Б.Энхбаяр: Хэвлэлийнхэнд хандаж улс төрийн өрсөлдөгчөө намнадаг зах зээлийн ханш 10 дахин өссөн байна лээ

336246-31102025-1761901560-1370014683-2

УИХ-ын өнөөдрийн /2025.10.31/ нэгдсэн чуулганаар Засгийн газраас 2026-2030 онд Монгол Улсыг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.



УИХ-ын гишүүн Б.Уянга, Сүүлийн өдрүүдэд бид Монгол Улсын Үндсэн хууль хөрсөн дээрээ хэр зэрэг хэрэгжиж байгааг тал талаас нь ярилцлаа. Үндсэн хуулиар монгол хүний нэр төр хамгаалагдсан байдаг.

Үндсэн хуулийн 17-р зүйлд хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, ёсчлон биелүүлнэ гэж заасан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан энэ танхимд сууж байгаа бидний нэр төр, үр хүүхэд, хань ижил садан төрлийг янз бүрийн нэг хоч өгч, нэр төрд бүдүүлгээр халддаг байдал нэгэнт тогтжээ. Ерөнхий сайд болон улс төрч хүний хувиар тань асуухад энэ шударга явдал уу?

Засгийн газрын 2024 оны 218-р тогтоолоор ЗГ-ын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөнд “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт, хараат бус, бие даасан байдлыг хангах, тэдгээрийн репакцыг эздийн нөлөөллөөс гаргах, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэргэжлээр ажиллах эрх зүйн орчин бүрдүүлнэ” гэж заасан. Энэ хүрээнд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хэмжээний 2-р хөтөлбөрийг боловсруулна. Энэ ажлын явц ямар байна вэ?

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг ХЗДХЯ ХЭҮК-той хамтран боловсруулж, УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Хүний эрхийг хангах ажлын хэсэг санаачлан УИХ-д өргөн мэдүүлнэ. Ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал ахалж, ойрын үед УИХ-д өргөн барих байх.

Хүний нэр төрд хамгийн их халдаж байгаа нь улс төрийн нам, улстөрчид байдаг. Хэвлэлийн салбарт захиалгаар улс төрийн өрсөлдөгчөө намнадаг зах зээлийн ханш 10 дахин өссөн байна лээ. Энэ ханш яагаад нэмэгдэв? гэхээр нүүрсний хулгайчид асар их мөнгөтэй болсон байна.

Би зөвхөн өөртөө тулгарсан зүйлийг хэлэхэд, намайг нэг сарын турш харлуулахад тэрбум төгрөгийн зардал гаргаж санхүүжүүлсэн байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуульд монгол хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангасан байдаг. Гэвч энэхүү эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй. Тиймээс О.Алтангэрэл сайд байхдаа хүн гүтгэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох зохицуулалттай төсөл өргөн барьсан, УИХ-аар хэлэлцэгдэх байх.

Улстөрчид олон түмний хараанд байдаг учир шүүмжлэлд байнга өртдөг. Би есөн шидээр гүтгүүлж, доромжлуулж байсан ч цагдаад нэг ч удаа хандаж байсангүй. Хууль эрх зүйн орчин нь ийм учир.

Ил тод, иргэн илүү мэдээлэлтэй байх нь эрүүл нийгэм гэж үзнэ. Харин хүнийг илт гүтгэн доромжилсон бол хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй гэв.

About Author