Төрд суусан ҮР
Эх сурвалж: ikon.mn
Манайд төрөөс төрж, түүндээ зэрлэг ургамал болтлоо ялзарсан улстөрчид олонтоо. Хаа нэгтээ ургасан зэрлэгийг үндсээр нь авахгүй бол эргэж ургадаг хор уршигтай. Өнөөгийн систем үндсээр нь авч чадахгүй учраас тэд өөрийгөө төдийгүй үр, үндсээ хүртэл төрд суулгасан хэвээр байна. Үе залгамжлан төр барих нь хаант засаглалд байдаг ч парламентын засаглалтай улсуудад ч ажиглагддаг. Үүнийг улс төрийн династи-н хувь (төрд суусан хүмүүсийн хүүхэд, хамаатан садан нь дахин төрд суух) гэх үзүүлэлтээр хэмждэг.
Ихэвчлэн хөгжиж буй улсуудад энэ үзэгдэл түгээмэл. Жишээ нь, Монголчууд сүүлийн үед аялаад байгаа Филиппин гэх улсад энэ харьцаа 40%-тай байдаг. Мексик 37%-тай. Мэдээж энэ нь улс орны өмнөх засаглал, соёл, уламжлал гээд олон зүйлстэй холбогдох ч ардчилсан системтэй орнуудад эрх мэдлийн төвлөрлийг нэмэх, өрсөлдөөнийг хязгаарлах, ардчиллын чанарыг улам дордуулах хүчин зүйл болдог.
Улс төрийн династийн хувь хэмжээ, улс орнуудаар

Монголд тоогоор илэрхийлсэн судалгаа байхгүй боловч сүүлийн үед ихээр ажиглагдаж байна. Магадгүй цаг нь ч ирсэн байх. Ардчилалд шилжсэнээс хойш эхний УИХ-ын гишүүдийн хүүхдүүд “Дөч хүрсэн эр, дөрөв дарсан ат” болжээ. Тиймдээ ч мерит зарчим байхгүйгээр төрийн өндөр албан тушаалтанд өөрийн үр хүүхэд, танил тал, хамаатан саданг томилох нь эрс нэмэгдлээ.
Монголын улс төрийн династийн жишээ

Зөвхөн УИХ-д сонгогдсон гишүүдээр захын жишээ татахад л ийм. УИХ бус яам, агентлаг, тамгын газар, ТӨК гээд явбал нэлээд урт нэр цуврахаар байна. Цөөхөн хүн амтай байгаа нь нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Гэвч хамаг ойрын хүнээ өөрийн эрх мэдлээ тогтоон барих хэрэгсэл болгон ашиглах нь ямар хор уршигтайг бид одоогийн нийгмийн нөхцөл байдлаас харж болно. Ямар ч луужингүй, зорилтгүй, хаашаа яву буйгаа ч ойлгохгүй байгаа түүхий эд зарж, амь зогоодог жижигхэн ядуу улс.
Эцэст нь, Чингис хаан хүртэл мерит зарчмаар төрт улсаа удирддаг байсныг сануулах хэрэг юун.
Эх Сурвалж: