Ц.Баатарбилэг: Барьцаандаа тааруулж, 21 сая долларын зээл авсан
НБЦ 11.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛӨЛТ ХИЙСЭН ГЭВ
Хөгжлийн банкнаас зээл авсан НБЦ компанитай холбогдох шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдаж байгаад цайны цаг болсон тул 13.00 цагийн үед завсарлалаа. Шүүх хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлуулах үеэр прокурор “Хэрэгт авагдсан баримтаар НБЦ компани нь 11.8 тэрбум төгрөгийн төлөлт хийгдсэн байдаг. Зээлээ төлөөгүй гэдэг мэдээлэл явж байгаа нь буруу” гэлээ.
12 : 15
2023-5-23
Ц.БААТАРБИЛЭГ: БАРЬЦААНДАА ТААРУУЛЖ, 21 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВСАН
Хөгжлийн банкнаас зээл авсан НБЦ компанитай холбогдох нотлох баримтыг шинжлэн судлуулах ажиллагаа үргэлжилж байна.
Прокурор НБЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтыг шинжлэх судлуулахаар өгч байна гэдгээ мэдэгдэж, мэдүүлгийг нь танилцууллаа.
Ц.Баатарбилэг: НБЦ компани 1998 онд байгуулагдаж, 2003-2006 оны хороонд 100 мянган шувууны аж ахуй байгуулсан. 1998-2019 оныг хүртэлд импортоор өндөг оруулж ирсэн. Импортоор өндөг оруулж ирснээс үйлдвэр байгуулах нь илүү ашигтай гэсэн тооцоо хийгдсэн. 2011 онд 1 сая өндөглөгч шувууны үйлдвэрийн шав тавьж, дэд бүтцийг өөрсдийн хөрөнгөөр хийж, гадаад улсаас хөрөнгө оруулалт татахаар зээл хөөцөлдөж, 25 сая ам.долларын төсөл бичсэн.
Төсөлд өөрийн хөрөнгөөр 5 сая ам.долларыг, 20 сая ам.долларыг зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр бичсэн. 2012 оноос хойш зээл хөөцөлдсөөр 2013 оны тавдугаар сард Германы банкнаас 20 сая ам.долларын зээл олгохоор захирлуудынх нь зөвлөлийн шийдвэр гарсан. Гэхдээ зээл есдүгээр сард олгогдоно гэсэн. Зун богино тул Германы банкны захирлуудын зөвлөлийн шийдвэрийг барьцаанд тавьж, Хас банкнаас 10 сая ам.долларын зээл аваад эхний хоёр байшингийн тоног төхөөрөмжийг захиалж оруулж ирээд угсраад явж байтал 2013 оны аравдугаар сард Германы банкнаас “хямрал болох гээд байна, зээлээ бүрэн өгч чадахгүй боллоо. Баталсан 20 сая ам.долларын зээлээс 10 сая ам.доллар авч болно. Зээл огт авахгүй ч байж болно” гэсэн. Бид 2013 оны арванхоёрдугаар сард Германы банкнаас 10,8 сая ам. долларын зээл авч Хас банкны зээлийг төлж, 800 мянган ам.доллартай үлдэж, нийт 300 мянган шувууны үйлдвэр ашиглалтад оруулсан. Энэ үеэр импортоор өндөг олруулж ирэх бизнесээ хийж байсан. 2014 оноос 20 гаруй хүнээс 4 орчим сая ам.долларын зээл авч төслөө үргэлжлүүлсэн. Тэр үед хувь хүмүүсээс авсан зээлээ Германаас авсан зээлийнхээ хүүг төлж байсан. Ямар ч байсан дэгдээхэйтэй нийлээд 430 мянган шувуу болгож, 2014 оны есдүгээр сард үйлдвэрийнхээ нээлтийг хийсэн. Гэхдээ гол өртөг бууруулах тэжээлийнхээ үйлдвэрийг барьж чадаагүй. Энэ үед долларын ханш 1700 төгрөг, 2015 он гараад 1900, улмаар 2000 төгрөгтэй тэнцэж чангарсан. Үйлдвэрийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэхэд нь үнэн учраа тайлбарлаж хэлсэн. Энэ үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис бонд гарч байгаа, чи төслөө Засгийн газар, Хөгжлийн банкинд танилцуул” гэсэн. Зээл авахын тулд юмаа бэлдэж эхэлсэн. Гэхдээ 2015 оны хоёрдугаар сард Ерөнхий сайдын ажлын албанаас намайг дуудах үед би гадаадад явж байсан тул очиж чадаагүй. Германчуудтай яриад ч төслөө гүйцээж чадаагүй.
