Алдах зүйлгүй албан тушаалд томилогдсон тэтгэвэрт гарсан ЭГЧ та яагаад буцаж ирэв?

78b427fa-031b-4e48-aca4-7b511d1d9c58-copy-738x560

Эх сурвалж: Цахимtv

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт сүүлийн нэг сарын хугацаанд өрнөж буй үйл явдал нь эрүүл мэндийн байгууллагын дотоод асуудал төдий бус, төрийн албаны хууль ёс, ёс зүй, хариуцлагын ноцтой сорилт болон хувирч байна.

Цэргийн албаны хугацаагаа гүйцээж, тэтгэмжээ аван бэлтгэл хурандаа цолтойгоор тэтгэвэрт гарсан Т.Нарантуяа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэвч “түр” гэсэн тодотголтой, “алдах зүйлгүй” гэх тодорхойлолт дагалдсан энэхүү томилгоо ердөө нэг сарын дотор хүний хувь заяа, амьдрал ахуйг хөсөрдүүлсэн, байгууллагын тогтвортой байдлыг ганхуулсан шийдвэрүүдийн цуваа болон хувирлаа.

Тэрбээр өмнөх удирдлагын үед томилогдсон гэх тодотголтой үйлчлэгч, эмч, алба хэлтсийн дарга, шилжин ирсэн цэргийн албан хаагч зэрэг 30 орчим хүнийг “бүтэц өөрчлөгдсөн” гэх ерөнхий, тодорхой бус үндэслэлээр нэгэн зэрэг халсан байна. Үүгээр ч зогсохгүй зарим албан хаагчдыг дарамталж, тушаал бууруулан, ажлын орчныг айдас, дарамтаар дүүргэж байгаа нь “бурхангүй газрын буг галзуурна” гэх үг бодит байдал болж хувирсныг илтгэнэ.

Өвлийн хүйтэн, оны эцсийн хүндхэн үед таны үзэгний үзүүр хэдэн арван хүнийг гудамжинд гаргалаа.
Тэд хаачих вэ?
Тэдний гэм юу байсан бэ?

Хэрэв эдгээр албан хаагчид шүүхэд хандаж, хууль зөрчсөн халагдсан нь тогтоогдон эргэн томилогдвол ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг хууль ёсоор хэн хариуцах вэ гэдэг асуулт ч эндээс урган гарч байна.

Харин үүнээс ч илүү ноцтой нь, “эмнэлгийн бүтэц нууц” гэх халхавчаар өөрийн багийг бүрдүүлэх зорилгоор удирдах албан тушаалуудад томилгоо хийсэн асуудал юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.7, 23.9-д заасан заалтуудыг зөрчин Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал А.Туяа, Хүний нөөцийн дарга Д.Эрдэнэдэлгэр, Өдрийн эмчилгээний тасгийн эрхлэгч Очирчимэг нарыг томилж, Авлигатай тэмцэх газраас албан ёсны хариу ирээгүй байхад тамга, тэмдэг, бүрэн эрх олгон ажиллуулж байгаа нь илт хууль зөрчсөн, хүнд даацын асуудал мөн.

Төрийн хууль эдгээр хүмүүст үйлчилдэггүй юм шиг.
Ингэж яаран халаа сэлгээ хийх, албан тушаал булаацалдах ямар ашиг сонирхол энд нуугдаж байна вэ?

Дүн өвлийн хүйтнээр, оны эцэст төрийн тусгай алба хаагчид, энгийн эмч, ажилчдыг олноор нь халж буй энэ үйлдэл нь харьяа агентлаг, байгууллагуудын дунд ч гайхаш төрүүлж, халуун сэдэв болж байна. Цэргийн албаны дүрэм, журам, сахилга бат эдгээр хүмүүст үйлчилдэггүй мэт сэтгэгдэл олон нийтийн дунд улам лавширч байна.

Шударга үнэний дуу хоолой болно хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж гарч ирсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр та энэ бүхнийг мэдэж байгаа юу? Мэдэж байсаар хараад өнгөрч байна уу, эсвэл танд мэдээлэл хүрэхгүй байна уу?

Төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө цаг нартай уралдан, хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хос тангарагтай төрийн жинхэнэ алба хаагчдаар улс төр хийхээ зогсооно уу. Эрүүл мэндийн байгууллага бол халаа сэлгээний туршилтын талбар биш, хүний амь нас, төрийн итгэлцэл тогтсон онцгой орон зай юм.

Шударга ёс эндээс л эхэлдэг.

About Author