Олон Улсын Хөдөлмөр засалчид Монголд чуулна

0


Монголын Хөдөлмөр Заслын Холбооны эрдэм шинжилгээний олон улсын анхдугаар чуулган
Сэргээн засах анагаах ухааны салбарт чухал үүрэг бүхий мэргэжилтнүүдийн анхдугаар хурлыг Хөдөлмөр заслын холбооноос зохион байгуулах гэж байна. Чуулганаар Хөдөлмөр заслын өнөөгийн түвшин, хэтийн хөгжлийн төлөв, тусламж үйлчилгээний нөхцөл байдал, цаашид Монгол улсад хөдөлмөр заслыг хөгжүүлэхэд хэрэгжүүлж болох бүтээлч санал санаачлагыг хэлэлцэж, хөдөлмөр заслын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2023.06.03-ны өдөр зохион байгуулагдах болно.
Олон улсын анхдугаар хуралдаанд Япон, Швейцар, Хонконг зэрэг улсаас хөдөлмөр засалчдын холбооны төлөөлөл, их сургуулиудын багш нар уригдан оролцож байгаа бөгөөд Эрдэм шинжилгээний олон улсын хурлын үеэр үнэ төлбөргүй сургалт болох юм. Танин мэдэхүйн хөдөлмөр засал, дээд мөчдийн мэдрэхүй хөдөлгөөний алдагдлын хөдөлмөр засал, туслах технологи, амиотрафик хажуугийн хатууралтай хүмүүсийн нүдний хөдөлгөөний хяналтын хэрэгсэл, тархины саа, мэдрэлийн эмгэгийн үеийн удирдлагат хэрэгслүүдийн тохиргоо, нугасны гэмтэл, түлэнхийн дараах 3D биеийн хэмжээс авах, 3D принтерийн ажиллагаа, маск хэрэгсэл хийх зэрэг олон улсад нэвтрээд байгаа сүүлийн үеийн шинжлэх ухааны эмчилгээний аргазүйг танилцуулна.
2014 оноос монголд хөгжиж буй сэргээн засах шинжлэх ухааны салбарын түүхэн хөгжил, нөхцөл байдал, цаашдын шинэчлэл, эргэлт хийх, тусламж үйлчилгээ үзүүлэх явцад тохиолдсон туршлага, амжилт ололтууд, сорилт бэрхшээлүүд, хөдөлмөр заслын туслмжийн эрэлт хэрэгцээ, сургалтын хөтөлбөр зэрэг олон асуудлуудыг олон улсын эрдэмтэн багш нартай хамт хэлэлцэх тус хурал нь хөдөлмөрөөр дамжуулан амьдралын идэвхи нэмэгдүүлэх, хөдөлмөрт бэлтгэх замаар амьдралын чанарыг сайжруулах зэрэг ач холбогдлыг нийгэмд таниулахад чухал ач холбогдолтой байх юм.
Олон улсын анхдугаар хурлын үеэр эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүдийг эмхэтгэн гаргаж буй “Монголын Хөдөлмөр Заслын Сэтгүүл”-ийн анхдугаар хэвлэлийг танилцуулах болно.
Дэлхийд үүсч хөгжөөд 100 гаруй жил болж буй энэ шинжлэх ухааны ач холбогдлыг үнэлж дүгнэх, нийгэмд таниулах, цаашлаад хүний нөөцийн хэрэгцээг хангаж, үйлчлүүлэгчдэд чанартай амьдралыг бий болгоход туслах салбарын анхдугаар хуралд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хаана: Улаанбаатар хот, Хурал: Танан төвийн хурлын танхим, Хурлын дараах эмнэлзүйн гардан үйлдлийн үзүүлэх сургалт: АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль
Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: The First Mongolian Occupational Therapy International Conference гэсэн нэртэй фэйсбүүк пэйжээс болон Moticinfo2014@gmail.com имэйлээр хүсэлтээ илгээн авна уу?
Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Ерөнхий ивээн тэтгэгч – Натур Мед Сэргээн Засах Төв
Ивээн тэтгэгчид – Рехамед эмнэлэг, Улаанбаатар финекс волейболын баг, Монос хүнс ХХК
Холбоо барих утасны дугаар: 88096196, 89128045, 90064080, 99137837

Зохион байгуулах ажлын хэсэг

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *