Ж.Золжаргал: Утаа гаргадаг түлшинд зарцуулсан, зарцуулах хэдэн их наядаа дулаан байшинд, орон сууцанд, дулааны цахилгаан станцад зарцуул

download (34)

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал утаа, хагас коксон түлштэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Утааг түлшээр ялахгүй. Хагас коксон түлш ч асуудалтай. Түлшээр хэт их мөнгө зарцуулж бага зэрэг бууруулна. Улсын их мөнгө зарахаа больж стандарт тавьж өгөөд орхи. Утаа гаргадаг түлшинд зарцуулсан, зарцуулах их наядуудаа дулаан байшинд, орон сууцанд, дулааны цахилгаан станцад зарцуул!

Доорх ТАЙЛБАР уншихыг хүсье. Манай нүүрсний технологичид, геологичид санал нийлэхгүй бол хэлээрэй. Би бодохдоо элементар, маргах аргагүй илэрхий зүйл гэж бодох юм:

Нэг. Байгалийн утаа багатай нүүрс – АНТРАЦИТ гэж бий. Тийм нүүрсгүй газар энгийн нүүрсийг халааж тортогийг нь ууршуулж “хагас кокс” гэдэг зүйл гаргаж авдаг. Их мөнгө зарж том үйлдвэр барина. Гэхдээ антацит бол байгалийн бэлэн гоё гялгар нүүрс, хагас кокс бол түлэнхий саргар нүүрс.

Хоёр. Монголд антрацит бий. Антрацит руу дөхөх бага дэгдэмхийтэй буюу бага тортогтой нүүрс ч бий. Иймд заавал Хятадаас өндөр үнээр хагас коксон шахмал түлш авч ирж тонн тутамд 1.1 сая төгрөг төлж шатаах хэрэг байхгүй.

Гурав. Монголд коксын үйлдвэрүүд бий. Нэмж баригдана. Тэндээс бүхэл сайн коксоос гадна борлуулалт муутай нунтаг кокс гардаг. Нүүрсэн шахмал дээр нунтаг кокс нэмээд тортог бууруулдаг. Кокс бол 1000С-д жигнэсэн “тортоггүй” зүйл юм. Хагас кокс бол 500С-д жигнэсэн “хагас тортогтой” зүйл.

Дөрөв. Байгалийн бэлэн антрацит байхад хагас кокс хэрэггүй. Коксын нунтаг байхад хагас кокс шаардлагагүй. Гадаадаас авах бүр ч хэрэггүй. Дотоодод Багануурт дахиад нэг хагас кокс-шахмал түлшний үйлдвэр УЛСЫН МӨНГӨӨР барих хэрэггүй.

Тав. Багануурын нүүрсний 37% чийглэг, 44% дэгдэмхий бодис (daf), 17% үнслэгтэй бол 500С жигнэхэд чийг нь ууршаад, дэгдэмхий нь ууршаад, зарим жаахан шатаж хорогдоод анхны нүүрснээс 40% орчим нь л үлдэх байх. Талаас илүү нь байхгүй болчихоор үнсний эзлэх хувь нь нуга нэмэгдэх биз. Ингээд хагас кокс өөрөө дэгдэмхий багатай шатаж өгдөггүйн дээр бараг тал нь үнс болчихоор яах уу? Дүлий түлш болно. Зөв үү? Дутуу шаталт, угаарын хий, зуух таарах таарахгүйн маргаан.

Дүлий түлшийг залруулахын тулд юм нэмнэ. Дахиад бөөн ажил. Бөөн асуудал.

Хагас коксын үйлдвэрээс “нүүрсний тортог” буюу шингэн давирхайг ууршуулж гаргана. Тэр нь хортой, хаях боломжгүй. Том химийн үйлдвэр барьж устөрөгчөөр боловсруулж түлш гаргаж авч болдог. Гэхдээ их заваан, их хүнд. Ингээд бүр нүсэр болно. Ингэж баларч байхаар Багануурын нүүрсийг шууд хийжүүлж шатахуун, хийн түлш үйлдвэрлэх үндсэн төслөө харин хувийн хөрөнгө оруулалт татах байдлаар хэрэгжүүлж болно. Элдэв заваан утаа тортоггүй нүүрс химийн үйлдвэр.

Тиймээс, улсын мөнгийг үрэн таран хийж хагас коксын үйлдвэр барихаа эртхэн больвол сайн.

Утааг түлшээр ялахгүй. Түлшээр бага зэрэг бууруулна. Стандарт тавьж өгөөд орхи. Утаа гаргадаг түлшинд зарцуулсан, зарцуулах их наядуудаа дулаан байшинд, орон сууцанд, дулааны цахилгаан станцад зарцуул!

Өглөөний мэнд. Бусдын ажлыг үгүйсгэж, эсэргүүцэх хүсэл алга. Улсын мөнгөөр тоглож болохгүй. Энэ миний хэлэх ёстой үг, хийх ёстой ажил” гэлээ

About Author