Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол
Эх сурвалж: Zarig.mn
Сарын дараа үйл ажиллагаа нь эхлэх учиртай “Гэр бүлийн дагнасан шүүх” бүх талаараа бэлэн бус байна
2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулах хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэх учиртай. Гэвч “Гэр бүлийн дагнасан шүүх” бүх талаараа бэлэн бус байгаа талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Сайн байна уу? Удахгүй нийгэмд хүлээлт үүсгээд буй Гэр бүлийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхлэх гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь хувийн эрх зүйн харилцааны нэг боловч арилжааны шинжтэй бусад хувийн эрх зүйн харилцаанаас ялгагдах онцлогт тохирсон гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалттай байхыг шаарддаг. Гэтэл бие даасан шүүх маань үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэглэх Гэр бүлийн процессын хуульгүй байгаа нь ямар хууль, хэм хэмжээг удирдлага болгох нь эргэлзээтэй, тодорхой бус байна.
Шүүхээс гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журам боловсронгуй бус байгаагийн үр дагавар өндөр байхын зэрэгцээ хууль зүйн зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай олон асуудлууд байсаар л байна. Тухайлбал: Гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоох, хүүхэдтэй уулзах уулзалт тогтоох асуудлыг нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран заавал шийдэх зохицуулалт байхгүй. Мөн шүүхийн практикт эдгээр асуудлыг гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй заавал хамтад нь шийдвэрлээд байдаггүй. Мөн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангах, гэр бүлийг хамгаалах зорилгын үүднээс шүүхийн шатанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах, эвлэрүүлэн зуучлалаар заавал орох шаардлагагүй тохиолдлыг бий болгох, шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах зэрэг зохицуулалт үгүйлэгдэж байна.
Яг зөв. Сүүлийн үед нэгэнт гэр бүлийн хүчирхийллээс үүдэн гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан байхад эвлэрлийн хугацаа өгснөөс болж харамсалтай үйл явдлууд тохиолдсоор байгаад иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Жишээлбэл саяхан та энэ төрлийн хэргийн хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан байх аа.
Үүнийг л хэлээд байгаа юм. Ямар тохиолдолд эвлэрүүлэн зуучлах уу, шууд хүсэлтийг хангах уу гэдгийг маш нарийн хуулиар зохицуулах шаардлага зайлшгүй байна. Бидний нийтлэг нэг алдаа нь өнгөрсөн хойно нь хашгирдаг явдал. Хамгийн хэцүү нь гэр бүлийн харилцааны хамгийн том хохирогч нь хүүхдүүд. Тэднийг өнөөдөр төр хамгаалах учиртай ч ээж, аавгүй нэг л өдөр өнчрөөд хоцорч байгаа хүүхдүүдийг хэн хэрхэн хамгаалах нь маш учир дутагдалтай байна. Тэр бүр араас нь хөөцөлдөөд явдаг хүмүүс хэр билээ бодох л асуудал.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хангах зарчмыг хэрэгжүүлэх арга зам дутмаг байдаг. Тухайлбал, Гэр бүлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхэд диспозитив зарчим хэрэгжихээс гадна шүүгч нотлох зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай ч энэ талаар ИХШХШтХ-д байдаггүй. Шаардлагатай тохиолдолд шүүгч гэр бүлийн нөхцөл байдлыг шинжлэн судлуулах, байгууллага, хувь хүнээс лавлагаа, тодорхойлолт гаргуулах, ажиллагааг өөрийн санаачилгаар хүүхдийн тусын тулд зарим ажиллагааг хийдэг байх хэрэгцээ шаардлага их байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Энэ зохицуулалтын хүрээнд Гэр бүлийн дагнасан шүүхийг байгуулсан шиг байгуулах хэрэгтэй. Гэтэл хэдхэн хоногийн дараа үйл ажиллагаа нь эхлэх ёстой шүүх маань өөрийн гэсэн байр байхгүй, төлөвлөсөн байрыг засаж, тохижуулахад төсөвлөсөн төсөв зардлыг оны төгсгөлд хураачихсан зэрэг хачин жигтэй, хариуцлага мэдээ мэдээлэл чих дэлсэж байгаа нь онцгой анхаарал татаж байна.
Өнөөдрийг хүртэл бүх бэлтгэл байдал хангагдах хугацаа хангалттай байсан баймаар юм. Эрх биш тус шүүхийн шүүгчид гэр бүл, хүүхдийн эрхийн талаар туршлагатай хүмүүс очиж байгаа гэж найдая.