Германы банкнаас авсан зээлээ төлөх шаардлагатай тул “Долларын ханш өсчихлөө, Монголын банкнаас зээл аваад танай зээлийг төлье гээд имэйл бичтэл “Та нарын тоглоом уу, 2 сая ам.долларын торгууль төл” гэсэн мэйл ирсэн. Тиймээс бид 2015 оны наймдугаар сар хүртэл Германы банктай зургаан сарын турш хэлцэл хийж, 200 мянган ам.долларын торгууль төлье гэж тохиролцоонд хүрээд байж байтал Ерөнхий сайд огцорсон. Доллар 2000 төгрөгт хүрчихсэн. Ингээд 2015 он дууссан. 2016 он улсын хувьд ч компанийн хувьд ч хамгийн хүнд жил байсан бөгөөд доллар 2700 төгрөгт хүрсэн. Хувь хүмүүсээс авсан зээлийн хүү галзуурсан. Цикльтэй юм чинь долларын ханш буух байх гээд 2016 онд төслөө бичиж дуусгасан. 2017 онд долларын ханш тогтворжиж, эдийн засаг эерэг болж эхэлсэн. 2017 оны тавдугаар сард Хөгжлийн банкинд төслөө өгсөн. Нийтдээ 35 сая ам.долларт багтаагаад 1.5 сая шувууны үйлдвэр байгуулах төсөл өгсөн. Төслийг Хөгжлийн банк судлаад 25 сая ам.доллар болгон бууруул гэсэн тул шувууны төслөө 1 сая шувуу болгон, 25 сая ам.долларын төсөл болгоод бууруулсан. Бид Хас банкнаас 2 сая ам.долларын зээл авсан байсан, Германы банкнаас авсан зээл хүүтэйгээ нийлээд 13.5 сая ам.доллар болсон байсан. Тиймээс төслөө бичихдээ 13.5 сая долларын зээлийг зээлийг дахин санхүүжүүлэх. Өөрөөр хэлбэл, 25 сая ам.долларыг авснаар Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангачихна, экспорт гаргана гээд төслөө өгсөн. Манай барьцаа ч зээлийн хэмжээнд таарч байсан. Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурал болж, манай компанийг дуудаад барьцаагаа нэм, эсвэл барьцаанд чинь тааруулаад 21 сая амдолларын зээл олгоё гэсэн. Монгол мөнгөөр 50 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно, барьцаанд 75 орчим тэрбум төгрөгийн барьцаа тавина гэсэн үг. Энэ нь 13.5 сая ам доллараар бүх зээлээ хаана, 7.5 сая зээлийг төсөлдөө өгнө гэж тооцоод шувууныхаа тоог 600 мянга болгоё гэж тохироод зээл олгогдохоор болсон. Ингэж журмынхаа дагуу зээл авсан” гэжээ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ШҮҮХ ХУРАЛ 27 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой шүүх хурал өнөөдөр /2023.05.23/ 27 дахь өдрөө үргэлжилж байна. Уг хуралдаанаар НБЦ компанитай холбогдох нотлох баримтыг шинжлэн судлуулж буй юм.
Гэрч н.Золбаярын мэдүүлгээр НБЦ компани нь 21 сая ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэй, 10 жилийн хугацаатай авахаар санал ирүүлсэн. Зээлийн саналыг судалж үзэхэд барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй байсан. 4 дэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан.
