Б.Баярсайхан: “Аймаг, сумын ИТХ-ын гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж өөрчлөхийг эсэргүүцэж байна

Б.Баярсайхан Гэр бүлийн хуулийн шинэчлэл нэмэлт өөрчлөлт төдийхнөөс хэтрэхгүй байна

Эх сурвалж: Zuv.mn

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаа талаараа цахим орчиндоо нийтэлжээ. 

Тэрбээр “УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Х.Болормаа, Д.Жаргалсйахан, Ц.Мөнхбат, Д.Энхтуяа нарын гишүүдээс санаачлан боловсруулсан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд туссан:

– “63.1.13.Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн дарга, удирдлагыг хуульд заасны дагуу томилж чөлөөлөх;”

– “38.6.Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж өөрчлөн найруулах саналыг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа аймаг, дүүргийн хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан анхан, дунд шатны төрийн албан хаагчдын төлөөллөөс илэрхийлж байна.

Дэмжихгүй байгаа шалтгаан үндэслэл:

1. Аймаг, дүүргийн хүүхдийн байгууллагын удирдлагыг 2016 оноо өмнө тухай аймаг дүүргийн Засаг дарга томилж чөлөөлдөг хуулийн зохицуулалттай байсан. Энэ үед нам, улс төрийн томилгоо хийх, ах дүү, хамаатан садан гэх мэт өөрийн хамаарал бүхий мэргэжлийн бус хүнийг томилох, улмаар мэргэшсэн төрийн албан хаагчидыг үндэслэлгүй ажлаас халах, хавчин гадуурхах, мэргэжлийн бус үйл ажиллагаа үйлдэл хийхийг шаардах үйлдэл, эс үйлдэл байсаар байсан. Энэ нь Засгийн газар, Яам, Ерөнхий газраас үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр дунд шатанд буюу аймаг, дүүргийн түвшинд хэрэгжихгүй байх, улмаар салбарын үйл ажиллагаа доголдох, иргэдэд төрийн үйлчилгээ тэгш хүртээмжтэй хүрэхгүй байх, намын гишүүнчлэлээр үйлчилгээ үзүүлэх, авилга, ашиг сонирхолын зөрчил үүсэх хүндрэлүүд үүсдэг байсан.

2. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдан хэрэгжиж байсан
“Хүүхэд хамгааллын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт ”Аймаг, нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, дүүргийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан газар, хэлтсийн даргыг тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө” гэсэн заалт батлагдаж хэрэгжиж эхэлсэн. Энэхүү заалтын хүрээнд аймаг дүүргийн газар хэлтсийн дарга нараар харьцангүй мэргэжлийн ТАТХ-д нийцүүлэн томилох байдалд эерэг өөрчлөлт гарч байсан ч Засаг даргын зүгээс мэргэжлийн нам, хамаарал бүхий этгээд, намын сонгуульт хүнийг томилох байдал хэвээр байсан нь дээрх хүндрэлүүд үүссээр байсан.

3. Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдаж 2024 оны 9-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахв хэсэгт “Аймаг, нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын даргыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө”, 35.5 дахь хэсэгт “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллагын дарга Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн байгууллагад 4-өөс доошгүй жил, үүнээс хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнаар 2-оос доошгүй жил ажилласан байна” гэсэн заалтууд тус тус орж мөрдөгдөж байна. Энэхүү заалт нь “хүүхдийн байгууллагыг улс төрөөс ангид байлгах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байх” гэсэн иргэд, төрийн бус, олон улсын байгууллага болон нийгмийн захиалгын дагуу хуульд туссан билээ.

Дээрх хуулийн өөрчлөлт нь дараах сөрөг үр дагавртай гэж үзэж байна. Үүнд:

1. Төрөөс үзүүлж буй мэргэжлийн үйлчилгээ тасалдах, улмаар хүний болон хүүхдийн эрх зөрчигдөх, цаашлаад улс орны хөгжилд сөрөг үр дагавар үүсгэх,
2. Салбарын чиг үүрэг орон нутагт хэрэгжихгүй болж, мэргэшсэн хүний нөөцийн дутагдалд орох, иргэдийн төрд итгэх итгэл буурах,
3. Төрийн албаны тухай хуулийн мэрит, шударга байх, тэгш байх зарчмууд алдагдах, улмаар төрийн албаны шинэчлэлээс ухарсан сөрөг үр нөлөөг бий болгох,
4. Мэргэжлийн байгууллагад /эрүүл мэнд, боловсрол, хүүхэд, гэр бүл..г.м/ мэргэжлийн бус хүнийг томилж, төрийн анхан болон дунд шатанд ажиллаж буй олон албан хаагчыг хохироох,
5. Нийгмийн салбарын төрийн байгууллагуудын төсөв нам, улс төрийн үйл ажиллагаанд зарцуулагдах, ашиг сонирхолын зөрчил үүсэх зэрэг эрсдлүүд байна гэж үзэж байна” гэжээ.

About Author