978 оны хоёрдугаар сарын 10-нд мэндэлсэн.
БАРИМТ 2
Дундговь Луус сумын уугуул.
БАРИМТ 3
Түүний аав Ч.Сүхээ нь БНМАУ-ын гавьяат жүжигчин хүн байв. Тэрээр УБДС-ийн кино драмын ангийг төгсөж уран бүтээлчийн замналаа эхлүүлжээ. 1968 оноос эхлэн аймгийнхаа соёлын ордонд 26 жил урлаг, соёлыг түгээн дэлгэрүүлж, таниулж ажилласан гавьяатай уран бүтээлч. Хөгжимт жүжгийн театр болтол нь жүжигчин, найруулагч, уран сайхны удирдагч, даргаар нь ажилласан гэдэг. Аймгийнхаа театрын тайзнаа тоглож буй бүх жүжигт ажиллаж түүхэнд мөнхөрсөн хүн ажээ. Мөн “Хүний эрх”, “Үнэн мөнөөрөө” зэрэг 20 гаруй жүжиг, концертуудыг олонд толилуулсан байна.
БАРИМТ 4
Ч.Сүхээгийн авьяас, жүжигчний ур чадварыг магтах хүн олон. Дүрээ гаргахаар нүүрээ хувиргаж, тайзны хувцсаа өмсөхдөө тэр дүрээ бүрэн илэрхийлдэг байжээ. Түүнд хувирч үзээгүй дүр үгүй байх. Гавьяат мэргэжилдээ чин сэтгэлээсээ хандах нь дараа дараагийн уран бүтээлчдэд үлгэр дууриал болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь уран бүтээлийн цомог болон дүрийн судалгааны дэвтэр хөтлөхөөс гадна жүжигчний уран чадварын онол, практикын бичвэрүүд, товхимлуудтай ажээ. Энэ үнэ цэнтэй, нандин их өв, мэргэжлийг нь хүү С.Ариунбямба нь хайрлан дээдэлж, уншиж, судалж дутуугаа дүүргэдэг гэнэ лээ.
БАРИМТ 5
С.Ариунбямба багаасаа л аавынхаа ажлаа хийж байгааг хажуугаас нь харж, жүжигчин хүний жаргал зовлонг багаасаа мэдэрсэн нэгэн. Ингэхдээ аавынхаа мэргэжлийг эзэмшиж жүжигчин болохоор шийджээ.
БАРИМТ 6
Оюутан болохдоо СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Сугарын удирдлага дор суралцаж жүжигчин, найруулагч мэргэжлээр 2000 онд төгссөн байна.
БАРИМТ 7
Ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн Төв халх дуулалт жүжгийн театраас эхэлжээ. Театрыг сонгож, уран бүтээлийн гараагаа эхлэхдээ “Худалч эхнэр” жүжгийн Уильям, “Гэрлэх гэсэн нь” жүжгийн Кочкарев, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гээд дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжигт гол, туслах дүрд ажилласан юм. Түүний театрт өнгөрүүлсэн цаг хугацаа үнэ цэнтэй, магадгүй тэр цаг хугацаа өнөөдрийн С.Ариунбямбыг бүтээсэн байж мэднэ.
БАРИМТ 8
Өдгөө түүнийг үзэгчид олон дүрээр нь андахгүй мэднэ. Тухайлбал, “Ану хатан” киноны Данжила баатар, “Тэгри чину” киноны Хадун соёо, “Ар хударга” киноны Канжо, “Содура” киноны Мажыр тэргүүтэй олон дүрд ажиллаж яваа хөдөлмөрч уран бүтээлч юм. Түүний ажилласан анхны дэлгэцийн уран бүтээл бол одоогоос 22 жилийн өмнө “Гашуун аялгуу” билээ. Үзэгчдийн хүртээл болоод удаагүй байгаа Тайланд улсад зураг авалтаа хийсэн “Үхлийн тойрог” кинонд ажилласан зогсошгүй хөдөлмөрч, авьяасын ундаргатай жүжигчин.
БАРИМТ 9
Тэрбээр сүүлд ХУРД хамтлагийн ойд зориулсан “Бүсгүй” кинонд гол дүр бүтээсэн. Тэр цагаас хүмүүс түүнийг МУГЖ цолоор энгэрээ мялаах ёстой хэмээцгээх болсон юм.
БАРИМТ 10
Үзэгчид С.Ариунбямбыг эсрэг дүрээр төсөөлдөг ч тэрээр ямар ч дүрийг гаргаж чадах чансаатай нь бүтээлүүдээс нь харагддаг. Жүжигчин С.Ариунбямба уран бүтээлийн онцгой арга барилтай. Тэрээр анх дүрд ажилласан цагаасаа эхэлж өөрт буусан мэдрэмжээ зурж тэмдэглэдэг байсан нь өдгөө дадал болжээ. Дэвтэр бал бариад дүрээ дүрсэлдэг хэмээн хамтарч ажилласан уран бүтээлчид нь ярьдаг, үнэлдэг.
БАРИМТ 11
С.Ариунбямбын мөн чанар нь ажиллаж буй уран бүтээлээсээ тэс өөр. Амьдрал дээрээ их тайван хүлээцтэй, тэвчээртэй сайн хань, аав гэдгийг нь түүний хайртай хүмүүс нь хэлдэг.
БАРИМТ 12
Түүний гэр бүлийн хүнийг н.Амарсанаа гэдэг бөгөөд мөн л жүжигчин мэргэжилтэй. Тэд амьдралын утга учир болсон авьяас, мэргэжлийг нь үргэлжлүүлэх хоёр сайхан охиныг төрүүлж, өсгөсөн.
БАРИМТ 13
Том охин А.Номин-Эрдэнэ жүжигчин мэргэжил эзэмшсэн, өдгөө дэлгэцийн уран бүтээл, театрт ажиллаж байгаа. Харин бага охин нь дунд сургуулийн сурагч.
БАРИМТ 14
Түүний хамгийн анх дүрүүдийнхээ нэгийг “Ми-15” кинонд бүтээж байв. Уг кинонд “2007 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар яваад осолдсон “Ми-8” нисдэг тэрэгний сүйрлийн тухай харуулдаг билээ. Дараагаар нь тэр “Хархны өгөөш” кинонд эсрэг дүрийг чадварлаг бүтээж, олны хараанд өртсөн.
БАРИМТ 15
Тэрбээр 25 жил урлагийн салбарт хүчин зүтгэж, 50 гаруй жүжиг, 30 гаруй кинонд гол ба туслахын дүрийг бүтээсэн байна. “Ану хатан”, “Тэгри чину”, “Ар хударга”, “Содура”, “Цурам ажиллагаа”, “Аравт”, “Үргээлэг”, “Босуул”, “2000”, “Сүүн замын сахиул”, “Бүсгүй”, “Үхлийн тойрог”, “В1 давхар”, “Тэг цэг” зэрэг дэлгэцийн бүтээл, “Худалч эхнэр”, “Гэрлэх гэсэн нь”, “Ялагдашгүй ганцаардал”, “Хүүхэн засуул” гэх олон тайзны дүрээр С.Ариунбямбыг үзэгч олон мэднэ.