Төрийн ордонд “Газпром”-ын “десант” буучихаад байна

7b4d67e28ab0ec998ba35a2ad5d7fa18 (1)

Эх сурвалж: Baabar.mn

-Дайны нөхцөлд шатахуун хайж яваа Г.Дамдиннямыг огцруулах биш, ташуурдаад ажиллуулбал Монгол хожно-


Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад хагас жилийн нүүр үзэж байна. Эмхэлж цэгцэлж ажил нь жигдрэхэд бол хангалттай хугацаа. Гэтэл халаа сэлгээ, томилгоо хийсээр таарлаа. Харин хагас зуун жилийн тулгамдсан асуудлыг шийд гэвэл энэ бол богино хугацаа. Яг ийм салбарт “цоо шинэ” сайд томилоход нь гайхаж шогшрох хүн цөөнгүй байсныг нуух юун. 

Ямартай ч өнгөрсөн зургаахан сарын хугацаанд хамгийн олон ажил амжуулсан, хамгийн “галтай” шийдвэрүүдийг гаргаж, ачааны хүндийг үүрсэн нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням байлаа. Газрын тосны нөөц тун багатай газар нутагт,  “хойд хөрш крантаа хаана” гэх айдас дор оршин байрладаг нь монголчуудын л тавилан. Хомсдлын эсрэг хамгийн хүчтэй “вакцин” нь нөөц бүрдүүлэлт байдаг. Тиймээс шатахууны нөөцийн сав болон нөөц бий болгох хуулийг тэрбээр зүтгүүлээр байгаад батлуулж чадлаа. Мэдээж олон хүн хардаж сэрдсэн, шүүмжилсэн. Гэвч эрхийг нь эдэлж, үүрэг хүлээж байгаагийн хувьд ААН-үүдэд шатахууны сав барих, нөөцөө их хэмжээгээр урьдчилж захиалж бүрдүүлэх эх үүсвэрийг шийдэх нь зөв гэдэгт маш итгэлтэй байсан учраас хуулийн төслөө хамгаалж УИХ-аар батлуулж чадлаа.

Хэдэн тоо дурдъя. Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд 3-6 сарын шатахууны нөөц бүрдүүлэхээр хуульчилсан байдаг. Шатахууны сав барих зориулалттай зээлийг ямар ААН-үүд авах боломжтой вэ гэхээр бүх төрлийн шатахууны импортын тусгай зөвшөөрөлтэй 151 ААН, бөөний худалдаа эрхлэх 173, жижиглэнгийн тусгай зөвшөөрөлтэй 108, цаашилбал энэ төрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэмэгдсээр байгаа юм. Аюулгүй байдлын норм, стандартаа хангасан ААН-үүдэд энэ зээлийг авах эрх бүгдэд нь нээлттэй. Банкныхаа шалгуур үзүүлэлтийг хангаж чадаж байвал тэд зээл авч болно. Мэдээж, шатахууны нөөцийн савны тухай хуулийг баталлаа гээд бид шатахууны хараат байдлаас гарахгүй. 

Хамгийн сайн, бодитой арга зам бол газрын тос боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулах явдал. Гадаад нөхцөл байдлын хувьд ОХУ дайны нөхцөл байдалд буй. Хэдийгээр газрын тосны хангалттай нөөц баялагтай ч дайны нөхцөлд урьдынх шиг түүхий эдээ боловсруулаад экспортлох байтугай дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй манайх шиг дугаарлаад байгааг бид мэдээнээс харж л байна. Ийм цаг үед монгол түншээ шатахуунаар тасалдуулахгүй хангах талаар багагүй хичээл зүтгэл гаргаж, хоёр орны түвшний тэргүүлэх сэдэв байсаар ирлээ. 

Монголын АҮЭБ-ын сайд одоогоор хоёр томоохон уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд татан авалтыг тасралтгүй хийж байна. Яг энэ цаг мөчид ч уулзалт, хэлэлцээр үргэлжилсээр, Төрийн ордонд “Газпром”-ынхны “десант” буучихаад байна. Мөн олон жилийн турш аархал амтагдсан онгоцны түлшний буюу Авиабензиний гэрээг хэрхэн Монгол Улсдаа ээлтэйгээр өөрчлөх талаар маш идэвхтэй ажиллаж өөрсдийн талын томъёоллоо зөвшөөрүүлэхээр маш их хүчин чармайлт гарган ажиллаж байгаа бөгөөд энэ асуудлыг УИХ-аар эцэслэн шийдвэрлүүлнэ. 

