Б.Пүрэвдорж: Түр хорооны нээлттэй сонсгол “Рио тинто”-гийн захиалгаар болж байна
Эх сурвалж: Nnews.mn
Оюутолгойн сонсголтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.
Тэрбээр “Анхны хөрөнгө оруулалтын гэрээ бол Лондоны арбитрын шүүх дээр Монголын тал ялагдахаар хийсэн гэрээ. Лондоны арбитрын шүүхийн философи нь Английн нөлөө бүхий компаниудын эрх ашгийг хамгаалдаг учраас тэд хэзээ ч өөрийнхөө компанид сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргахгүй.
Одоо Түр хорооны сонсгол дээр тухайн үеийн төр, засгийн бодлогоос эхлээд ярих, ярихааргүй олон асуудлыг хөндөж байна. Өнөөдрийн сонсголын үг нэг бүрийг бичиж авч байгаа. Тухайн үед эрх барьж, албан тушаал хашиж байсан хүмүүсийн хэлж буй үг, мэдүүлэг бүхэн Лондоны арбитрын шүүх дээр Монголын эсрэг ашиглагдах нотлох баримт болно.
Энэ утгаараа өнөөгийн сонсгол улс төрийн хүчнүүдийн дундын зөрчил, тухайн үеийн албан тушаалтнуудын хоорондын маргаан зэргийг ил гаргаж байгаа нь цаашдын “Оюутолгой”-той холбоотой асуудлуудыг улам хүндрүүлнэ. Эцсийн дүндээ энэ бүх үйл явц Рио Тинтогийн захиалгаар хийгдэж байна гэж бид хардаж байгаа.
Тухайн үеийн төр, засгийн гаргасан шийдвэрүүдийг зарим гэрч мэдэлгүйгээр, зарим нь зориудаар илчилж буй нь Монголын талд сөрөг нотолгоо болох эрсдэлтэй. Мэдээж, иргэдийн мэдэх эрх нээлттэй. Гэвч 49 хувийн асуудлыг хэлэлцэх ёстой атал зарим гэрч Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийг санамсаргүйгээр дэлгэж байна” хэмээв.