“Арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл ҮСХ-ноос иргэд рүү холбогдож, тооллогын мэдээллийг нягталж асууна”
“Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд дараах мэдээллийг хүргэлээ.
Аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны өдрүүдэд 70151212 дугаараас тодруулах шаардлагатай гэж тодорхойлогдсон ард иргэд рүү Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ны операторууд холбогдоно.
Тэд таны мэдээллийг нягтлан асууж, тооллогын мэдээллийг бүрдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Ард иргэд маань төвөгшөөлгүй тооллоготой холбоотой мэдээллээ өгөх шаардлагатай байгаа.
Тооллогын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн болгон өөрсдийн болон өрх, гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд хариулж тооллогод хамрагдах чиг үүрэгтэйг тэрбээр хэллээ.
Мөн тэрбээр хэлэхдээ “Өмнө нь айл өрхүүдийн хаалгыг тогшоод хүн ам, орон сууцны тооллогын зорилгоор холбогдох үзүүлэлт мэдээллийг цуглуулдаг байсан.
Үүнийг бусад улс орнууд ч зохион байгуулж, тооллогынхоо тоон мэдээлэл болон өрх хүн амынхаа тоог гаргадаг.
Зөвхөн өрх, хүн ам тоолоод зогсохгүй хүн амтай холбоотой нийгэм, эдийн засгийн нэлээд дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийг цуглуулсан цогц судалгаа гэж ойлгох ёстой.
Энэ судалгаагаар Монгол Улс өрх, хүн амынхаа тоог тодорхойлохоос гадна хүн амын нийгэм, эдийн засгийн байдлыг оновчтой тодорхойлж, түүнийхээ тусламжтайгаар нөхцөл байдлыг дүгнэх, төлөвлөлт бодлогоо хэрэгжүүлэх суурь тоон мэдээлэл болж хэрэгжиж явдаг.
Төрд байгаа иргэдийн талаарх мэдээллийг цуглуулж хүн ам, орон сууцны тооллогынхоо тоон мэдээллийг бүрдүүлж байгаа. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор 2025 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 260 дугаартай Засгийн газрын тогтоол гарсан байдаг.
Тогтоолын гол агуулга нь төрийн байгууллагууд тооллогын зорилгоор өөрсдийн хариуцаж буй мэдээллүүдийг Үндэсний Статистикийн Хороонд хоёр удаагийн давтамжтайгаар нийлүүлж, тооллогын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах агуулгатай.
Үүнийхээ дагуу тооллогын тоон мэдээллийг бүрдүүлэн ажиллаж байна” гэв.

Үргэлжлүүлэн “Энэ удаагийн тооллогод ҮСХ-ноос гадна нийт төрийн 14 байгууллагын тоон мэдээлэл, мэдээллийн санг ашиглаж тооллогын тоон мэдээллийг бүрдүүлж байгаа.
Нийт мэдээллийн 30 сан, үүнээс төрийн зургаан байгууллага дээр 11 мэдээллийн санг 25 серверээр дамжуулж авах юм.
Найман төрийн байгууллагаас мэдээллийн санг нь шууд татаж авч, тооллогын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж ажиллаж байна.
Тооллогын тодруулгын үйл ажиллагааг аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ны хооронд эхлүүлсэн.
Тоон мэдээллийн чанарыг хангахтай холбоотой асуудлууд гарч байгаа. Тийм учраас ҮСХ-ны зүгээс тооллогын тодруулгын үйл ажиллагааг утсаар холбогдож, үүнд тулгуурлан иргэдийн мэдээллийг бүрэн бүтэн болгох, чанарыг нь хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Бидний төлөвлөгөөгөөр 2025 оны арванхоёрдугаар сард төрийн байгууллагуудын мэдээллийг төрийн Мэдээлэл солилцооны нэгдсэн систем болох Хур системээр дамжуулж тооллогыг бүрдүүлж байгаа юм.
Ингээд тооллогынхоо мэдээллийг боловсруулаад ирэх оны нэгдүгээр улиралд багтаан тооллогын үр дүнг Монгол Улсын Засгийн газарт танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд хэллээ.
