МОНПЭН САНААЧИЛГА” ЗАГВАР ТӨСӨЛ ӨВӨРХАНГАЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өвөрхангай аймагт хэрэгжүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд үзүүлэх халдварт бус өвчин/зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлж хэрэгжүүлэх “МОНПЭН санаачилга” төслийн нээлт өнөөдөр /2023-05-25/ Арвайхээрт боллоо.
Тус аймгийн 19 сумын өрх, сумын ЭМТ-д хэрэгжүүлж иргэдийг зүрх судасны өвчнөөс сэргийлэх замаар халдварт бус өвчний нас баралтыг бууруулах зорилготой төслийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж болон аймгийн эрүүл мэндийн байгууллага, сумдын ЭМТ, өрхийн ЭМТ-ийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил зонхилон тохиолдож байгаа зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж улс орон болон хувь хүн, гэр бүлд эдийн засаг, санхүүгийн дарамт үүсгэхээс гадна хүн амын нийт нас баралтын шалтгааны 86 хувийг халдварт бус өвчин эзлэж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг төслийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлов.
Мөн зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт, тандалтыг сайжруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг амжилттай зохион байгуулж, цаашид хэрэгжүүлж ажиллах зөвлөмж гаргасан болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж, ойрын үед Засгийн газарт оруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж буйгаа дуулгалаа.
Манай улсын эрүүл мэндийн салбар иргэдийг өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэг, оношлогоо шинжилгээг улс орон даяар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж өнөөдрийн байдлаар 1.0 сая гаруй хүнийг хамруулаад байгаа юм. Эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс давхардсан тоогоор 600 мянга гаруй өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд нийт өвчлөлийн 37.4 хувь нь хоол боловсруулах тогтолцооны, 14.3 хувь нь амьсгалын тогтолцооны, 13.9 хувь нь зүрх судасны тогтолцооны, 10.1 хувь нь шээс бэлгийн замын тогтолцооны, 7.2 хувь нь дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь урьдчилан сэргийлж болох өвчлөл бөгөөд цаашид иргэдийг өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгааг С.Чинзориг сайд хэлсэн үгэндээ тэмдэглээд “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хэмжээний цогц арга хэмжээг салбар дунд, иргэний оролцоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөн энэ хүрээнд Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулан долоо хоног бүр эрүүл мэндийн боловсрол олгох тусгай нэвтрүүлгийг бэлтгэн явуулж байгаа тухай мэдээллийг өглөө.
Өвөрхангай аймагт өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй “МОНПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
ДЭМБ-ын тусламжтайгаар 2019-2020 онд МОНПЭН загвар төслийг хэрэгжүүлсэн Дархан Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн 16 өрхийн эрүүл мэндийн төвд 100 гаруй сая төгрөгийн 14 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагыг, 2021 онд зургаан аймаг, нэг дүүргийн 132 ӨЭМТ-д 740 гаруй сая төгрөгийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмж, гарын авлагаар эмч, мэргэжилтнүүдийг хангасан байна. Энэхүү загвар төслийн үр дүнд Дархан-Уул аймаг тархины харвалт, нас баралт 1,4 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 2.5 дахин буурсан үзүүлэлт бий. Түүнчлэн 2021-2022 онд хэрэгжиж эхэлсэн зургаан аймаг, нийслэлийн нэг дүүргийн хүн амын дундах тархины харвалтын шинэ тохиолдлын тоо 1.2 дахин, нас баралтын тоо 1.7 дахин, зүрхний шигдээсийн шинэ тохиолдлын тоо 1.1 дахин, нас баралтын тоо 1.2 дахин буурсан байна.
Уг төслийг энэ онд Өвөрхангай, Увс, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Архангай, Дорноговь болон нийслэлийн Багануур, Баянгол дүүрэгт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өвөрхангай аймгийн хувьд 2022 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр хүн амын дундаж наслалт 72.8 байгаа нь улсын дунджаас 0.8 насаар урт хэдий ч 2022 оны байдлаар нийт нас баралтын 253 тохиолдол буюу 49.5 хувь зүрх судас, 145 буюу 28.5 хувь хавдрын тохиолдол байгаа нь нь урьдчилан сэргийлэх, оношилгоо, эмчилгээ, хяналтыг улам сайжруулах хэрэгцээ шаардлага тулгарч буйг харуулж байгаа юм. Мөн тус аймаг 100 000 хүн амд ногдох зүрх судасны өвчний нас баралтаар бусад аймагтай харьцуулахад гуравдугаарт орж байгаа нь халдварт бус өвчний тусламж үйлчилгааг анхан шатанд илүү анхаарч зөв менежмент хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэж байгааг төслийн нээлтийн үеэр ярьж байв.
“МОНПЭН” загвар төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран “МОНПЭН санаачилга” эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд үзүүлэх халдварт бус өвчин/зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц(PEN/HEARTS)-ыг нэвтрүүлж хэрэгжүүлэх аргазүйн сургалтыг зохион байгуулж байна.
Дөрвөн өдөр үргэлжлэх уг сургалтаар Халдварт бус өвчин/зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах талаарх бодлого, авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ЭМЯ-ны НЭМГ-ын ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг, Халдварт бус өвчний хяналт сэргийлэлт, мэдээллийн талаар ДЭМБ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар танилцуулж төслийн үйл ажиллагаа болон иргэдэд амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалтуудыг доктор С.Өнөрсайхан, Г.Цэцэгдарь, Х.Алтайсайхан, С.Гэрэлмаа нарын НЭМҮТ, АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид явуулах юм.