ИНЕГ-ын зардлаар мөн л дарга нарын хүүхдүүд сурсан уу?
ИНЕГ-аас 2005-2022 оны хугацаанд нийт 28 сая ам.долларыг алба хаагч, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг сургахад зарцуулжээ. Ойролцоогоор 96.6 тэрбум төгрөгийн тэтгэлгийг 370 орчим суралцагчдад олгосон байна. Дунджаар нэг суралцагчид 261 сая төгрөгийн санхүүжилт олгосон гэж тооцож болохоор байгаа юм.
Боловсролын зээлийн сангийн санхүүжилт албан тушаалтан эрх, тэдний хамаарал бүхий хүмүүс рүү чиглэсэн энэ үед ИНЕГ-ын тэтгэлэг нисэхийн салбарт зайлшгүй шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд зарцуулагдсан эсэх нь анхаарал татна.
ИНЕГ-аас тэтгэлэг олгосон жагсаалтыг харахад, ИНЕГ-ын албан тушаалтнууд болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүс суралцсан, суралцаж төгсөөд тухайн мэргэжлээрээ ажилладаггүй зэрэг зөрчлүүд цөөнгүй байна.
Мөн Боловсролын зээлийн сангаас болон ИНЕГ-аас давхар санхүүжилт авсан тохиолдол ч байна.
Тухайлбал, Тэгшжаргалын Амарзаяа. 2015 онд Австралийн Грифитийн Их сургуульд суралцахдаа БЗС-гаас 24 мянган ам.долларын зээл, мөн тус сургуульд суралцахаар ИНЕГ-аас 38 мянган ам.долларын тэтгэлэг авчээ. Нийтдээ 62 мянган ам.доллар буюу 213 сая төгрөгийн санхүүжилт давхардуулан авсан гэсэн үг юм. ИНЕГ-ын дарга асан С.Буяндалайг түүнтэй хамааралтай гэх эх сурвалжийн мэдээлэл бий. С.Буяндалай нь одоогоор ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд ажилладаг байна.
Энэ мэтээр ИНЕГ-аас олгосон санхүүжилт мөн л дарга нарыг чиглэж байна.
Бид мэдээллийг цувралаар хүргэнэ.