СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОРИНН ПЕРЭРА-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Перэра-г 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Ч.Ундрам хоёр орны соёлын салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж байгааг онцолж, аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн талаар танилцуулав.
Монгол Улсаас хууль бусаар гарсан Тарбазаврын бүтэн болон бусад төрлийн чулуужсан араг яснуудыг буцаан авах асуудал 2013 оноос хойш үргэлжилсэн ба Франц Улсын Лион хотын шүүх эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан. Тус палеонтологийн олдворыг Монгол Улсад ойрын хугацаанд буцаан авчрах чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцов.

