Татварын хуульд өөрчлөлт орсноор 2.8 их наяд төгрөг иргэн, ААН-д үлдэнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар дараах мэдээллийг хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.БАТЖАРГАЛ:
-УИХ дээр Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хэлэлцэж, тогтоолын төсөл нь Монголын эрх ашгийг бүрэн хангаж чадах шийдвэрийн төсөл байх ёстой гэсэн саналын дагуу бүлэг дээр өнөөдөр энэ асуудлыг ярьж, төслийг илүү чамбайруулж, Оюутолгойн бүлэг ордын хүрээнд “Онтра”компанийн хоёр тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан заалтынх нь дагуу илүү сайжруулах. Нэмэлт гэрээг зохион байгуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх ёстой гэж үзлээ. Оюутолгой төсөл дээр бидэнд олсон ололт ч бий, алдсан алдаа ч бий, гаргасан алдаагаа давтахгүй байх үүднээс нэмэлт гэрээгээр зохицуулж явах нь зөв юм аа гэдэг байр сууриа гишүүд илэрхийлж, гишүүд илэрхийлж, шийдэл талдаа тусгахыг чиглэл болголоо.
Оюутолгойн том төсөлд хувь нийлүүлэгчээс ашиглаж байгаа зээлийн хүүгийн асуудал нэлээн хэл ам дагуулж байгаа. Үнэхээр Монголын эрх ашигт нийцэхгүй байгаа, тиймээс нийцүүлэх.
Уул уурхайн том төслүүдэд банк санхүүгийн олон улсын байгууллагуудаас олгож байгаа зээлийн хүүгээс ихгүй байх хэмжээнд зохицуулах ёстой юм гэдэг зүйл яригдаж байна.
Дотор нь задалж үзвэл хэд хэдэн асуудал байдаг. Зэсийн үнийн бууралттай холбоотойгоор алдагдалын асуудал яригдаад бидэнд орж ирэх ёстой орлогын хэмжээг бууруулж байгаа асуудал бий. Мөн тодорхой хөрөнгийн бүртгэлийн асуудал байдаг. Эдгээрийг дотор нь задалж, тусгаж гэмээнэ Оюутолгойн төслөөс хүртэх үр өгөөж наашилна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны маргаашийн хуралдаан дээр гишүүд байр сууриа илэрхийлж, тогтоолд санал дүгнэлтээ тусгуулж бүрэн шийдэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Төрийн нийтийн өмчийн тухай, Төрийн өмчит компанийн тухай хууль УИХ-дөмнө нь өргөн баригдаж орж ирсэн, тодорхой хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. энэ хуулиудыг шуурхайлах чиглэл гарлаа.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Бүлгийн хуралд өнөөдөр УИХ-д өргөн барихад бэлэн болж байгаа Татварын багц хуульд орох нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. 2026 оны төсвийн хуулийн төслийг өнгөрсөн есдүгээр сард УИХ-д өргөн барихдаа Татварын багц хуулийн төслийг d.parliament.mn-д байршуулж, иргэд, аж ахуй нэгжээс саналыг нь авсан. Мөн УИХ дахь намын бүлэгт танилцуулсны дараа эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж, төсөлд зарим нэг өөрчлөлт орсон. Энэ ондоо багтааж Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Бид жил гаруйн хугацаанд Татварын багц хуулийн өөрчлөлтийг боловсрууллаа. Бүхий л төлөөллөөс саналыг нь авсан. Энэ удаагийн Татварын багц хуульд оруулах өөрчлөлт дөрөв дэх удаагийнх болно. Мөн 2019 онд Татварын багц хуульд өөрчлөлт орсноос хойш хамгийн ойрын хугацаанд өөрчлөлт орохоор болж байна.
Нийт 30 төрлийн татвар байдаг үүнээс 9-10 татварын барометрт өөрчлөлт орж байна, 20-иод зохицуулалтын шинжтэй өөрчлөлт орж байна. Энүүний үр дүнд 2.8 их наяд төгрөгийн орлогын нөлөө орж ирнэ.
Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний татвар аж ахуй нэгж, иргэд дээр үлдэнэ. Тухайлбал, ХХОАТ нэг их наяд орчим төгрөг чөлөөлөгдөж иргэдийн гар дээр үлдэнэ гэсэн үг. Энэ маань орон нутгийн татварын гол орлого байдаг. Энэ хэмжээгээр чөлөөлөгдөхөөр тэр хэмжээгээр улсын төсвөөс орон нутаг руу татаас өгөх нэмэлт ачаалал ирнэ. 2.8 их наяд төгрөг дотор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ орчихсон явж байгаа.Нэг талдаа ийм хэмжэээгээр орлого буурна. Нөгөө талдаа орон нутагт ийм хэмжээний татаас очно гэхээр төсөвт үзүүлэх нөлөөлөл нь 2.8 их наядаар тогтохгүй 4 их наяд гаруй төгрөгийн тооцоолол тухайн жилүүдийнхээ төсөвт шингэж орно гэсэн үг.
