Ц.ДАВААСҮРЭН: Дарханд арьс ширний үйлдвэр баригдсанаар экспортын орлого 200 сая доллараар нэмэгдэх боломжтой

Засгийн газрын хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж ажиллах талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр түүнээс зарим сэтгүүлч асуулт асууж, хариулт авлаа.
-Дарханд арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудал юу болж байгаа юм бэ?
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Ц.ДАВААСҮРЭН: Хуучин төр, хувийн хэвшлийн төсөл хэрэгжсэн. Ингэхдээ Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг авсан юм билээ. Үндсэндээ Дарханд удаан ашиглахад хүндрэлтэй хэсэг дэд бүтэц хийсэн болоод орхисон. Түүнийгээ 44 тэрбум үзэж үнэлдэг. Үүний хувийн хэвшлийн түншлэлийг хариуцаж байсан захирлыг холбогдох байгууллагаас мөнгө угаасан гэх асуудлаар хорьсон байгаа байх. Энэ асуудлыг үргэлжлүүлнэ гэвэл их төвөгтэй. Энэ асуудлыг хөөцөлдөж цаг алдахын оронд төрийн өмчийн арьс ширний үйлдвэр байгуулах төсөлд ажилласан. Төсөлд Хөдөө аж ахуйн яам ажилласан. Миний хувьд УИХ-аар оруулж, шийдэх чиглэлд нь анхаарч, хамтарч ажилласан. Энэ ажил нэлээд эрчимтэй явж байсан. Сүүлийн үед Эмээлт захад барина гэх зүйл яригдсан. Манай улсад арьс ширний үйлдвэр барина гэх юм уу дотооддоо үйлдвэр барина гэхээр гадна дотны зориуд зохион байгуулалттайгаар саад учруулдаг зүйл байна. Тухайлбал, манай арьс ширний компаниуд. Тэд хямдхан арьс авахыг бодож байгаа. Арьсны үнэ өнөөдөр унаад, арьс хог болсон. Тэгэхээр Дарханд арьс ширний үйлдвэр байгуулагдвал арьс шир үнэд орно. Учир нь, хүйтэн нөхцөлийн арьс ширээр хамгийн удаан эдэлгээтэй хувцас, эдлэлийг хэрэглэж болдог. Арьс ширний үйлдвэр баригдсанаар арьс шир үнэд орно, хөдөөгийн малчид иргэд орлоготой болно. Мөн экспортын орлого 200 сая доллараар нэмэгдэх бүрэн бололцоотой” гэв.