Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

download (7)

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 4-нд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Даусттай уулзлаа. Уулзалтын үеэр тэрбээр Канад Улсыг Монгол Улсын “гуравдагч хөрш”, Хойд Америкийн бүс нутаг дахь чухал түнш хэмээн онцолж, худалдаа, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ аймаг, муж хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг дурдав.
Элчин сайд Стивен Дауст Канадын Гадаад хэргийн сайд А.Анандын мэндчилгээг уламжилж, хоёр орны ардчиллын үнэт зүйлст тулгуурласан түншлэлийг бататган хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм.
Б.Батцэцэг сайд Элчин сайдад амжилт хүсэж, Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

About Author