Татварын багц хуульд Татварын ерөнхий хууль, ХХОАТ -ын тухай хууль, НӨАТ -ын тухай хууль, ААНОАТ -ын тухай хуульд өөрчлөлт орно.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ:
-Засгийн газар хувийн хэвшил, иргэддээ эдийн засгийн эрх чөлөө олгох бодлогын өөрчлөлт хийж байгаа. Нэгдүгээрх нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, хоёр дахь нь Татварын багц хуулийн төсөл.
Гурав дахь нь төрийн өмчит компаниудыг цэгцлэх, төрийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах, ТӨК-д даргын цүнх баригч томилогдож, төрийн өмчөөс хулгайлдагийг цэгцлэх чиглэлээр томоохон ажил хийж байна.
2026-2028 онд төрийн өмчийг ил тод өгөөжтэй, хувьчлах худалдах бодлогоо өргөн барьсан, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ.
Монгол Улсад 101 төрийн өмчит аж ахуй нэгж байна. Үүнээс 33 аж ахуй нэгж дээр төрийн өмчийг нээлттэй, ил тод хөрөнгийн биржээр дамжуулж хувьцааг нь олон нийтэд борлуулах, тодорхой өмч хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах, хувьчлах, зарим нэг томоохон компаниудад бүтцийн өөрчлөлт хийж, засаглалыг нь сайжруулах бодлогын арга хэмжээ хийгдэнэ. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит компанид байсан хулгайг таслан зогсоох тал дээр тодорхой ажлууд хийгдсэн. “Эрдэнэт” үйлдвэр дээрх зэсийн баяжмалын гэрээний хулгайг таслан зогсоосон. Бараа бүтээгдэхүүн шахдаг, тендерт ар өврийн хаалга ашиглаж шахаа хийдгийг таслан зогсоосон. Эрдэнэтийн овоолгын хулгайг цэгцэлж дуусаж байна. Ерөнхий сайд шинэ жилээр энэ талаар нээлттэй мэдээлнэ.
“Эрдэнэс Таватнолгой” ХК дээр байсан гэрээг ил болгох, цаашлаад 101 компани дээр байсан мэдээлэл хөрөнгө, томилгоо, худалдан авалт, орлого, зарлаг ыг ил тод болгох ажил хийгдэж байна. Хувийн хэвшлийн оролцоотой, олон улсын сайн засаглал, менежментийн хөрөнгө оруулагчийг оруулж ирэх бодлогоо УИХ-д өргөн барих гэж байна.
101 аж ахуй нэгжээс 33 аж ахуй нэгж бодлого хэрэгжинэ. Зарим компанийн хувьцааг 10-49 хувь хүртэл хувьчлах, зарим компанийн хувьцааг 100 хувь хувьчлах, зарим компанид бүтцийн өөрчлөлт хийнэ.
Оюутолгой тогтоолын төслийг Монголын эрх ашигт чамбайруулах чиглэл өгөв
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.12.22/ ээлжит хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус бүлгийн хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хэлэлцэж, тогтоолын төсөлд УИХ—ын гишүүдийн саналыг нарийн тусгаж, Монголын эрх ашгийг хангах талд илүү сайжруулах чиглэл өгсөн байна.
Хянан шалгах түр хороо 6 хянан шалгагч, 12 шинжээч ажиллуулж, 27 байгууллагаас баримт материал гаргуулж, 17 байгууллагад газар дээрх хяналт шалгалтыг гүйцэтгэж, 92.462 хуудас бүхий нотлох баримтыг цуглуулсан байна. Эдгээр баримтад дүн шинжилгээ хийн 13 удаагийн Түр хорооны хуралдаан, 3 удаагийн нотлох баримт шинжлэн судлах нээлттэй сонсгол хийсний үндсэнд Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулж УИХ-д танилцуулсан байдаг.
Түр хорооны санал, дүгнэлтийг боловсруулах явцад Засгийн газарт хэд хэдэн чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүд үзсэн учраас УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Тогтоолын төсөлд Оюутолгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан тусгасан арга хэмжээнүүдийг Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооны санал дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулж шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ. Дээрх хугацаанд тогтоолоор өгсөн үүргийн явцыг улирал тутам УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллах шаардлагатай гэж үзжээ.