AIGroup болон ChainUp компани Монгол Улсын дижитал хөрөнгийн дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монгол Улсын дижитал эдийн засгийг хөгжүүлэх, санхүүгийн инновацын аюулгүй, зохицуулалттай орчныг төлөвшүүлэх зорилтын хүрээнд AIGroup групп болон Сингапур Улсад төвтэй блокчэйн, дижитал хөрөнгийн дэд бүтэц хөгжүүлэгч технологийн тэргүүлэгч компани ChainUp Pte. Ltd. нар Хамтын ажиллагааны санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурлаа.
Тус хамтын ажиллагаа нь Монгол Улсад дараагийн үеийн институцийн түвшний дижитал хөрөнгийн дэд бүтэц бүрдүүлэх, дижитал эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын жишигт нийцсэн технологи, зохицуулалттай экосистемийг төлөвшүүлэхэд чиглэж байна.
ChainUp компани нь AIGroup-ийн харьяа виртуал хөрөнгийн бирж болох idax платформын технологийн хамтрагчаар сүүлийн дөрвөн жилийн турш амжилттай ажилласан туршлагатай бөгөөд энэхүү санамж бичгээр хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцов:
Институцийн түвшний дижитал хөрөнгийн дэд бүтцийн платформ хөгжүүлэх
Тодорхой төрлийн хөрөнгийг токенжуулах дэвшилтэт технологийн шийдлүүд нэвтрүүлэх
Монгол Улсын хууль эрх зүй, зохицуулалтын орчинд бүрэн нийцсэн инновацын хүрээ тогтоох
Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын журам, стандартад бүрэн нийцүүлэн хэрэгжих бөгөөд хариуцлагатай инновац, ил тод засаглал, аюулгүй байдлын дээд түвшний зарчимд тулгуурлана.
Уг хамтын ажиллагааны талаар AIGroup группийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг:
“Энэхүү санамж бичиг нь бидний ChainUp компанитай тогтоосон урт хугацааны түншлэлийг улам бататгахын зэрэгцээ Монгол Улсын дижитал хөгжилд чиглэсэн төрийн бодлогыг дэмжих бодит алхам болж байна. Бид аюулгүй, зохицуулалттай, тогтвортой дэд бүтцийг үе шаттай хөгжүүлж, үндэсний хэмжээний экосистем бүрдүүлэхэд төвлөрөн ажиллана.”
ChainUp компанийн Үйл Ажиллагаа Хариуцсан Захирал Чүн Хо (Chung Ho):
“AIGroup-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна. Манай компанийн дэд бүтцийн цогц шийдлүүд нь олон улсын зохицуулалтын шилдэг туршлага дээр суурилсан бөгөөд Монгол Улсын дижитал эдийн засгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.”
AIGroup нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, технологи, дижитал үйлчилгээ, инновацын чиглэлээр олон салбарыг хамарсан үндэсний хэмжээний групп компани бөгөөд медиа, программ хангамж, блокчэйн технологи, дижитал хөрөнгийн үйлчилгээ, олборлолтын технологи, ухаалаг хотын интеграцын шийдлүүдийг хэрэгжүүлж байна. Тус групп нь Монгол Улсын дижитал эдийн засгийг төлөвшүүлэх, үндэсний дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.
ChainUp нь 2017 онд үүсгэн байгуулагдсан, Сингапур Улсад төвтэй олон улсын дижитал хөрөнгийн дэд бүтцийн технологийн компани бөгөөд банк, санхүүгийн байгууллагууд, Web3 экосистемүүд болон дэд бүтцийн операторуудад зориулсан:
Дижитал хөрөнгийн платформууд
Дижитал хөрөнгийн удирдлагын систем
MPC кастоди технологи
KYT / комплаенс мониторингийн шийдлүүд
Токенжуулалтын платформ
Блокчэйн дэд бүтцийн API шийдлүүд зэрэг технологийн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад амжилттай нийлүүлж байна.