Гэр бүлийн оршин байх асуудал хийгээд гэр бүлийн гишүүдийн хувь заяаг шийдэж байгаа шүүгчид ямар хүмүүс байх вэ гэдгийг хүртэл урьдаас бодож тооцоолох ёстой. Ажил мэргэжил, амьдралын арвин туршлагатай, өөрөө гэр бүл зохиож, хариуцлага үүрч ирсэн, хувь хүнийхээ хувьд үлгэр жишээ ёс суртахуунтай хүн бусдын гэр бүлийн асуудлыг дэнслэх учиртай. Гэтэл амьдрал үзээгүй, гал халуун насандаа жаалж яваа залуус ард иргэдийн ахуй амьдрал, гэр бүл дэх жаргал зовлон, балчир үрсийн нус нулимстай амьдралыг өнгөтөөр харж, олон талаас нь тунгаан шүүх чадвар хир байх бол. Амьдрал таниагүй залуус ард иргэдийн амьдралыг бодитой дэнслэх нь юу л бол. Олон талаас нь бодох асуудал. Энэ мэт боловсон хүчний бодлогын асуудлыг бүр хэдий нь орхигдуулсан бололтой.
Тун харамсалтай. Сонгон шалгаруулалт явуулдаг биз дээ.
Гэр бүлийн дагнасан шүүх байгуулагдах сургаар олон хуульчид тус шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бэлтгэж 140 гаруй хуульч бүртгүүлжээ гэсээр шүүгчийн сонгон шалгаруулалт сүр дуулиантай эхэлсэн. Нилээд хэд хоног үргэлжилсэн шалгалтын дүн гарч Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээллийн суваг дээр нийтлэгдснээс харахад өнөөх 141 хуульчдаас ердөө гуравхан хуульч тэнцсэн байгаа юм. Тэдгээр нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Танхимын Тэргүүн зэрэг шүүхийн салбарын өндөр дээд албан тушаалтнуудын хамаарал бүхий өөрөөр хэлбэл туслахуудаас өөр иргэн тэнцээгүй нь маш хачирхалтай.
Гэр бүл, хүүхдийн хувь заяа, хууль ёсны эрх ашгийг дэнслэх дагнасан шүүх, шүүгчдийн сонгон шалгаруулалт иймэрхүү өнгө төрхтэйгээр эхэлж байгаад эгэл жирийн хуульчийн хувьд үнэнхүү сэтгэл эмзэглэж байна даа. Юуг нь нуух вэ бодит байдал ийм л байна.
Цаг гарган ярилцсан танд маш их баярлалаа. Ямар ч байсан олон мянган гэр бүлийн хувь заяаг дэнслэх учиртай чухал алба эрх биш алдаа дутагдлаа анхаарч харах байх гэж найдаж байна.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхдийн дээд эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хууль, шүүхээр хамгаалдаг байх ёстой талаар тусгасан байдаг. Гэтэл хүүхдийн дээд эрх ашгийг шийдэх гэж байгаа шүүгчдийн гараа нэг иймэрхүү байдалтай байна. Энэ асуудлын хүрээнд Улсын дээд шүүхээс бусад шүүхээс шүүгчдийг сэлгэн ажиллуулах хэлбэрээр асуудлыг шийдэх гарц гаргалгаа байгаа талаар мэдэгдсэн байгаа нь бүр их анхаарал татаад буй. Хэрэв тийм боломжтой байсан юм бол дахин шүүгчдийн орон тоо гаргаж, төсөвт суулгах хэрэг байсан юм уу.
Нөгөөтэйгүүр мэргэшсэн шүүх байгуулах төрийн зорилт тавин ажиллаж байхад заавал ийнхүү хавчуурга, дайвар байдлаар асуудалд хандах нь хир зохимжтой зүйл вэ. Түүнчлэн анхан шатны шүүгч нар өөрсдөө өндөр ачаалалтай байдаг. Тэдний ажил дээр ийнхүү ачаалал нэмэх нь эргээд олон сөрөг үр дагаврыг бий болгоно гэдгийг онцгой анхаарах шаардлагатай.
Гэр бүлийн дагнасан шүүх маань өөрийн гэсэн орон байргүй, олигтой боловсон хүчний нөөц бүрдүүлэлт байхгүй, гэр бүлийн маргааны процесс ажиллагааг шийдэх бие даасан хууль журам зэргийг боловсронгуй болгоогүй байгаа зэрэг өнөөгийн бодит нөхцөл байдал нь Мордохын Хазгай гээч болох вий дээ. Дагнасан шүүхэд итгэл найдвар тээн хүлээж байгаа олон зуун иргэн байгаа гэдгийг энэ салбарын ноён оргилууд онцгой анхаараасай гэдгийг л дахин дахин онцолж хэлмээр байна.