“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой компанийг хэн удирдах вэ?
Эх сурвалж: Nnews.mn
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээр эрх баригч нам дотор хэний фракц тус компанийг удирдах вэ гэдэг марафон өрнөж эхэллээ.
Тодруулбал, тус албан тушаалд Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалайн нэр сонстож буй.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлыг нээлттэй сонгон шалгаруулахаар болсон. Уг сонгон шалгаруулалтад нийт 18 хүн нэрээ дэвшүүлснээс Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тунаж үлджээ. Хэн, хэн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц гэж тодорхойлж болно.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж эхлэв үү гэж ойлгож болохоор байгаа юм.
Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.12.01/ хуралдах ёстой байсан ч чадсангүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Бүлгийн гишүүд тойрогтоо ажиллаж байгаа” гэх тайлбар хэлсэн бол УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Бат-Эрдэнэ “Хэлэлцэх асуудал байхгүй, дууссан” гэж мэдэгдсэн. Гэвч дээрх талбаруудад итгэх хүн ховор байна.
Харин сүүлийн өдрүүдэд хийсэн томилгоотой холбоотойгоор 68-ын бүлэг дотроо бужигнаж эхэлсэн мэдээлэл бий. Үүнийг ч батлах мэт мэдээллүүд хөвөрч эхэлсэн. Тухайлбал, УИХ-аар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргыг томилсны дараа УИХ дахь МАН-ын бүлгийнхэн албан бусаар хуралджээ. Энэ үеэр “Ардчилсан намынхан эвгүй улс төр хийж байна, энэ янзаар 2027 оны сонгуулиар бид арчуулах нь” гэж ярьсан бол хэт нэг талыг барьсан томилгоо чинь таалагдахгүй байна гэдэг асуудал ч хөндөгджээ.
Төрийн өмчит компаниуд дээр томилгоо хийхээ Засгийн газар өнгөрсөн долоо хоногт ил тод зарласан. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хуулийн хүрээнд ажиллаагүй төрийн өмчит компанийн захирлуудыг өөрчилнө гэж зарласан.
Энэ нь ч угаасаа хоёр хуваагдан хэрүүлтэй байгаа бүлгийн зарим гишүүний хилэнг хөдөлгөсөн болж таарч буй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Аливаа улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдээс төрийн өмчит компаниудаа салгацгаая. Төрийн өмчит компанийг бүлэглэл, фракцын халаасанд явдаг биш иргэдэд өгөөжөө өгдөг байхыг зарчим болгоё. “МИАТ”, “Эрдэнэс Монгол”-оос эхлээд сонгон шалгаруулалт зарлаж хэлсэндээ хүрч авлигаас ангид байх зарчим дээрээ зогсоё. Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэндээ хүрч, ард түмнийхээ итгэлийг алдалгүй мэргэжлийн сонгон шалгаруулалтаа хийцгээе” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.
Харин түүний энэхүү мэдэгдлийг ажил хэрэг болгох эсэхийг харах л үлдэж байна.
“Эрдэнэс Монгол” компани нь уул уурхайн төрийн өмчит компанийг нэгдсэн удирдлагаар хангадаг толгой компани нь гэж тодорхойлж болно. Их ч мөнгө эргэлддэг том компани тул МАН доторх бүлэглэл, фракц хэзээнээс дээрх албан тушаалд анхаарч С.Наранцогтыг хөдөлгөхийг хичээсэн ч чадаагүй. Жилийн өмнөөс л түүнийг өөрчлөх санаархал гаргаж, гадаад улс руу Элчин сайд болгох асуудал ч хөндөгдсөн. Ард нь нэгдүгээр хүн байхад түүнийг хөдөлгөх нь том эрх ашгаараа хохирч мэдэх эрсдэлтэй тул явуулж чадаагүй гэж хэлж болно. Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дууссанаар УИХ-ын дарга Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд С.Наранцогтыг тус газар луу санал болгосноор орны хүнийг томилох шаардлага үүсээд байна.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захиралд нэр нь дэвшээд байгаа Б.Даваадалайгийн хувьд эдийн засагч мэргэжилтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд зөвлөж байгаад УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших болсноор албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Гэвч сонгуульд ялагдсан. Улмаар Г.Занданшатар Ерөнхий сайд болсны дараа ахлах зөвлөх нь болсон юм.
Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр нь тунаж үлдсэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн хувьд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. “Прогноз” төвд эрдэм шинжилгээний ажилтан, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн захирал, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, “Автобус-3” компанийн захирал, “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захирлын зөвлөх, 2020 оноос Сонгуулийн ерөнхий хорооны даргаар томилогдон ажиллаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тэднийг захирлаар томилох магадлал өндөр байна.