Г.Дамдинням: Шатахууны агуулах, сав барих болон геологи хайгуулын суурь судалгааны зардлыг төсөвт тусгалаа

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Өнөөдөр оройдоо асуудал намжих байх гэж харж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийг хэлэлцэж баталлаа. 2026 оны төсвийн орлогыг 31 их наяд 930,0 тэрбум, төсвийн алдагдлыг 1 их наяд 050,0 тэрбум төгрөг байхаар тогтсон юм. 

Батлагдсан төсөвтэй холбогдуулан АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр 

“Энэ удаагийн төсвийн онцлог нь:

-Төсөвт төрийн байгууллагуудын урсгал болон төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг 10 хувиар бууруулах, харин хэмнэсэн хөрөнгийн хүрээнд багш, эмч нарын цалинг 15–50 хувиар нэмэгдүүлэхээр тусгав.

-Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар өсгөх зохицуулалт орлоо.

-Мөн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, 2026 онд дуусах хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний санхүүжилтийн дүнг бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2027 он болон дараа онуудад шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэй уялдаагүй хөрөнгө оруулалтын зарим төслүүдийг хасах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулахаар тусгалаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт:

-Монгол Улсад олон жил хийгдээгүй газрын тосны бүтээгдэхүүний агуулах, сав барих ажилд 20 тэрбум төгрөг,

-Геологи хайгуулын суурь судалгааны ажилд 45 тэрбум төгрөг зарцуулахаар 2026 оны улсын төсөвт тусгагдлаа. Эдгээр хөрөнгө оруулалт нь манай салбарт чухал дэмжлэг болно гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.

About Author