ПРОКУРОР ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР 23 БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 390 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 8 шаардлага хүргүүллээ.
Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 23 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:
– Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн ахлах ангийн сурагч О.Б, Б.Б нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо харилцан зодолдож биедээ гэмтэл учруулсан гэх зөрчлийн хэрэгт холбогдуулан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар тус сургуулийн захиргаанд,
– Дорноговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Хатанбулаг сумын Сулинхээрийн хийлийн цэргийн 0168 дугаар ангийн нийт алба хаагч, ажилтан, хугацаат цэргийн алба хаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар тус ангийн захирагчид,
– Баянхонгор аймгийн прокурорын газраас орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаж олон нийтийн аюулгүй байдал, хүний амьд явах эрх, эрүүл мэндэд халдах тохиолдол тус аймгийн хэмжээнд цөөнгүй гарсантай холбоотойгоор энэ төрлийн зөрчил, гэмт хэргийн талаар иргэд, олон нийтэд таниулах, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах талаар Баянхонгор, Бөмбөгөр, Галуут сумдын Засаг дарга нарт тус тус мэдэгдэл бичиж хүргүүлсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.