МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томилжээ
МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт хуралдаж, Т.Тэлмэнг Гүйцэтгэх захирлаар томилжээ.
Өмнөх захирал Б.Мөнхтамир ажлаас гарах хүсэлтээ сар гаруйн өмнө өгсөн гэж өөрөө мэдэгдсэн бол Засгийн газраас 9.6 их наядын алдагдалтай ажилласан тул хариуцлага тооцож байгаа гэсэн мэдээлэл гарсан. Ямартаа ч Б.Мөнхтамир захирлыг чөлөөлж, түүний оронд Т.Тэлмэнг томилжээ.
Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан аж. Мөн тэрээр Ховд аймгийн гаралтай бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байснаас гадна сайдын зөвлөхөөр нь ажиллаж байжээ.
Ажлын туршлага
2025 оноос- Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
2019 оноос- “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
2018-2021- Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар төслийн зөвлөх
2016-2017- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
2016-2020- Санхүү эдийн засгийн их сургууль, Санхүүгийн удирдлагын тэнхимийн мэргэжлийн зөвлөлийн гишүүн
2014-2016-“Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
2013-2014-“Монголын Алт” корпораци, Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал
2010-2013-“Монгол Даатгал” ХХК, Даатгал эрхэлсэн дэд захирал
Мөн тэрээр АНУ, Миссури мужийн их сургууль, Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан бөгөөд ингэхдээ БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг бөгөөд зээлээ төлөөгүй чөлөөлөгдсөн байгаа юм. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Энх-Амгалангийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний А/83 дугаартай тушаалаар 32 мянган ам.долларын зээлээс чөлөөлөгдсөн байгаа юм.