Сүүлийн 2015, 2016 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд нийт хөрөнгө 39.7 тэрбум, үүний 81.9 хувь нь үндсэн хөрөнгө, 18.1 хувь нь эргэлтийн хөрөнгө байсан. 2017 оны II улирлын байдлаар зээлийн өр 44.1 тэрбум төгрөгт хүрсэн, нийт хөрөнгө, өр төлбөрийн харьцаа муу, зээлийн дарамтад орсон байсан. Өр төлбөрийн бүтцийг нарийвчлан үзвэл дансны өглөг 7.2 тэрбум, богино хугацаат зээлийн үлдэгдэл 7.6 тэрбум, хүүгийн өглөг 4.5 тэрбум, урт хугацаат зээлийн үлдэгдэл 24.6 тэрбум төгрөг байна. Эдгээрээс үзэхэд зээлийн эргэн төлөлтөд эрсдэл учирч болзошгүй байсан.
2016 оны жилийн эцсийн тайлангаас үзэхэд 16.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 13.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.
2017 оны II улирлын байдлаар 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 921 сая төгрөгийн алдагдалтай ажилласан. Гүйцэтгэлээс үзэхэд компанийн борлуулалт өмнөх оныхоос муудсан.
Монголбанкны Зээлийн мэдээллийн сангаас лавлагаа авахад 1.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн, 5.1 тэрбум болон 150 мянган ам.долларын хувийн зээлийн үлдэгдэлтэй, эдгээр зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар Хас банкнаас авсан байсан гэжээ.
Сануулахад, НБЦ компани нь Хөгжлийн банкнаас 21 сая ам.долларын зээл авсан байдаг юм.
НБЦ компанийн захирал Ц.Баатарбилэг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ талаар “Бид Германы шувууны фермийн тоног төхөөрөмж оруулж ирэхээр арилжааны банкуудад хандан зээл авах гэсэн боловч чадаагүй. Германы Хөгжлийн банканд хандаж, зээл авах болсон юм. Гэвч тус банк анх олгохоор шийдсэн зээлийг бууруулсан. 25 сая биш 11 сая ам.доллар болгон бууруулсан. 2013 онд манай улсад санхүүгийн хямрал болж, ам.доллар нэг өдөрт 1300-аас 1800 төгрөг болж өсч байсан. Манай төсөл гурван үе шаттай байв.
Санхүүгийн хямралын нөлөө, ам.долларын ханшийн зөрүү, цар тахал сөргөөр нөлөөлсөн. Иймд анх төлөвлөсөн хугацаанаас хоёр жилийн дараа дэгдээхийн байр, өндөглөгчийн байр ашиглалтад орсон. Бид үйл ажиллагаагаа огт зогсоогоогүй, үнээ нэмээгүй. Орон нутагт 500 ажлын байр бий болгов. Жил бүр улсад 10 тэрбум төгрөгийн татвар төлдөг, манай улсад борлуулдаг 1 сая ширхэг өндөгний талыг манай ажилчид үйлдвэрлэж байна. Хөгжлийн банкнаас авсан зээл бидэнд маш их тус болсон.
Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд найдаагүй. Төслийн эхний үе шат хэрэгжсэн, үндэсний бүтээн байгуулалт байсан тул бид Хөгжлийн банканд хандсан. Зээлийг 100 хувь зориулалтаар нь зарцуулсан. Тухайн үед нэг ам.доллар 2140 төгрөг байсан. Сингапурын хөрөнгө оруулалтын сангаас 40 сая ам.долларын зээл авах болон. Гуравдугаар сард энэ зээлийг авна. Манай компани ХК болохоор Солонгосын компаниар үнэлгээ хийлгэхэд 70 сая ам.доллараар үнэлсэн. Энэ оны сүүлээр төсөл бүрэн дуусаж, Монгол Улс өндгөө 100 хувь дотоодоос хангадаг болно” гэж мэдэгдэж байв.
Г.ХОРОЛ