Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хойд Солонгос, АНУ-ын хэлэлцээр хийх боломжтой төгс байршил бол Улаанбаатар” хэмээн KBS телевизэд ярьжээ
Эх сурвалж: Iseemn
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болох гэж байгаатай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын дарга Ким Жон Ун нар уулзлат, хэлэлцээр хийх асуудал олон улсын анхааралд байна. Тэгвэл Цаазын ялын эсрэг олон улсын комиссын (ICDP) гишүүнээр БНСУ-д айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж аравдугаар сарын 14-нд тус улсын KBS телевизэд ярилцлага өгчээ.
Уг ярилцлагад “Улаанбаатар хот нь Хойд Солонгос, АНУ-ын дээд хэмжээний уулзалт хийхэд хамгийн тохиромжтой газар. Мөн Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ татгалзах магадлалтай байна” гэсэн агуулгатай яриаг өгсөн байна. Мөн өмнө нь 2018 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Хойд Солонгос болон АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах газрыг Улаанбаатар хотоор санал болгож байсан ч уулзалт Сингапур, Вьетнамд болж байжээ.
Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уг ярилцлагадаа, “ Би Хойд болон Өмнөд Солонгост хоёуланд нь айлчилсан азтай хүн. Би Үндэсний Ассамблейн залуу гишүүн, мөн Ерөнхийлөгчийн хувиар Пхеньянд айлчилж байсан. Хэзээ нэгэн цагт Хойд, Өмнөд Солонгос нэгдэнэ гэдэгт би бат итгэдэг. Би 2018 онд Трамп, Ким Жон Уны анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Монголыг уулзалтын байршил болгохыг санал болгосон. Тухайн үед би санаагаа бичиж тэмдэглэсэн бөгөөд одоо ч хүчин төгөлдөр гэдэгт итгэж байна. Ким Ир Сен Монголд хоёр удаа айлчилсан. Хоёр улс урт хугацааны дипломат харилцаатай бөгөөд шууд харилцаа холбоогоо хадгалсаар байна. Монгол бол Хойд болон Өмнөд Солонгостой дипломат харилцаатай цөөхөн орны нэг бөгөөд энэ харилцаа 1950-иад онд дипломат харилцаа тогтоосноос хойш үргэлжилж байна. Бид зүгээр л Хойд болон Өмнөд Солонгос, Хойд Солонгос АНУ-ын хоорондын уулзалт, яриа хэлэлцээг хөнгөвчлөхийг хүсэж байна. Тийм ч учраас Улаанбаатар бол төгс байршил байж болох юм” гэжээ. Дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД ДАРЖ уншина уу.
Эх сурвалж: KBS