Х.Баттулга Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой “хардав” уу?!

0

Боловсролын сайдаар ажиллаж байсан АН-ын дарга Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангийн асуудалд нэр холбогдсон. Олон нийтийн сүлжээгээр нэлээд жинтэй балбууллаа. Ядаж байхад яр гэдэг шиг намынх нь зарим фракцын зүгээс хотуу үг шидээд уналаа.

Тодруулбал, Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгогдоход, дараа нь даргын суудлаа баталгаажуулахад бодитой дэмжлэг үзүүлж ирсэн Х.Баттулгын фракц нүүр буруулж буйгаа бараг л “албан ёсоор” мэдэгдчихлээ. Х.Баттулгын фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өнгөрсөн пүрэв гаригт цахим сүлжээнд “…Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ. 180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн “мэдэгдэл” хийв.

Энэ нь “…АН-ын дарга Лу.Гантөмөр Солонгост Ц.Элбэгдоржтой уулзаж байгаатай холбоотой” гэх мэдээлэл тарав. Үнэхээр ч маргааш нь “…Солонгост уулзсан” гэгдсэн хоёр эрхэм цахим хуудастаа “…Сөүлд байна” гэсэн мэдээллүүдийг оруулсан байв. Лу.Гантөмөр “…АН-ын дарга Л.Гантөмөр болон ҮБХ-ны гишүүдийн Солонгос дахь айлчлалын онцлог нь УИХ-д хэлэлцэгдэх Сонгуулийн тухай хуулийн хүрээнд Солонгосын СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж байна. Энэхүү уулзалтын хүрээнд Солонгосын сонгуулийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулагддаг, санал тоолох процесс хэрхэн явагддаг, шударга сонгуулийг хэрхэн хийдэг талаар тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос судалж буй юм” гэсэн. Мөн Ц.Элбэгдорж “…Сөүлд өдөр завгүй өнгөрлөө. Европын Холбоо, Испани, Швейцарийн Элчинтэй уулзав. Элэгсэг дотно, ажилч хэрэгч хүмүүс юм. Мөн олон нийт болон парламентын гишүүдтэй ярилцлаа. Хоёр Солонгосын аль нь түрүүлж цаазын ялыг халах юм бол? …Солонгосын Үндэсний Ассамблейн дарга, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд нар нь багтайгаа уулзацгаав. Энэ оронтой ийм сайхан харилцаатай байгаа нь бидний аз юм даа” гэжээ.

Эндээс АН-ын жирийн гишүүд “…Лу.Гантөмөрийн ирээдүй бүрхэг боллоо” гэж таасан. Харин зарим нь “…Х.Баттулга л Лу.Гантөмөрийг Ц.Элбэгдоржтой нийлчихлээ гээд “хардаж” байгаа юм” хэмээн тайлбарлаж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 106 (7091)

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *