Б.Бат-Эрдэнэ: Нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол биологийн хомсдол нүүрлэнэ

0

Дэлхийн улс орнууд Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцыг 1992 оны тавдугаар сарын 22-нд баталснаар жил бүр “Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр” хэмээн тэмдэглэдэг. Монгол Улс уг конвенцод албан ёсоор нэгдэн ороод 30 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ өдрийг “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.

БОАЖЯ энэ өдрийг угтан тавдугаар сарын 16-22-нд “Биологийн олон янз байдал ба ургамал”, “Биологийн олон янз байдал ба амьтан”, “Биологийн олон янз байдал, генетик нөөц ба биоаюулгүй байдал”, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлын санхүүжилтийн механизм” сэдвээр цуврал хурал зохион байгуулав. Салбарын эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүдийн илтгэлийг хэлэлцүүлэн, манай орны амьтан, ургамал, байгаль экологи, биологийн олон янз байдлын санхүүжилт, генетик нөөц, биоаюулгүй байдлын талаар төрөөс анхаарах чиглэл, санал зөвлөмж гаргаж байна.

БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Биологийн олон янзын суурь конвенц нь биологийн олон янз байдлыг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг зөв зохистой ашиглах, генетик нөөцийг ашиглах, генетик нөөцтэй хамаатай хууль эрх зүйн орчныг сайжруулж, генетик нөөцөөс бий болсон үр ашгийг хүртэх, био аюулгүй байдлын хамгааллын арга хэмжээг сайжруулах гэсэн үндсэн зорилттой суурь конвенцод элсэн орсон юм. 2012 онд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг шинэчилсэн байдаг. Өнөөдөр хууль эрх зүйн орчныг сайжруулах ялангуяа нэн ховор, устаж үгүй болох эрсдэлтэй амьтан, ургамлаа хамгаалж үлдэх талаар бодлогын шинэчлэл хийх, олон улсын төсөл хөтөлбөр, стандартад нийцүүлэх шаардлага байна” гэв.

Мөн тэрбээр “Биологийн олон янз байдал гэхээр зөвхөн том амьтны тухай ярих гээд байдаг. Гэтэл зэрэгцээ оршиж буй шавжийн судалгаа Монгол Улсад маш бага хийгдсэн. Мөн дэд бүтэц бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд өртөж байгаа амьтны тархац нутгийг хамгаалах хэрэгтэй байна. Унаган байдлаар нь хамгаалж үлдэхийн тулд иргэн бүрийн оролцоо чухал ач холбогдолтой. Тиймээс “Иргэн бүр байгаль хамгаалагч” уриа дор хамгааллын арга хэмжээ зохион байгуулж байгаа” гэв.

Манай оронд 2019-2020 онд цаг агаарын аюултай үзэгдэл 168, байгалийн гамшигт үзэгдэл 32 удаа давтагдаж, нийгэм, эдийн засагт 22.7 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Байгаль орчны төлөв байдлын тайланд, өнгөрсөн 70 жилд цаг агаарын дулаарал 2.5 хэмээр, нүүрсхүчлийн хийн ялгарал 16 хувиар нэмэгдэж, хур тунадас 8 хувиар багассаныг тэмдэглэжээ. Хамгийн сүүлд хийсэн “Монгол орны цөлжилтийн атлас”-т цөлжилт, газрын доройтол 76,9 хувьтай гэсэн дүн гарсан байна.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Манай орны байгаль хамгаалах зардлын 44.4 хувь нь улсын төсвөөс, 55.6 хувь нь олон улсын хандив, тусламжаас бүрддэг. Биологийн олон янз байдлыг хамгаалах үйл ажиллагааны зардал 2008-2018 онд улсын төсвийн 0.35-0.79 хувь буюу ДНБ-ий 0.15-0.25 хувь байгаа нь хангалтгүй үзүүлэлт. Мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос хуулийн дагуу багадаа 15-85 хувийг тухайн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах ёстой ч хангалтгүй байна. Иймд хамтаараа нэгдсэн шийдэлд хүрэхгүй бол Биологийн олон янз байдлын хомсдол Монгол оронд нүүрлэнэ” гэдгийг анхааруулж байлаа.

МУИС-ийн багш, профессор С.Гомбобаатар “Манай улсын хувьд дэлхий дээр хамгийн сийрэг тусгаар тогтносон улс. Өөрөөр хэлбэл, нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлдэг гэсэн үг. Газар нутгийн хэмжээ их болохоор нөгөө талаас иргэдийн хариуцлага илүү хэрэгтэй. Үүнээс харахад их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Монгол Улсад байгаль орчныг хамгаалах санхүүжилтын үндсэн 3 эх үүсвэр байдаг. Нэгдүгээрт, улсын төсвөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцаар дамжин хэрэгждэг санхүүжилт. Энэ санхүүжилтыг түүний харьяа байгууллагуудыг үйл ажиллагаагаар дамжуулан зарцуулдаг. Хоёрдугаарт, олон улсын байгууллага, хувийн хэвшил, бусад иргэний нийгмийн байгууллагууд, хувь хүмүүсийн дэмжлэгээр хийж буй ажил. Энэ нь сайн дурын ажил тул заавал хүлээсэн үүрэг шиг жил болгон их хэмжээний мөнгө зарцуулах боломж байхгүй. Гуравдугаарт Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу татвараас төвлөрүүлж буй орлого. Энэ нь орон нутгийн төсөвт ордог. Энэ төсвийн орлогыг байгаль хамгаалахад зарцуулахаар хуульчилсан. Гэтэл бодит байдал дээр энэ хуулийн хэрэгжилт хэзээ ч 50 хувьд хүрч байгаагүй. Тиймээс үүнд маш их анхаарах хандуулах хэрэгтэй. Жишээлбэл, орон нутгийн иргэд мод түлдэг. Мод түлснийхээ төлбөрт төвлөрүүлсэн орлогыг эргүүлээд мод хамгаалахад зарцуулах ёстой. Гэтэл сургуулийн дээвэр засах, уурын зуухны засвар үйлчилгээнд зарцуулах зэргээр ашиглаад байгаа учраас ой модны нөөц асар хурдтайгаар хорогдож байна” гэв.

Мөн тэрбээр “Хүн бол хүрээлэн буй орчны нэг бүрэлдэхүүн хэсэг болохоос төв хэсэг биш. Тийм учраас бусад хэсгийг доройтуулах замаар өөрсдийн сайн сайхан байдлаа нэмэгдүүлэх ёсгүй. Тэгсэнээр урт удаан оршин тогтнох боломжгүй. Ойг илүү их авч үзсэн шалтгаан нь хуурай газрын эко системийн амьд биетүүдийн 80 хувь нь ойд амьдарч байна. Орчныг нь устгаад байвал тэр амьтныг амьдруулах биологийн төрөл зүйлийг хэвээр нь хадгалах боломж байхгүй болно. Орчныг нь үлдээхийн тулд ойг зайлшгүй хамгаалах шаардлагатай болоод байна. Системтэйгээр авч үзэхгүй бол нэг зүйлийг хамгаалж, аврах гээд нөгөөх нь сүйтгэж болохгүй. Тэгэхээр зөвхөн тухайн амьтанд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь зөв шийдэл биш. Тиймээс амьтны асуудал, ургамал, санхүүжилтийн асуудал, генетик нөөцийн асуудал зэргийг ярьсны дараагаар нь нэгдсэн байдлаар харж ямар дүр зургаар хийх вэ гэдгээ гаргах хэрэгтэй” гэлээ.

Монгол Улсын газар нутгийн 20.1 хувийг хамарсан 30.27 сая га улсын тусгай хамгаалалттай газар бий. Сүүлийн 30 жилд манай оронд 232 зүйлийн дээд мөөг, 1366 зүйлийн замаг, 81 зүйлийн хаг, 176 зүйлийн хөвд, 684 зүйлийн гуурст ургамал шинээр тэмдэглэж, ургамлын аймгийн төрөл зүйл баяжин тэлжээ. Энэ нь ургамлын аймгийн төрөл зүйл нэмэгдээд буй сайн үзүүлэлт мэт боловч энэ хугацаанд 3163 гуурст ургамлын 16.2 хувь нь бэлчээрийн доройтолд өртөж, хэт ашиглалтаас улбаалан “устах аюултай” гэсэн дүгнэлтэд багтжээ. Мөөг болон доод ургамлын ангилал зүй, уур амьсгал, хүний ажиллагааны нөлөө, ашиглах боломжийн судалгаа 2000 оноос эрчимсэн. Тухайлбал, мөөгний зүйлийн бүрдэл 1996-2000 онд 23 зүйлээр, 2001-2005 онд 53 зүйлээр, 2006-2010 онд 46 зүйлээр, 2011-2016 онд 102 зүйлээр нэмэгджээ. Харин хөхтөн амьтны зүйлийн 23, шувууны зүйлийн 7, загасны зүйлийн 14 хувь нь амьдрах орчны хомсдол, хэт олборлолт, хулгайн ан, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн устах эрсдэлд оржээ.

image00010

image00009

image00007

image00004

image00002

image00001

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *