Ц.Баатарсайхан, С.Бямбацогт нар Ховдын угшилтай Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргаар жинхлүүлэхээр зүтгүүлж байна
Эх сурвалж: Eguur.mn
Өнгөрөгч баасан гарагт /2025.10.24/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн халаа сэлгээ хийсний нэг нь ЦЕГ-ын дарга. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Ням-Очирыг түр томилоод буй юм.
Тэгвэл ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Ц.Ням-Очирыг ЦЕГ-ын даргад жинхлүүлэхээр зүтгүүлж байна. Түүнийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нэр зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. Учир нь, Ц.Ням-Очир Ховдын угшилтай. “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайханы холбогдсон асуудал дээр “ажилласан” ч гэгдэж байгаа. Товчхондоо цагдаагийн байгууллагад нөлөө бүхий шинэ дүр гэх. 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Бригадын генерал” цол хүртэж байжээ.
Ц.Ням-Очирын хувьд, хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, докторант.
- 1991 оноос Гал түймэртэй тэмцэх хэлтэст гал сөнөөгч, туслах байцаагчаар ажлын гараагаа эхлүүлсэн.
- 1996 оноос Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эдийн засгийн төлөөлөгч, эдийн засгийн ахлах төлөөлөгч, тасгийн дарга, хэлтсийн дарга болсон.
- 2015 оноос ЦЕГ-ын Дэд дарга бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргаар томилогдон ажилласан.
- 2017 оноос ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга,
- 2020 оноос Экологийн цагдаагийн албаны дарга;
- 2020 оноос Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон.
АТГ-т гаргасан ХОМ-ийг хүргэвэл,
- Өөрийн орлого: 2020 онд 32 сая, 2024 онд 57 сая
- Гэр бүлийн орлого: 2020 онд 46 сая, 2024 онд 60 сая
- Орон сууц: 450 сая
- Автомашин: 2021 онд 86 сая, 2024 онд автомашингүй болжээ
- Мал: 2020 онд 26 сая байсан бол 2024 онд малгүй болжээ
- Хадгаламж: 2020 онд 43 сая, 2024 онд 77 сая
- Зээл: 124 сая
- Компани: “Эрдэнэс 5 толгой” ХК, “Автоимпекс” ХК, “Их Итгэмж фенанс” ХЗХ Хоршоо, “Их итгэмж финанс” ХЗХ Хоршоо зэрэгт хувьцаа эзэмшдэг байна.