Х.Нямбаатар: БЗС-ийн мэдээллийг хараад бид ч гэсэн бухимдаж байна
Х.Нямбаатар: Боловсролын зээлийн сангийн мэдээллийг хараад бид ч гэсэн бухимдаж байна, хуулийн байгууллага бүгдийг нь тодорхой болгоно
Боловсролын зээлийн сангийн асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг байр суурийг хүргэж байна.
Үнэхээр дэлхийн шилдэг их дээд сургуулиудын шалгаврыг хангасан эсэх эргэж ирээд төрд таван жил ажилласан уу? гэдэг дээр дүгнэлт хийсэн зүйл ерөөсөө байхгүй яваад байдаг. Бүр нарийн ярих юм бол 2017 оны улсын төсөв батлахад эдийн засгийн хүндрэлтэй он жилүүд ирж байгаа тул Боловсролын төрийн сангийн зээлээр гадаад улсад явж суралцуулахыг бүр хаасан. Гэтэл сая ил болсон мэдээллүүд дээр тэрнээс хойших жилүүдэд зээл олголт хийгдээд явсан байх жишээтэй.
Хаасан байхад олгоод байсан юм уу?
Дараа жил нь 10 хүүхдийн квот тавиад олгогдсон гэж би ойлгосон. Өчигдөр, уржигдар мэдээлэл хоёр удаа устсан гэдэг мэдээлэл гарсан шүү дээ. Энэ мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг, Сангийн яамны төрийн сан болон Боловсролын яамны зээлийн сан дээр очин ажиллаж байна. Мэдээ материалуудаа баримтжуулан бэхжүүлж авч байгаа. Удахгүй дүгнэлтүүд гарна.
Устсан юм уу?
Яг устсан зүйл байхгүй. Бүгдийг нь сэргээн танилцуулах боломжтой гэж урьдчилсан байдлаар хэлсэн. Хоёрдугаарт өмнө нь энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан юм билээ. Шалгаад энэ асуудал тухайн үедээ хаагдсан гэсэн мэдээлэл байгаа. Тэр мэдээллийг ЭЦГ-аас тодруулаад эргээд та бүхэнд мэдээлэх боломжтой.