Ингээд гадаад хүчин зүйл буюу байнгын түншлэгч, импортлогч ОХУ-ын дайны нөхцөл байдал, дотоодын хүчин зүйл болох уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнэ өсөлттэй байгаа энэ цаг үед компаниуд тасралтгүй идэвхтэй ажиллаж, үүнийг дагаад шатахууны хэрэгцээ өмнөх жилүүдийнхээс өндөр байна. Эдгээр хүндрэлийг сөрж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж одоогоор 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй яваа аж. Үйлдвэр ашиглалтад орсон ч түүхий эдээр дутагдах асуудал хэвээр байх нь ойлгомжтой, тиймээс хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх ажлыг салбарын яам, холбогдох агентлагийн хэмжээнд тасралтгүй хийж байна. 

Он удаан жил ярьж байгаа ч одоо л ахиц дэвшил гарахаар харагдаж буй дараагийн ажил нь дээр дурдсанчлан түүхий эдийн нөөц бүрдүүлэх чухал зорилтын нэгээхэн хэсэг болох “Петро чайна” компанитай хийж буй хэлэлцээр юм. Энэ хэлэлцээрийг эхлүүлсэн нь маш чухал алхам байсан бөгөөд одоогоор амжилттай үргэлжилж буй. Дээрх асуудлуудаар салбарын сайд Г.Дамдинням хууль, эрх зүйн орчинд УИХ-аас дэмжлэг хүснэ гэдгээ чуулганы хуралдаан дээр хэлчихнэ билээ. Учир нь энэ бол зөвхөн Засгийн газрын ажил биш, Монголын төлөөх 35 жил хуримтлагдсан асуудлаа шийдэж буй хэрэг гэдгийг хаана, хаанаа ойлгож байгаа биз ээ. 

Дараагийн гол асуудал буюу оргил шинэ мэдээ гэвэл шатахуун импортлох хоёр дахь эх үүсвэрээ баталгаажуулах ажлыг эрчимжүүлж, БНХАУ-аас энэ сард багтааж 418 вагон АИ-92 шатахуун авахаар болсон тухай цахим мэдээнээс харлаа. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр Евро-6 шатахууныг олон боомтоор, их хэмжээгээр импортлохоор хэлэлцэж тун ахиц дэвшилтэй явж байна. Ирэх сард урд хөршид ажлын айлчлал хийж яв цав тохирох сурагтай. Үнэ өндөр, чанар ч сайтай, бусад улс оронд экспортолдоггүй Хятадын төртэй ийм гэрээ хийнэ гэдэг бол үнэлэхгүй байхын аргагүй үр дүн гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд, Монголын төр өнгөрсөн 35 жил шийдэж, хийж чадаагүй зөвхөн ярьж, гасалж байсан бодлогын алхмуудаас үүдэлтэй хуримтлагдсан бэрхшээлийг өнөөдөр зөвхөн Г.Дамдинням сайд дээр, эсвэл Г.Занданшатарын Засгийн газар дээр “овоолж” улстөржөөд яах билээ?

 Эдийн засгийн хүнд нөхцөлд иймэрхүү ойрын зайн улстөржилт нь зөвхөн улс төрийн хямралыг өдөөж, гадны хөрөнгө оруулагчдад “тогтворгүй байдал”-ыг “санал болгоно” гэсэн үг. Энэ тохиолдолд хохирогч нь зөвхөн Монголын ард түмэн байх болно. Тиймээс асуудлуудыг шийдэж яваа, шийдэхдээ урьд хожид байгаагүй зоримог алхмуудыг ажил хэрэг болгож, хөрөнгө оруулалтад ээлтэй хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр тэврээд гүйж яваа залуу сайдад урам өгч, ташуурдаад байх нь зөв гэж бодож байна. 

About Author