Хаалттай мэдээллийг ил болгож нэр дэвшилт, замаа цэвэрлэх хэрэгсэл болгож болохгүй

0

Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС, Тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд төрд байсан олон мэдээллийг ар, араас нь ил болгож байна.

Төрөөс санхүүжилт олгодог эдгээр сангийн бүх зээл, тусламжийг улстөрчид, дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүс авдаг, авсаар ирсэн нь олон нийтэд ил боллоо. Мэдээллүүдийг ил болгож байгаа нь сайн ч албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрөөс олгодог бүхий л хөнгөлөлттэй, зээл тусламж авсан хүмүүст хариуцлага тооцох, эсэх нь тодорхой бус байна. Мөн улстөрч, дарга нар, тэдний хамаарал бүхий хүмүүсийг “угждаг” эдгээр сангуудыг цаашдаа хэрхэхийг ч шийдээгүй өнөөдрийг хүрлээ.

Хөгжлийн банкийг дампууруулах эрсдэлд хүргэсэн хүмүүст ч хариуцлага тооцоогүй байна. Хууль хяналтын байгууллагынхан ч таг чиг болов. Их хурал Хянан шалгах сонсгол хийж, зээл авсан хүмүүсийг нийгэмд жигшүүлснээс өөр дорвитой арга хэмжээ авсангүй. Гэтэл Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй компани бүхэн ганц Хөгжлийн банк бус Монгол Улсыг тэр чигт нь дампууруулах эрсдэлд оруулсан. Тэгсэн ч өнөөдрийг хүртэл хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Дараа нь нүүрсний хулгайг ил болгож, иргэд Төв талбай дээр жагсаж, хоёр Их хурлын гишүүний бүрэх эрхийг түдгэлзүүлсэн. Гэхдээ энэ хүрээд л нийгэм нүүрсний хулгайн хэргийг мартаж, хууль хяналтын байгууллагынхан таг чиг болсон.

Энэ мэтчлэн Засгийн газар цаашдын шийдэлгүй олон мэдээллийг ар, араас нь ил болгож байна. Зорилготойгоор эдгээр мэдээллийг ил болгож байна гэх яриа ч улс төрийн хүрээнд гараад эхэлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны Их хурлын сонгуулийн нэр дэвшилтэд үнэмлэхүй хэмжээний үеийн шинэчлэл хийнэ гэдгээ хэлсэн. Энэ нь олон жил парламентад сонгогдож, дарга хийсэн намын ах нарын дэмжлэгийг авахгүй, таалагдахгүй учраас тэрээр төрд байгаа мэдээллийг ашиглаж, Хөгжлийн банк, нүүрсний хэрэг, санд холбогдсон ах нараа нэр дэвшүүлэхгүй байх зорилготой гэх. Хаалттай байсан, хуудуутай мэдээллийг ил болгож байгаа нь нийтийн эрх ашиг юм. Гэхдээ эдгээр бүх мэдээллийг ил болгож байгаа шигээ хариуцлагын асуудлыг ч давхар хөндөх хэрэгтэй. Харин төрд байсан хаалттай мэдээллийг ил болгож зөвхөн намын нэр дэвшилт, замаа цэвэрлэх хэрэгсэл болгон ашиглаж болохгүй. Тиймээс ил болгож байгаа мэдээллүүдтэйгээ зэрэгцүүлээд хариуцлагыг нэхье. Хариуцлага тооцохгүй, цаашдын шийдэлгүй олон мэдээллийг ар, араас нь ил болгосноор нийгмийн бухимдлыг өрдөхөөс хэтрэхгүй. Их хурлын сонгуулийн нэр дэвшүүлэлт намын дарга, генсек нарын толгой өвтгөх хамгийн том ажил. Гэхдээ жоомоо алах гээд байшигаа шатаав гэдэг шиг залуусаар бүрдүүлсэн өөрсдийн багаа тойрогтой болгох гэж улсаа шатаав Ерөнхий сайдаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *